Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Геологи хайгуулын ажлын vндсэн ухагдахуун

Аливаа ашигт малтмалын орд нь ямар нэгэн зүй тогтолд хатуу баригддаггүй, хэлбэр хэмжээ, тогтцын хувьд урьдчилан тооцоолохын аргагүй үүссэн байдаг ба тэр хэрээр геологи хайгуулын ажил нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, техник технологи, арга аргачлал шаардсан нарийн төвөгтэй ажил юм. Ашигт малтмалын ордуудыг нээж, олж тогтоосон түүх болгон өөр байдаг. Энэ ажлыг бидний аман хэллэг болсон “өвсөн дотроос зүү олох“ гэдэгтэй зүйрлүүлж болох бөгөөд хайгуулчдад өндөр мэдлэг, нарийн ур чадвараас гадна маш их аз шаарддаг юм. Геологи хайгуулын ажил нь тухайн талбайн геологийн тогтоц болон хайж буй ордын ерөнхий загварт дүйцсэн өөрийн гэсэн арга аргачлалтай боловч ямар ч эрэл хайгуулын ажил үр дүнтэй болоход нөлөөлдөг гол 5-6 хүчин зүйл буюу эрсдэл байдаг гэж үздэг.

•    Геологийн хүчин зүйл. Геологийн судалгааны явцад шинээр эрлийн ямар нэг  нааштай сэжүүр, шинж тэмдэг, эсвэл тодорхой эрдсийн хуримтлал байгаа нь тогтоогдон, тэр нь цааш эрэл хайгуулын төсөл болон үргэлжилдэг. Гэвч дийлэнх төслүүд амжилттай үргэлжлэн ашигт малтмалын орд болж чаддаггүй. Дэлхийн дунджаар аваад үзвэл 1000 эрдэсжсэн цэг буюу илрэлийн дөнгөж 1 нь л идэвхтэй эрэл хайгуулын дүнд орд, уурхай болдог байна. Үүнээс үзэхэд геологи хайгуулын ажил ямар их эрсдэлтэй болох нь тодорхой харагдаж байна.
•    Санхүүжилт. Геологи хайгуулын ажил нь санхүүжилт их шаарддаг мөртлөө шууд утгаараа зардлаа нөхдөггүй, эдийн засгийн хувьд маш өндөр эрсдэлтэй бизнес юм. Канадын судлаач Mackenzie. B.W, Doggett. M.D нарын уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудад болон дэлхийн хэмжээнд эрэл хайгуулын ажилд зарцуулагдаж буй санхүүжилтийн талаар хийсэн хэд хэдэн судалгааны бүтээлүүд байдаг. Тэдний тооцоолсноор Австрали дахь дундаж хэмжээний алтны ордын эрэл хайгуул хийсэн зардал 12.7 сая ам.доллар, никелийн ордод 14.2 сая ам.доллар, зэс-хар тугалга-цайрын ордод 164.2 сая ам.доллар тус тус байдаг байна. Дээр өгүүлсэн геологийн тэр их эрсдэлийг давж гэмээнэ аливаа ордод хайгуул хийхэд хэр хэмжээний зардал гардгийг эндээс харж болох юм.
•    Дэвшилтэт арга аргачлал, техник технологи. Аливаа эрэл хайгуулын ажлын үед геологийн эрсдэлийг давах гол түлхүүр нь нарийн мэргэжлийн боловсон хүчин, орчин үеийн техник хэрэгсэл, арга аргачлал, өндөр зэрэглэлийн лаборатори байдаг. Аль болох дэвшилтэт арга аргачлал болон техник хэрэгслийг геологи хайгуулын ажилд түлхүү хэрэглэснээр үр дүн муутай эрэл хайгуулын төслүүдээс богино хугацаанд бага мөнгө зарж зайлсхийх боломжийг илүүтэй бүрдүүлж өгдөг.
•    Улс төрийн болоод эдийн засгийн таатай байдал. Өнөөдөр ашиглаж буй уурхайнуудад хийсэн судалгаануудыг авч үзэхэд эрэл хайгуулын сайн шалгуур бүхий илрэл анхлан тогтоогдсоноос хойш уг объектыг орд болгон, улмаар ашиглалтад оруулахад дунджаар 7-10 жил шаардагддаг ба тухайн ордыг ашиглах хугацаа нь тус ордын нөөцөөс хамаараад 2-100 жил байдаг байна. Геологи хайгуулын болоод уул уурхайн төслүүд нь ийнхүү урт удаан хугацаанд үргэлжилж, тухайн төсөлд гаргасан зардлаа тодорхой хугацааны дараа нөхдөг тул улс төрийн тогтвортой байдал болоод дэлхийн эдийн засгийн таатай нөлөөллийг сайтар тооцож үзэх шаардлага гардаг байна.
•    Бизнесийн орчин болоод орон нутгийн иргэдийн оролцоо. Аливаа эрэл хайгуулын болон уул уурхайн төсөл нь орон нутгийн иргэдийн оролцоо, харилцан хамтын ажиллагаа, талуудын ашиг сонирхолд нийцэлгүйгээр цааш тогтвортой, үр дүнтэй төсөл болон хэрэгжихэд хүндрэл учирдаг. Хамгийн анхан шатны ерөнхий эрлийн ажлаас эхлээд, хайгуул, олборлолт, орд газрыг ашиглаж дуусаад эцсийн байдлаар хаах хүртэлх бүх шатанд орон нутгийн ард иргэд болон удирдлагуудтай нягт хамтран ажиллахыг шаарддаг. Энэ асуудалд тодорхой анхаарал тавиагүйгээс амжилттай хэрэгжих төслүүд тодорхойгүй хугацаагаар зогсох, улмаар хаагдаж байсан хэд хэдэн түүх байдаг. Иймд энэ асуудал нь эрэл хайгуулын ажилд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм.
•    Байгаль орчны нөлөөлөл. ХХI зууны эрэл хайгуулын ажлын үндсэн зарчмуудын нэг нь тухайн эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх арга аргачлал, зохион байгуулалт, техник технологи хэрэглэх явдал юм. Эрэл хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх ажлыг орхигдуулснаар байгаль орчин, хүн ардад төдийгүй тухайн эрэл хайгуул, уул уурхайн төсөлд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайн эко системд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэхээр байсан тохиолдолд уг эрэл хайгуулын төслийг эртхэн зогсоох нь зүйтэй юм. Иймээс байгаль орчны нөлөөлөл нь эрэл хайгуулын ажлын нэг гол хүчин зүйл болдог.

