Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Тусгай зөвшөөрлөө алдаж болох эрсдэл байхад хөрөнгө оруулагч орж ирэхгүй

Economic and Legal Consulting хуулийн пүүсийн хуульч н.Алтантулгатай Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа.

Хуульч хүний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар хуульчийн хувьд саналаа хуваалцахгүй юу?


Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон харилцааг зохицуулахыг оролдсон юм болов уу. Уул уурхайн салбар дахь төрийн зохицуулалтыг нарийвчилж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг дээшлүүлсэн, тусгай зөвшөөрөл болон ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгох үе шат, тендер шалгаруулалтын горим, зөвшөөрөл авахад тавигдах шалгуур, шаардлагыг илүү тодорхой болгосон, орон нутаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд хоорондын харилцааг нарийвчилсан, мөн салбарын онцлог зохицуулалт, байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах талаар түлхүү зохицуулалт тусгаж өгсөн нь сайшаалтай санагдсан. Эдгээрээс гадна хуулийн төсөлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой эдийн бус ашиг сонирхолыг бий болгохтой холбоотой шинэ зохицуулалтыг оруулахаас гадна барьцаалах, шилжүүлэхтэй холбоотой харилцааг тодорхой болгосон нь зөв зүйтэй зүйл болсон байна лээ.

Гэвч хуулийн төслийг эцэслэх шатанд томъёоллын хувьд эргэлзээтэй зүйл заалтыг тодорхой болгох, практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, салбар дахь хүнд суртлыг нэмэхгүй байх, хөрөнгө оруулалтын орчныг муутгахгүй байх талаар эргэж харах, өөрчлөх зарим нэг зүйл байх шиг байна. Ялангуяа, хөрөнгө оруулалт татах гэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн хувьд эрхийн баталгаатай холбоотой эрсдэл нэмэгдсэн байна. Энэ нь хөрөнгө оруулалт авч чадахгүй, чадсан ч санхүүжилтийн хүү, өртөг нэмэгдэнэ гэсэн үг юм.

Манай хуулийн пүүс гадаадаас хөрөнгө оруулалт татах гэж байгаа, эсхүл зээлийн санхүүжилт авах гэж байгаа уул уурхайн компаниудад “дью делиженс” буюу хөрөнгө оруулалтын өмнөх эрх зүйн магадлан шалгах ажлыг гүйцэтгэхэд зөвлөгөө өгч ажилладаг юм. Ер нь хөрөнгө оруулагч юу чухалчилдаг вэ гэвэл оруулсан хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах, уул уурхай бол үйл ажиллагаа явуулах эрх нь баталгаатай эсэх, ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болох эсэх, оруулсан хөрөнгө оруулалтын дүнд хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалт нь хэр баталгаажсан, хөрөнгө оруулалтаа нөхөх, үр шимээ ямар хугацаанд, ямар хэмжээгээр, авах боломжтой, эрх зүйн хувьд хуулиар хэрхэн баталгаажсан талаар цогц судалгаа хийсний үндсэн дээр хөрөнгө оруулалтаа хийдэг.

Хөрөнгө оруулалт татахад нэн шаардлагатай эрх зүйн орчны тухайд цөм хүчин зүйл болох үйл ажиллагаа явуулах эрхийн баталгаа тодорхойгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар хэдийд ч тусгай зөвшөөрлөө алдаж болох хэд хэдэн заалт орсон нь гарцаагүй хөрөнгө оруулалт хумигдах, эргээд тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үйл ажиллагаа доголдох эрсдэлүүдийг дагуулахаар байна. Иймд тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох, төрийн санаачлагаар бусдад шилжүүлэхтэй холбоотой заалтуудыг зайлшгүй эргэж харах шаардлагатай байх.

