Ашигт
малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр
үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com
сайтын "Хууль, төсөл" булангаас
үзнэ үү.
Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн
"Хэлэлцүүлэг" булан болон info@mongolianminingjournal.com
хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.
Хөрөнгийн зах зээлийн судалгааны төвийн хуульч Б.БатбаярМонгол улс түүхий эдийн зах зээлийн бүс нутгийн хэмжээний нийлүүлэгч болсонтой холбоотойгоор Монгол улсад хөрөнгө оруулалт орж ирэх болсон. Үүнтэй хамт зарим зөрчил маргаантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар Олон улсын Арбитрын шүүхэд олон зуун сая доллар нэхэмжилсэн хэрэгт буруутгагдах тохиолдол ч гарах боллоо.
Нэг зүйлийг анхаарахгүй өнгөрч болохгүй нь гадаадын хөрөнгө оруулагчийн эрх олон талт болон хоёр талт гэрээгээр олон улсын эрх зүйн түвшинд хамгаалагдсан байдаг. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчсөн нөхцөлд тэр шийдвэр, үйл ажиллагаа нь дотоодын хууль тогтоомж, зохицуулалтад нийцсэн эсэхээс тэр бүр хамаарахгүйгээр Олон улсын Арбитрын шүүхээр Засгийн газрын гэм бурууг тогтоодог жишиг ч бий. Түүнчлэн, ижил төстэй олон улсын маргааны жишгийг үзвэл гадаадын хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг нөхөн олгохдоо бодит хохирлыг баримтлах тухай дотоодын хуулийн заалтыг үл харгалзан олох байсан орлого зэргийг оруулаад нотолж л чадвал бүх хохирлыг нөхөн төлүүлдэг ажээ.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын Арбитрын шүүхэд хариуцагчаар оролцох болсон нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой шинэ зохицуулалт бий болгох, түүнийг хэрэгжүүлэхдээ, ялангуяа хөрөнгө оруулагчийн эрхийг хөндсөн зохицуулалт хийхдээ бид олон улсын эрх зүйн хэм хэмжээг анхаарлын гадна үлдээж болохгүйг харуулсан сургамж, анхааруулга болж байна.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарим санал, шүүмжийг өгөх нь зүйтэй болов уу.
Хоёр жил гаруй хугацаанд боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл саяхан нийтэд дэлгэгдлээ. Энэ хуулийн төсөлд Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний хувьд алдаатай зарим зүйлс тусгагджээ. Тухайлбал:
• Талбай болон ордыг улсын нөөцөд авах зарим зохицуулалтТөслийн 13.2-т “Хувийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн, олборлолт явуулахад эдийн засгийн үр ашигтай эрдсийн баялгийн хуримтлал бүхий талбайг бодит зардлын нөхөх олговор олгосны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болно”, мөн 14.2-т “Хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг Улсын Их Хурлын шийдвэрээр бодит зардлын нөхөн олговор олгосны үндсэн дээр улсын нөөцөд тодорхой хугацаагаар авч болно.” гэжээ. Харин улсын төсвийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн талбайг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болохоор заасан байна.
Мөн дээрх зүйлүүдтэй уялдаатайгаар Төслийн 24.1.2, 25.1.2-р зүйлүүдэд улсын нөөцөд авсан талбайд хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит буюу төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалтгүйгээр олгож болно гэжээ. Эдгээр зүйлүүдэд талбай болон ордыг улсын нөөцөд авах шийдвэрийн үндэслэл, журмыг нарийвчлан тусгаагүй бөгөөд хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн бол зөвхөн бодит зардлыг нь нөхөн олгохоор тусгажээ.
Гадаад, дотоодын аль ч хөрөнгө оруулагч, түүний тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбай, ордыг төр улсын нөөцөд авч болно, энэ тохиолдолд та зөвхөн бодит зардлаа л төлүүлнэ гэсэн эрсдэл байхад цаашдаа шинээр хөрөнгө оруулалт хийхгүй л байх.
Нэгэнт хөрөнгө оруулсан компаниудын хувьд зөвхөн зардлыг нь нөхөн олгоод, орд буюу талбайг нь улсын нөөцөд авах боломж нь хөрөнгө оруулагчдад хохиролтой, шударга бус зохицуулалт юм. Ялангуяа улсын нөөцөд авсан ордыг төрийн оролцоотой аж ахуйн нэгжид шууд шилжүүлэх тухай зохицуулалт нь нэг компанийн ашигтай хөрөнгийг нөгөөд нь булаан авч өгөх, эсвэл төр хувийн хэвшлийн ашигтай бизнесийг булаан авах боломжийг нээсэн дэндүү болхи, бүдүүлэг зохицуулалт болжээ.
• Олборлолтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд дэх гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалтТөслийн 66.2-д зааснаар дүрмийн сангийн 34-өөс доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа хуулийн этгээд ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй, мөн 66.3-т зааснаар дүрмийн сангийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт олборлолт явуулах тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй байна.
Төслийн 29.5.2, 36.1.1-д тус тус зааснаар Хуулийн 66-р зүйлд заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг сунгахгүй бөгөөд хүчингүй болгохоор тусгажээ.