Английн алдарт эрдэмтэн геологич Richard H. Sillitoe Номхон далайн бүс (хойд болон өмнөд Америкийн баруун хагас, Австрали, Номхон далайн орнууд, зүүн өмнөд болон зүүн хойд Ази) дэх 1970-1995 оны хооронд олж тогтоогдсон алт болон зэсийн 54 ордыг (АНУ-18, Чили-14, Индонези-5, Австрали-4, Папуа Шинэ Гвиней-4, Аргентин-2, болон Боливи, Канад, Доминикан, Япон, Шинэ Зеланд, Перу, Филиппин тус тус 1) нээн илрүүлж, ашиглалтад оруулсан түүхийг судлан үзжээ. Энэ судалгаанд харьцангуй том ордууд хамрагдсан ба дээрх 54 ордыг нээх хүртэл хийгдсэн эрэл хайгуулын ажилд зарцуулагдсан хугацаа болон нээлт хийснээс хойш тухайн ордыг ашиглалтад оруулсан хугацаа зэргийг Оюутолгойн ордтой харьцуулж хүснэгтээр харууллаа.

Уг 54 ордоос 30-аас дээш жил эрэл хайгуул хийгдэж байж сая ордын нээлт хийгдсэн 13 орд байна. Дээрхээс харахад эрэл хайгуулын ажил их хугацаа шаарддаг нь харагдана. Уг судалгаанд хамрагдсан 54 ордын 42-ыг нь үндэстэн дамнасан уул уурхайн томоохон компаниуд нээсэн байхад 12-ыг нь уул уурхайн жижиг, дунд компаниуд нээсэн байна. Тус 54 ордын 40 нь дор хаяж 2-5 компани дамжин эрэл хайгуулын ажил хийгдсэн байдаг. Судалгаанд хамрагдсан ордуудын 69 хувийг хувийн компаниудын хөрөнгөөр бүс нутгийн хэмжээнд хийсэн ерөнхий эрлийн ажлын дүнд анх олж тогтоосон байна.