Ашигт малтмалын салбарын онцлог нь төрөөс олгосон тусгай зөвшөөрөл нь тухайн аж ахуйн нэгжийг асар их эрсдэл үүрч эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулах үндэслэл болдог. Эргээд тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын нөөц илрээгүй бол тухайн аж ахуйн нэгж эрэл, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгөөрөө эрсдэл хүлээдэг ба төр ямар нэг нөхөн олговор олгодоггүй. Харин эрэл, хайгуулын явцад нөөц тогтоогдсон нөхцөлд, өөрөөр хэлбэл төрд өмч бий болгож өгч байгаа нөхцөлд төр тухайн нөөцийг олборлох, улмаар боловсруулах замаар ашиглах боломжийг олгож байгаа.

Орд, талбайг улсын нөөцөд авна гэсэн заалтууд бий. Энэ бизнесийн зарчимд хэр зохимжтой вэ?

Хуулийн төслийн агуулгаас харвал энэ салбарын онцлог бүхий бизнесийн шударга зарчим тодорхой бус үндэслэлээр алдагдах, улмаар уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд асар их эрсдэл үүрч нөөц тогтоогоод, түүнд тулгуурлан нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл тодорхой бус байдалтай болж байх шиг байна.

Иймд хуулийн төсөлд заасан талбай болон ордыг улсын нөөцөд авах заалтын үндэслэлийг тодорхой зааж өгөхөөс гадна эрэл, хайгуул хийж нөөц тогтоосон аж ахуйн нэгжийн хувьд дараа дараагийн олборлох болон боловсруулах тусгай зөвшөөрлийг давуу эрхтэйгээр авах, хуульд заасан үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж байгаа нөхцөлд эрхийг нь хүчингүй болгодоггүй байх талаар эрх зүйн илүү баталгаа тусгаж өгөх нь зүйтэй санагдсан. Зарчмын хувьд төр олгохоосоо өмнө нягталсан байх учиртай шүү дээ.

Ялангуяа, тусгай зөвшөөрлийг төрийн өмчит хуулийн этгээдэд давуу эрхээр шилжүүлэн олгох, хэн нэгний эсэргүүцлийг төрийн байгууллагын сүбъектив үнэлэмжээр үндэслэлтэй гэж үзвэл ямар нэг нөхөх олговоргүйгээр цуцалж болох тухай заалтуудыг эргэж харах хэрэгтэй. Ер нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон бусад улсын хууль тогтоомжид тусгай зөвшөөрлийг хэний ч хамаагүй эсэргүүцлээр, ямар ч хамаагүй тодорхой бус үндэслэлд үндэслээд хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл авах эрхийг эдлүүлэхгүй байх зохицуулалт байдаггүй санагдана. Иргэний эрх зүйн зарчмаар бол төр, хувийн хэвшил эрх тэгш оролцогчид л байх учиртай. Хэн нэгний олж илрүүлсэн ордыг хувийн болохоор нь төрийн өмчит этгээд булаан авч болно гэдэг нь Үндсэн хуулийн агуулга, зах зээлийн эдийн засгийн эрх тэгш байх суурь үзэл баримтлалтай ч зөрчилдөхөөр байна. Энд нөхөн төлбөрийн ч асуудал яригдахгүй байгаа нь бүүр ч эргэлзээтэй.

Төрийн зүгээс хувийн аж ахуйн нэгжид эрх олгоод уг эрхээ эргүүлэн татах гэж байгаа бол тухайн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгохоос гадна уг шийдвэр гаргах үндэслэлийг хуульд зааж өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд төр нь хувийн өмчлөх эрхэд гагцхүү хуульд заасан үндэслэлээр гарцаагүй нөхцөлд нийтийн эрх ашгийн төлөө халдаж болох, улмаар зайлшгүй хохиролгүй болгохоор заасан байдаг. Энэ шаардлагатай хуулийн төслийг нийцүүлж, ямар тохиолдолд, ямар нөхцөл байдал үүссэн үед тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хуульд нэг, хоёр гээд үндэслэлийг зааж өгөх хэрэгтэй гэж харж байна.