Энэ зохицуулалт нь юуны түрүүнд тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох үр дагавартай. Гадаадын хөрөнгө оруулагч хяналтын хувь эзэмшихгүй л бол хөрөнгө оруулах сонирхолгүй болно.
Хэрвээ заавал дотоодын оролцоог нэмэгдүүлэх гэж байгаа бол гадаадын хөрөнгө оруулалт хэмээх томоохон хөрөнгийн эх үүсвэрийн нөгөө талд Монголын иргэдийн хадгаламж, хөрөнгө оруулах чадвар ямар байгааг харгалзан үзэж, заавал 51 хувь, эсвэл 34 хувь гэсэн өндөр хувь тогтоох нь буруу юм. Монголын иргэдийн оролцоог эхний ээлжинд ханган нийлүүлэгч, ажилтнуудын талаар хатуу шаардлага болгон оруулаад, аажимдаа хөрөнгийн хувь болгох чиглэл баримтлах нь зөв болов уу.
Олон улсад үүнтэй төстэй зохицуулалт байдаг боловч тэр нь дотоодын хөрөнгө оруулалтын чадвараас хамаараад өөр өөр хувьтай байдаг аж. Тухайлбал Нигер улсад үүнтэй төстэй зохицуулалт бий болгож стратегийн гэх зарим салбарууддаа дотоодын хөрөнгө оруулалтын хувийг 20 хувиас багагүй байхаар тогтоосон боловч үүнийгээ саяхан дахин өөрчилж 5 хувь болгосон байдаг.
Үүнээс гадна нэгэнт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмшлийн хувьцааг багасгаж заавал Монголын иргэнд худалдах буюу шилжүүл гэж шаардах нь Үндсэн хуульд заасан зарчмууд, шударга ёс, бизнесийн зарчимд ч нийцэхгүй бөгөөд олон улсын эрх зүйд харшилдах тул мөн Монгол Улсын Засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд дуудагдахад хүрнэ.
• Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлтТөслийн 90.1-д 1 га талбайд хайгуулын ажилд зарцуулах зардлын доод хэмжээг тусгай зөвшөөрлийн эхний 3 жилд жил тус бүр 150 000 төгрөг, дараагийн 2 жилд жил тус бүр 300 000 төгрөг байна гэжээ. Энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан хэмжээг даруй 210 гаруй дахин нэмэгдүүлсэн хэмжээ юм. Мөн Төслийн 36.1.6-д зааснаар эрэл, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө нь энэ хуульд заасан эрэл хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэжээ.
Энэ хэмжээ нь ихэнх компаниудын хувьд биелүүлэх боломжгүй шаардлага болсон бөгөөд тусгай зөвшөөрөл хүчингүй болох, хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөхөд хүрнэ. Тусгай зөвшөөрөл хүчингүй болоход Монголын хөрөнгө оруулагчид нь дотоодын хуулиар заргалдах боломжгүй хохироод үлдэх бол гадаадын хөрөнгө оруулагч Олон улсын арбитрын шүүхэд хандаж хохирол, олох байсан орлогоо нэхэмжлээд авах магадлал өндөр юм.
Монгол улс хараат болох нөхцөлийг даамжруулнаАшигт малтмалын салбар дахь хэт хатуу, шударга бус зохицуулалтын улмаас нэг талаар гадаадын хөрөнгө оруулалт зогсох, эдийн засагт урт хугацааны сөрөг нөлөө бий болох, түүнчлэн дотооддоо баялгийн тэгш бус хуваарилалт даамжрах, бизнесийн эрүүл өрсөлдөөн үгүй болох зэрэг олон сөрөг үр дагавар үүсч болзошгүй.
Tодорхойгүй эрсдэлээр айлгасан, хязгаарласан дээрх зохицуулалтууд нь ашигт малтмалын салбар дахь гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтад илүү хүндээр тусахаар байна. Энэ нь хувийн хэвшлийн, түүний дотор гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах замаар хоёр том хөршийн эдийн засгийн нөлөөллийг бага боловч саармагжуулах Монгол улсын зорилгод нийцэхгүй юм. Харин улс төрийн болон бусад нөлөөллөөр хамгаалагдсан хөрөнгө оруулагч илүү зоригтой ажиллах магадлалтай бөгөөд энэ нь хөрш орнуудын, тэдгээр улсын төрийн хөрөнгө оруулалт илүү нэмэгдэх, Монгол улс эдийн засгийн хувьд улам хараат болох суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэхүү өгүүллээ хуулийн төслийн алдаа мадгийг залруулах зорилгоор бичиж, дэвшилттэй сайн талуудыг тэр бүр тоочоогүйд хүлцэл өчье. Төгсгөлд нь дурдахад хуулийн төсөлд дээр тэмдэглэсэн цөөн хэдэн зохицуулалтыг өөрчлөөд баталчихвал энэ төсөл ерөнхийдөө байгаль орчныг хамгаалах, ашигт малтмалын хайгуул олборлолтыг төлөвлөлттэй хийх, тусгай зөвшөөрлийг хадгалж наймаалцах явдлыг таслан зогсоох талаар олон эерэг үр дүн бий болгох, зүйл заалтын уялдаа холбоо болон хэрэгжүүлэх механизм сайтай, харьцангуй боловсруулалт сайн төсөл гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.