Ашигт
малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр
үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com
сайтын "Хууль, төсөл" булангаас
үзнэ үү.
Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн
"Хэлэлцүүлэг" булан болон info@mongolianminingjournal.com
хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.
“Энержи Ресурс” компанийн хуулийн зөвлөх Э.Ганбаттай Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим заалтын талаар ярилцлаа. Хуулийн төсөл дээр роялтийн үндсэн зарчим өөрчлөгдөж байх шиг байна?Тийм ээ, роялти ногдуулах суурь зарчим үндсэндээ өөрчлөгдөж байна. Ашигт малтмал ашигласны төлөө роялти төлбөр авдаг. Ашиглах гэдэг нь хүдрийг уурхайгаас олборлож гаргаад борлуулаад орлого олохыг ойлгож байгаа. Шинэ төслөөр борлуулж орлого олоогүй байхад агуулахад байгаа хүдрийн хэмжээгээр роялти төлөхөөр байгаа юм. Энэ бол татварын талаасаа аж ахуйн нэгжүүдэд асар их дарамт учруулна.
Нэгэнт ашигт малтмалыг сорчилж ашиглахгүй байх талаар хуулийн төсөлд тодорхой суулгаж өгсөн юм бол бүрэн гүйцэд ухаж гаргаж ир. Гаргаж ирснээ бүрэн гүйцэд ашиглаж, бүрэн гүйцэд борлуул гэсэн шаардлагыг тавьчихаад, дараа нь борлуулсны төлөө роялти авна гэдэг зарчим нь хэвээрээ байвал шударга байх.
Мөн олборлосон хүдрээ тухайн хуулийн этгээд боловсруулж байгаа бол боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн хүдрийн хэмжээгээр дахин роялти төлөхөөр уншигдаж байна. Нэг хуулийн этгээд олборлох болон боловсруулах ажиллагааг давхар эрхэлж байгаа бол роялтийг боловсруулан гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр тооцох нь зүйтэй. Энэ талаар төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдэд уламжлахад давхардлыг арилгах талаар эргэж хариу өгөхөө хэлсэн.
Үүнээс гадна үйлдвэрлэлийн хаягдал, үүсмэл ордод роялти тооцно гэсэн байна. Эдийн засгийн үр өгөөжгүй, технологийн хувьд боломжгүйгээс гадна ашигт малтмалын агууламжгүй хөрсийг үйлдвэрийн хаягдал гэдэг. Уг хаягдлын хэмжээг ТЭЗҮ-ээр тогтоож, төрийн зүгээс хаягдал үүсгэхийг зөвшөөрөн бүртгэдэг. Нэгэнт ТЭЗҮ-ээр зөвшөөрсөн хаягдал дээр роялти тооцно гэдэг нь орлого олоогүй зардал дээр дахин зардал нэмнэ гэсэнтэй ижил болж байгаа юм. Дээр нь үйлдвэрийн хаягдал, үүсмэл ордыг ашиглавал роялти тооцно гээд давхар давхар заасан нь их эргэлзээтэй.
Нэгэнт сорчлохгүй гэдэг зарчмыг дэлгэрэнгүй оруулж байгаа бол хаягдал дотор ашиглах боломжтой байсан ашигт малтмалыг хаячихсан бол роялти тооцож болно, тэгэлгүйгээр хаягдал л бол роялти тооцно гэж байгаа нь салбарын үйл ажиллагаанд ихээхэн дарамт учруулахаар байна.
Сорчлон ашиглах, хаягдлыг тооцох гэдэг дээр алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт ашигт малтмалын төрөл бүр дээр ялгаж, тодорхойлох хэрэгтэй юм биш үү? Бүгд л өөр өөрийн онцлогтой эрдсүүд. Алт, зэс дээр гэхэд захын агууламжийн хэмжээ гээд нарийн үзүүлэлтүүдийг тооцох хэрэгтэй бол нүүрсэн дээр коксжих чанар гэх мэтийг тооцох хэрэгтэй байх?Уулын, геологийн мэргэжлийн хүмүүс нарийн зүйлийг ярих байх л даа. ТЭЗҮ-ийг нь батлаад тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн ордод хэдий хэмжээний нөөц байгаа юм, коксжих нүүрс нь хэд, эрчим хүчний нүүрс нь хэд байна, яаж тултал нь ашиглах юм, эрчим хүчний нүүрсээ хаялгүйгээр бүрэн дүүрэн хэрхэн ашиглах вэ гэдгийг ТЭЗҮ-дээ тусга гэж сайн шахах ёстой болов уу. Аль болох боловсруулалтын үйлдвэрийг оруулж ирэхийг шахаж, технологийн шийдлийг гаргуулахад чиглэсэн зохицуулалтыг төрийн зүгээс оруулах хэрэгтэй байх.
Өөрийнх нь үйлдвэрлэлийн өртөг зардлаас хамаараад зах зээл муудах үед үйл ажиллагааны зардлаа нөхөж чадах уу, чадахгүй юү гэдэг асуудал үүсдэг. Үнэ буурсан үед тухайн аж ахуйн нэгж агууламж багатай хүдрээ ашиглаж чадахгүйд хүрч, цаашлаад ТЭЗҮ зөрчсөн, амлалтаа биелүүлээгүй гэсэн үндэслэл болж тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа шууд зогсохоор байна. Эдийн засгийн үр ашиггүй нөөцийг ашиглаж зардлаа нэмэх шаардлага компанид байхгүй шүү дээ.Тийм болохоор үнэ буурсан үед агууламж багатай хүдрийг үнэ өссөн үед дараа ашиглаж болохоор зохицуулж өгвөл байж болох хувилбар юм. Жишээ нь зэсийн үнэ унасан үед 0,30 хувийн агууламжтай хүдрээ эргэж ашиглах боломжтой байдлаар тусад нь овоолго үүсгээд явах технологийн шаардлага тавьж болно шүү дээ.