Дээрх хэд хэдэн хүчин зүйлсийн зөв бүрдэл эрэл хайгуулын ажлыг сая амжилтад хүргэдэг ба гэхдээ зөвхөн 1000-аас 1 нь буюу 0.1-1 хувийн л магадлалтай байдаг байна. Эрэл хайгуулын ажлын амжилтттай байх магадлалын талаар Charles J. Moon нарын 2006 онд хэвлэгдсэн “Introduction to Mineral Exploration“ номонд (481 хуудастай) тодорхой тоо баримтаар тооцож гаргасан байдаг. Монголчууд бид өрөмдсөн болгон Оюутолгой болдоггүй, геологи хайгуулын ажил болгон амжилтад хүрдэггүй, маш их эрсдэлтэй ажил гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. Монголын төр, эрэл-хайгуулын ажлын энэ их эрсдэлийг өөртөө үүрэлгүйгээр аливаа орд, илрэлийг чөлөөтэй эдийн засгийн эргэлтэд орох нөхцөлийг бүрдүүлэх замаар аль болох дотоод, гадаадын хувийн компаниудаар геологи хайгуулын ажил хийлгэж, амжилттай хэрэгжсэн эрэл хайгуулын төслүүдээс татварын зөв бодлогоор дийлэнх ашгийг хүртэх боломжтой. Ихэнх уул уурхай өндөр хөгжсөн орнууд энэ загвараар геологи, уул уурхайн салбараа тэргүүлэх салбар болгож чадсан байдаг.

Эрэл хайгуулын ажлын сүүлийн үеийн чиг хандлага
цахим технологи, хиймэл дагуулын систем, геологийн хэрэглээний программ хангамж, химийн лабораториудын нарийвчлал, геофизикийн тоног төхөөрөмж, харилцаа холбооны технологи сайжрахын хэрээр эрэл хайгуулын ажлын агуулга, чанар, хурд, үр дүн улам бүр дээшилж байна. Сүүлийн 10-аад жилд эрэл хайгуулын салбарт 2 шинэлэг чиг хандлага ажиглагдах боллоо. Нэгдүгээрт, хиймэл дагуулын болон агаарын геофизикийн мэдээлэлд суурилагдсан бүс нутгийн танадан судалгааг чулуулаг бүрдүүлэгч эрдсийн төвшинд (өндөр нарийвчлалтай спектрийн зураглал) хийх боллоо. Хоёрдугаарт, газрын гүн дэх (гадаргууд ямар нэгэн шууд шинж тэмдэг үгүй) ордуудыг олж тогтоох судалгаа хөгжиж эхэлж байна. ХХ зууны төгсгөл гэхэд газрын гадаргууд ил буюу ойр орших дийлэнх эрдсийн хуримтлалыг олж тогтоосон гэж үздэг ба 1980-аад оны дундаас эхлээд илүү гүний объектуудыг (уран, алт гэх мэт) судлах болжээ. Барууны дэвшилтэт технологийн ачаар Монгол оронд тогтоогдсон Хюго Дамметт орд нь (Оюутолгойн ордын хойд хэсэг) дунджаар газрын гадаргаас доош 1000 метрийн гүнд байрладаг юм.


Монголын геологийн салбар

Монголын геологийн салбарын хөгжлийг ерөнхийд нь хоёр үед хуваан авч үзэж болох юм. 1990-ээд оноос өмнөх үеийг нэг багц гэж авч үзвэл энэ хугацаанд Монгол орны нийт нутагт 1:200000-ны масштабтай геологийн зураглал, нутгийн 30 орчим хувийг хамарсан 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, 60 хувийг хамарсан геохимийн сорьцлолтын ажил тус тус хийгдэж, 800 шахам орд (металл, шатах ашигт малтмал болон барилгын материал гэх мэт), 7000 гаруй илрэл, эрдэсжсэн цэг тогтоогдсон байдаг. Энэ хугацаанд ЗХУ болон бусад социалист орнуудын туслалцаатайгаар өнөөдрийн бидний стратегийн гэсэн ангилалд багтаасан ордуудын дийлэнхийг олж тогтоосон юм.