Нөгөө талаас хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын нөөцөд авах, ордыг нөөцөд авах болон талбайг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нөхцөлд зөвхөн тухайн талбайд зарцуулсан бодит зардлыг өгөхөөр заасан нь Үндсэн хууль болон Иргэний эрх зүйн суурь зарчмаас ухарсан, үндсэндээ төр дураар аашлах, үндэслэлгүйгээр хувийн өмчийг нийгэмчлэх боломжийг нээсэн харагдана. Тусгай зөвшөөрөл гэдэг нь эдийн бус хувийн өмч бөгөөд нийгэмчлэх асуудал гагцхүү улс орны хэмжээнд ноцтой нөхцөл байдал үүссэн үед УИХ-аас хууль батлах замаар тодорхой хугацаанд хийж болдог эрх зүйн маш тодорхой зохицуулалт байсаар байтал түүнээс давсан зохицуулалтыг хуульчлах гэж байгаа нь эрх тэгш байх, шударга байх зарчимд нийцхээргүй байгаа юм.

Ер нь бизнесийн салбар, тэр тусмаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаад төрийн оролцоо ямар байвал зохимжтой вэ? Зарим хүмүүс төслөөр төрийн оролцоог хэт нэмж, хүнд суртлыг нэмэхээр байна гэж шүүмжилж байгаа?

Эрх зүйн ойлголтын тухайд бид Үндсэн хуулиараа өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрч, аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхэлж болох зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгосон. Гагцхүү тусгай мэдлэг чадвар шаарддаг, нарийн мэргэжлийн, бусдад сөрөг нөлөө үзүүлж болох үйл ажиллагааг тодорхой нөхцөл, шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд эрхэлж болох зохицуулалттай. Энэ бол тусгай зөвшөөрөл.

Хөгжиж буй болон хөгжсөн орны туршлагыг харвал аль болох төрийн оролцоог багасгаж, төрийн хүнд суртал, оролцоог бууруулснаар эдийн засгийн харилцааны хурдсаж илүү үр бүтээмжтэй, өгөөжтэй болох нь хэн бүхэнд ил. Уул уурхайн салбар нь өөрөө төрийн өмчийг ашиглахтай холбоотой харилцаа тул тусгай зөвшөөрөлтэй байж болно, гэхдээ олбоглосон ашигт малтмалыг боловсруулахтай холбоотой хүнд үйлдвэрлэлийн зохицуулалтыг энэ хуульд хамааруулах нь оновчтой шийдэл биш болов уу.

Тусгай зөвшөөрлийн тухайд төрөл зүйлийг 2 байсныг 4 болгож хуваагаад төрийн зохицуулалтын шат дамжлагыг нэмсэн нь төрийн байгууллагын хүнд суртал энэ салбарт нэмэгдэхээр байгаа юм. Нөгөө талаас хайгуулын тусгай зөвшөөрөл буюу нөөцийг нарийвчлан тогтооход шаардлагатай газрын гүнд өрөмдлөг хийх хугацааг 9 жил байж болохоор байсныг 5 хүртэл жил болгож байгаа нь тогтоогдож байгаа нөөцийн баталгаат байдал алдагдах, хугацаанд хавчигдан хайгуулын ажлыг тойм байдлаар халтуурдах, энэ нь дараа дараагийн шатанд уурхай байгуулах, уурхайн хүчин чадал, хөрөнгө оруулалт зэргийг тооцоолоход тооцоо буруу болох эрсдэл гарч болохоор байгааг бодож үзэх хэрэгтэй байх. Үнэхээр 5 хүртэл жил олон улсын хэмжээнд хайгуулын ажилд хангалттай хугацаа мөн эсэхийг салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөх нь зүйтэй биз.

Үүнээс гадна төслөөр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу гаргасан зөрчил, дутагдлаа арилгах боломжийг олгох зохицуулалтыг хасч шууд цуцлахаар заасан нь энэ салбарын хөрөнгө оруулалтыг асар их эрсдэлд оруулж байгаа юм. Магадгүй ноцтой зөрчил гаргасан бол цуцалж болох ч төр, хувийн хэвшлийн харилцаанд харилцан хүндэтгэлтэй хандах, гэм буруугаа залруулах боломжийг хэзээ ч олгож байдаг.

