Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Эрхлэгчийн зурвас


УИХ-ын Хаврын чуулганаар 27 хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. Уг нь хуулийн төслийн дараалал 100 хүрээд байсан юм. 100 төслөөс нэн даруй хэлэлцэн батлах шаардлагатай 27-г нь “ сорчлон” үлдээсэн нь энэ ээ. Монгол улсад хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага хэрэгцээг энэхүү олон оронтой тоон үзүүлэлт харуулж буй юм. Нөгөө талаар, “Хэлэлцэх хуулийн төсөлтэй төрийн бодлогоо уялдуулъя” гэсэн хандлага басхүү тоон үзүүлэлттэй зэргэцэн чанарын талаар сануулан, хүчтэй сонсогдох боллоо.

Монгол улсын Парламент гэнэ гэнэ шинэ хуулийн төсөл хэлэлцэн баталдаг сонин зуршилтай болоод байгаа билээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад бараа сураггүй байсан атлаа юу юугүй гэнэт шинэ хуулийн төсөл шурдхийн хэлэлцэгдчихдэг явдал цөөнгүй удаа давтагдсан. Их хурлын гишүүдийн ажлын арга барил зарим үед “Энэ хуулийн төслийг маань чи дэмжвэл тэр хуулийн төсөл дээр чиний талд би кноп дарна шүү” гэсэн тохиролцооны зарчимд шилжиж байх шиг санагддаг. Ийм хандлагыг лообий хэмээн албан ёсжуулан нэрлэж болох авч Парламентын нийт ажлын арга барил өөр зуурын тохиролцооны зарчимд ийн шилжээд байгаа нь батлагдан гарч буй хуулиуд амьдралд хэрэгжих насжилт улам богиносох шалтгаан болсоор байна.

Хэрэгжих шатандаа гацаанд орсон нэг хуулийн эргэн тойронд MMJ цуврал материал бэлтгэн нийтэлж байна. Энэ бол  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох  тухай хууль юм. Эх дэлхийгээ гэсэн халуун сэтгэлтэй хэн хүнд нэр уснаасаа эхлэн таалагдах уг хууль амьдралд хэрэгжих явцдаа байгаль орчныг хамгаалах бус, харин улам аймшигтайгаар сүйтгэх цоорхой тавиад өгөх вий гэсэн болгоомжлол төрөх боллоо. Гар аргаар алт олборлогчдын эгнээ хүрээгээ эрчимтэй тэлж, тэдний очоогүй, самнаагүй онгон газаргүй болж байх шиг. Хөвсгөлийн их тайгад алт хайгчдын арми эдүгээ хэрхэн шоргоолж лугаа язганаж эхэлснийг уншигч Та MMJ-ийн шинэ дугаараас нүдээр харна. Манай дараагийн дугааруудад Хөвсгөлөөс хийсэн гэрэл зургийн шинэ сурвалжлага үргэлжлэн хэвлэгдэх юм. Хуулийн эргэн тойрон дахь мэргэжлийн хүмүүсийн байр суурийг ч бид бас үргэлжлүүлэн нийтэлнэ.

Парламентын хаврын чуулганаар уул уурхайн салбартай холбоотой бодлогын томоохон баримт бичиг хэлэлцэгдэнэ. Тавантолгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар бодлого боловсруулан УИХ-д өргөн барих гэж байна. Түүнчлэн оны эхэнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хэлсэн үг анхаарал татдаг. “Энэ оны хувьд бид уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой байх уу, эсвэл өөрчлөгдөх үү, Ашигт малтмалын хуулиа өөрчлөх үү, байх уу гэдгийг хэлэлцэнэ. Дараагийн нэг асуудал бол уул уурхайг даган хөгжих салбарууд ямар байх юм, тэдгээр салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ, бусад улсын туршлага ямар байна вэ гэдгийг хэлэлцэнэ” гэжээ.

Уул уурхайн салбарын хөгжлийг нийт эдийн засагт эерэг нөлөөлөх зөв хандлага руу хөтлөх нь бодлого боловсруулагчдын энэ оны хувьд шийдвэрлэх хамгийн гол ажил байх юм. Тиймээс ч гадаад орнуудын туршлагыг судлахаар манай Парламент, Засгийн газрын ажлын хэсгүүд уул уурхай хөгжсөн орнууд руу хөлгийн жолоо залсаар байна. Ийм танин мэдэхүйн айлчлалын нэг нь Австралийн эдийн засагт уул уурхайн салбараас үзүүлж буй нөлөөллийг нүдээр харах аяллын баг юм. Уг аяллаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг MMJ-ийн уншигчид дөрөвдүгээр сарын дугаараас маань амтархан унших боломжтой.