Монгол улс 1990 оноос зах зээлийн системд шилжин, хувийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил хийгдэх эхлэл тавигдаж улмаар 1994, 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хууль батлагдан, гадаад, дотоодын хувийн хөрөнгөөр геологи хайгуулын ажлыг түлхүү хийх боллоо. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн үеийн лаборатори, дэвшилтэт техник технологид суурилагдсан эрэл хайгуулын ажил маш эрчимтэй хийж байгаа ба Монгол орны ашигт малтмалын тодорхой бүс нутгууд болох Хойд болон Өмнөд Хэнтийн алт, Орхон-Сэлэнгийн зэс молебдин, Говь-Тэнгэр уулын алт зэс, Нүхт давааны ховор металл, Дорнод болон Зүүн өмнөд Монголын ураны бүсүүд болон томоохон нүүрсний сав газруудад цогц ерөнхий болон нарийвчилсан эрэл, хайгуулын ажлуудыг хийжээ. Дээрх бүс нутгуудын хэмжээнд цогц байдлаар геологийн зураглал, геохронологи, петрохими, геохимийн төрөл бүрийн сорьцлолт, том талбайг хамарсан геофизикийн ажлууд, зарим хэсэгт структурын өрөмдлөгийн ажил зэргийг маш эрчимтэй хийсэн юм. Энэ үед хийгдсэн нийт эрэл хайгуулын ажлын хэмжээг 90-ээд оноос өмнөх эрэл хайгуулын ажлын хэмжээ, өртөгтэй харьцуулбал өмнөх 60 жилийн хугацаанд хийсэн ажлын бараг тал хувьтай тэнцэх ажлыг хийсэн байдаг. Энэ бүх ажлын мэдээлэл нь цахим хэлбэрээр компани тус бүрт хадгалагдаж, тус тусын дотоод хэрэгцээнд хэрэглэгддэг бөгөөд харамсалтай нь АМГ, түүний Геологийн хэлтэс тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөвхөн нэгтгэгдсэн бичмэл тайлан хэлбэрээр (дутуу дулимаг) авч байсан нь учир дутагдалтай юм. Иймд бид гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай тохиролцон уг мэдээллийг бүгдийг нь цахим хэлбэрээр авч, Монгол орны хэмжээнд 1990-ээд оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хийгдсэн эрэл хайгуулын ажлын цахим мэдээллийг нэгтгэн асар том геологи хайгуулын мэдээллийн бааз бий болгох бүрэн боломжтой. Уг мэдээллийн бааз нь олон нийтэд нээлттэй байж гэмээ нь цаашид ашигт малтмалын орд газрыг нээн илрүүлэхэд нэн тус дөхөмтэй юм. 1990 оноос хойш өнгөрсөн 20 шахам жилийн дотор Оюутолгойн алт-зэс, Гацууртын алт, Дулаан Уулын уран, Баян-Айрагийн (Golden Hill) алт-полиметал, Нарийн Сухайтын нүүрс зэрэг хэд хэдэн томоохон орд  болон  алтны олон жижиг шороон ордыг хувийн хөрөнгөөр нээн илрүүлэгдэж, хайгуул хийгдээд байна.

Дэлхий дээр “ЗХУ-ын“ болон “Барууны“ гэсэн 2 том геологийн “школа“ (сургууль) байдаг ба аль аль нь бие даасан онолын үндэс, сургалт судалгааны хэлбэр, практик арга аргачлалын онцлогтой. Бид ЗХУ-ын сургуулиар геологийн салбараа хөгжүүлж өнөөдрийг хүртэл авч явж байна. Учир нь геологи хайгуулын ажилд өмнө хэрэглэж байсан стандартууд мөрдөгдөж, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлууд өмнөх ЗХУ-ын арга аргачлалаар явагдаж, төсвийн хөрөнгөөр авагдаж буй талбайн бүх сорьцод химийн тоон шинжилгээ бус, спектрийн шинжилгээ хийгдэж байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй 1:50,000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын агуулга, арга аргачлал, техник технологийг орчин үеийн дэлхийн жишигт ойртуулах хэрэгтэй байна.