Нөгөөтэйгүүр Тусгай зөвшөөрөл болон Ажил гүйцэтгэх зөвшөөрөл хоёрыг хэн олгох субъектүүд нь төрийн байгууллагын нэгдсэн босоо удирдлагатай байх тогтолцооноос зөрсөн. Тусгай зөвшөөрлийг агентлаг олгоод түүнд үндэслэн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн төрийн бодлого хэрэгжилтийг хангах яам олгохоор заасан нь яам, агентлагийн байр нь солигдож, яам тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэнд гүйцэтгэх ажилд оролцдог болохоор байгаа нь ойлгомжгүй байлаа. Уул нь яам бодлогоо тодорхойлоод, агентлаг нь талбай дээрх хяналт, зохицуулалт болон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголтоо мэргэжлийн хүрээнд гүйцэтгээд явах нь зохимжтой байх.

Компанид санхүүгийн ачаалал эхний жилүүдэд асар их ирэхээр байна уу гэж анзаарагдаж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

Төслийг анзаарвал тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд төслийн эдийн засгийн тооцооллыг яаж ч хийсэн тооцоолоогүй зардал гарч ирэх, бодит байдал дээр зардал нь хэт их болж, орлого нь зардлаа нөхөж чадахгүй байх, хөл дээрээ босч чадалгүй дампуураад байх эрсдэл байж болохоор байна. Ер нь төр хэр хэмжээний татвар, хураамж, хөрөнгө оруулалтын зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр гаргахыг шаардахыг урьдчилж сайтар тооцох хэрэгтэй.

Зардал хэрхэн өсч байгаа талаас нь харвал аваар устгах сангийн зардал, уурхай, үйлдвэрийн хаалтын болзошгүй эрсдлийн сан, орон нутагтай байгуулах Хамтран ажиллах болон Орон нутаг хөгжүүлэх гэрээний дагуу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээнд хязгаар тавиагүй байгаа байдал, нөхөн сэргээлтийг гүйцэтгэхдээ заавал ойжуулах шаардлага тавьж байгаа нь говь хээрийн бүсэд хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний үргүй зардал гаргахад хүргэж болзошгүй байдал, хаалтын зардлыг 100 хувь тусгай зөвшөөрөл авах үед тусгай дансанд байршуулах шаардлага тавьж байгаа зэрэг нь зардлын тооцооллыг асар хүндрүүлэхээр байна. Тэр хэрээр мөнгөн урсгалын тооцоо сөрөг болж хөрөнгө оруулалт татах боломжийг хумиж байгаа харагдсан.

Нөхөн сэргээлт, хаалтын зардлыг заавал мөнгөн хэлбэрээр тусгай дансанд байршуулахыг шаардахаас гадна санхүүгийн бусад хэрэгслийг өргөн хүрээнд ашиглах хэрэгтэй юм. Тухайлбал, даатгал, батлан даалт, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах бусад хувьцаа, борлуулах бүтээгдэхүүнийг барьцаалах гэх мэт олон аргыг ашиглах замаар аль болох тухайн аж ахуйн нэгжийн бодит мөнгөн урсгалын ачааллыг төслийн эхний жилүүдэд хөнгөвчлөх тал дээр анхаарахгүй бол зах зээл муудаж мөнгөн урсгал хүндрэх үед ганц хоёр жилийн хооронд механикаар маш олон уурхай хаагдах, дампуурах нөхцөл үүсэхээр байна. Төрийн зохицуулалт энэ үед асар их хэрэгтэй байдаг бөгөөд энэ боломжоо хуульд ямар ч сонголтгүй заалтууд оруулах замаар өөрөө өөрийнхөө гарыг хааж байгаа ч юм шиг санагдсан.

Төслийг эцэслэхдээ аж ахуйн нэгжийн санхүүгийн бүтцэд ямар өөрчлөлт гарахаар байгааг нэгдсэн байдлаар судалж үзэхгүй бол уул уурхайн салбар өрийн сүлжээнд орох, тэр хэрээр орд үнэгүйдэх, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дараа дараагийн хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн асуудал хойшилж мэдэх юм.