ЗХУ-ын ангиллаар геологи хайгуулын ажлын үе шатыг ерөнхийд нь доорх байдлаар хувааж үздэг. Үүнд: Геологийн зураглал-ерөнхий геологийн судалгаа, эрлийн ажил, хайгуул. Эрлийн ажлыг дотор нь ерөнхий эрэл, нарийвчилсан эрэл, эрэл үнэлгээ гэж 3 хуваадаг. Хайгуулын ажлыг дотор нь урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул, гүйцээх буюу ашиглалтын хайгуул гэж мөн 3 хувааж үздэг. Харин баруунд ерөнхийд нь эрэл болон хайгуул гэж 2 хувааж авч үздэг боловч эрхзүйн зохицуулалт хийхийн тулд эрэл хайгуулыг хамтатган “хайгуул“ гэж ойлгодог. Өнөөдөр манайд мөрдөгдөж буй Ашигт малтмалын хууль нь илүү барууны хандлагыг барьсан хууль ба  эрлийн ажлын талаар тодорхойлолт байдаг боловч геологи хайгуулын ажлыг нийтэд нь хамтатган “хайгуул“ гэж авч үзсэн нь доорх буруу ойлголт, зөрчилтэй байдлуудыг үүсэгдэг.
•    Бүх шатны геологи хайгуулын ажлыг нэгтгэн “хайгуул“-ын тусгай зөвшөөрөл гэснээс болж нийт өгөгдсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул (өрөмдлөгийн болон уулын малталт зэрэг) хийх гэж байгаа мэт ташаа ойлголт олон нийтэд төрүүлж байна.
•    Эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно гэж хуульчилснаас эрлийн шалгуур, шинж тэмдэг бүхий талбайд чирэгдэл багатайгаар геологийн анхан шатны судалгаа, эрлийн ажил хийх боломжийг хүндрүүлжээ.
•    Хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний сунгалтын хугацааг ямар нэгэн байдлаар эрэл хайгуулын ажлын үе шаттай холбохгүй бол гадаад, дотоодын хувийн хөрөнгөөр хийгдэж буй эрэл хайгуулын ажил зохистой хэлбэрээр явагдаж чадахгүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл буюу “лиценз“ гэхээр монголчуудын дийлэнх нь газраа эзэмшүүллээ, гадаад дотоодын компаниудад өгчихлөө, малын бэлчээр үлдсэнгүй гэх мэт хэт ташаарсан, буруу ойлголттой байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр тухайн газрыг, газар дээр нь болоод доор нь байгаа юуг ч эзэмшдэггүй, өмчилдөггүй, ба энэ нь зөвхөн тухайн олгогдсон талбайд ашигт малтмал эрэх, хайх эрх буюу эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл юм. Монгол улсын хөгжлийг тодорхойлогч уул уурхайн салбарыг араасаа дагуулж явах хамгийн гол салбар бол геологи хайгуулын салбар билээ. Иймээс бид хаа хаанаа эрэл хайгуулын ажлын үндсэн ухагдахууныг зөвөөр ойлгож, геологийн салбараа дэмжих, хөгжүүлэх хэрэгтэй байна. Монголын үе үеийн геологчдодоо энэ дашрамд, Геологийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн мэндийг дэвшүүлье!

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • julie (160.0.225.203)
    привет Предложение кредита между частными и честными в течение 48 часов email mirandacaprinogmailcom email thomasstumplsyahoocom Вам нужен коммерческий кредит или личный кредит Автомобильные кредиты Ипотечное кредитование Я миссис Миранда Каприно счета в частном банке уже ушли на пенсию Сегодня я готов к тому кто нуждается в 3 -ной процентной ставке по сравнению с 48 часами Я очень честный и надежный Свяжитесь со мной сегодня и сообщите мне сколько вы хотите заплатить Мои кредитные соглашения от 2000 до 800 000 евро и т Д Я готов удовлетворить вас в течение 48 часов Банк и другое финансирование от кредитных агентств могут вас отказать но я я буду рад если вы заинтересованы Не стесняйтесь обращаться ко мне по электронной почте mirandacaprinogmailcom или по этому письму thomasstumplsyahoocom
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.120)
    харамсалтай нь УИХ-ын гишүүдэд үүнийг ойлгож байгаа нь дутмаг харин Нинжаанууд эмтлэж цөлмөсөөр орчноо-байгалаа сүйтгэж бна Тэднийг нэг баг болгоод дэмжээд ажиллуулахгүй бол хэсэг бүлэг мөнгтэй хүмүүсийн золиос болж улмаар газар-нутаг чинь золиослогдож байгаа юм бишүү
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Геологич (150.129.142.229)
    2009-06-20 нд бичсэнийг харж байна уу Одоо лиценз өгөөд эхэлээ аж ахуйн нэгж байгуулаад лиценз авах хэрэгтэй тэгээд хөрөнгө оруулагч хай Гадаадынх бол бүр сайн Ийм замаар олон геологичид явсан зарим нь хожсон зарим нь алдсанИнгээд л үзээд байх хэрэгтэй Хамтрах геологич байвал хамтрая
    2015 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    2013 оноос өмнө л ингэж бичиж байх хэрэгтэй байж дээ Одоо нэг хоёр жилдээ геологчид амралтаа авлаа Яам агентлагууд төрдөө салбараа сайн ойлгуулж чадсангүй үлбэгэр сул дарга мэргэжилтэнгүүдийн гай
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    Геологи зураглалийн санхүүжилт хэзээ орох вэ
    2013 оны 08 сарын 30 | Хариулах