Ер нь үндсэн зарчим нь эхлээд тусгай зөвшөөрөл олгохдоо олон шаардлага, стандартыг хангаж байгаа эсэхийг шалгасны эцэст зөвшөөрлөө өг. Өгснийхөө дараа тухайн компани зах зээлийн нөхцөл байдлаас ч юм уу хамаараад үйл ажиллагаа нь хүндрэхэд дэмжиж, сайн явахад нь стандартыг илүү чангаруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд анхаардаг тийм төрийн зохицуулалт хэрэгтэй шүү дээ.
Эрдэс баялгийн биржийн үнээр роялти тооцох жишиг суурь үнийг тооцно гэсэн. Энэ хэр боломжтой вэ?Үндэсний эрдэс баялгийн биржийн үнээр роялти тооцохоор заасан байсан. Биржийн тусдаа хуулиар Үндэсний эрдэс баялгийн биржийн эрх зүйн орчин зохицуулагдана гэсэн байгаа. Энэ нь эргээд тодорхойгүй орчныг үүсгэж байгаа юм. Монголын уул уурхайн зах зээл өөрөө олигопол шинжтэй, худалдан авагч нь цөөхөн, нийлүүлэгч нь бас цөөхөн онцлогтой. Төрийн хувьд алт, зэс, цайр гэх мэт бүтээгдэхүүнийг олон улсын биржийн ханшаар тооцох нь зүйтэй байх.
Гэтэл нэгжийн үнэлгээ нь бага, хэмжээ нь их, тээвэрлэлтийн асар их зардал гардаг бүтээгдэхүүнүүдийн хувьд Үндэсний биржээр үнэ тогтоогоод гаргана гэхээр нөгөө худалдан авагчдад хүрч байгаа тээвэрлэлтийн зардлыг аль тал нь хариуцах вэ гэдэг асуулт үүснэ. Нэгэнт олигопол зах зээл учраас манай нүүрсийг авч байгаа урд хөршийн тоотой хэдэн эцсийн хэрэглэгчид би даая гэхгүй нь ойлгомжтой. Тэд Монголоос өндөр үнээр аваад, Австралиас бага үнээр авна гэхгүй.
Нөгөө талаар бирж байгуулагдахаар завсрын зуучлагч нарыг бий болгоно. Олборлож байгаа компани бүтээгдэхүүнээ заавал биржээр дамжуулж борлуулна гэвэл олборлогч компаниуд орлогоосоо завсрын зуучлагч нартай хуваалцах, дээр нь тээврийн зардлаа суутгуулах гээд ашиггүй ажиллах нөхцөл улам нэмэгдэнэ. Зарчмын хувьд олборлолт хийж байгаа компаниуд өөрсдөө аль болох бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид хүргэж чадвал тэр хэрээр нэмэлт зардлыг бууруулж, хамгийн өндөр үнээр борлуулалт хийж чадах юм. Энэ салбарын өгөөжийг нэмэгдүүлэхэд тээвэр, дэд бүтцийн зардал болон гадаад худалдааны тарифыг бууруулах, гуравдагч зах зээлд гарах гарцыг нээж өгөх хэрэгтэй санагддаг. Энэ чиглэлээр төрийн гүйцэтгэх үүрэг өндөр байгаа.
Мөн нүүрс гэхээр л зэс, алт шиг ойлгож хамгийн өндөр ханшийг сонгоод бүх төрлийн нүүрсэнд роялти ногдуулж байсан цаг саяхан. Нүүрс бол коксжих чадвар, үнслэгийн хэмжээ, илчлэг гэх мэт олон үзүүлэлтээр маш олон төрөл зүйлд хуваагддаг, тэр хэрээрээ борлуулалтын үнэ нь эрс тэс ялгаатай онцлог бүтээгдэхүүн. Тиймээс сүүлийн хэдэн жил судалж, тодорхой хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрч, аргачлал нь сайжраад байгаа жишиг үнээр тооцох тогтолцоогоо хадгалаад явбал илүү үр дүнтэй.
Хөгжлийн хувьд дөнгөж боловсруулж эхэлж байгаа, бүх нүүрсээ боловсруулдаг болоход асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай манай улсын хувьд боловсруулах үйлдвэрлэл нь хөл дээрээ босчихсон Австрали зэрэг хөгжсөн улсын хэмжээгээр роялти тооцох гээд байвал дотоодын боловсруулах үйлдвэр хөгжихөд асар хүндрэлтэй болно шүү дээ. Тиймээс салбарын хөгжил, өөрийн онцлогт тулгуурласан төрийн урт хугацааны бодлого шингэсэн зохицуулалт хэрэгтэй.
Мэдээж Эрдэс баялгийн биржтэй болж, хууль гаргах нь зүйтэй бөгөөд уг хуулийг батлах үедээ Ашигт малтмалынхаа хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд явж болно. Гол эмзэглэл нь бирж байгууллаа гээд үнэ дандаа өснө гэсэн баталгаа байхгүй, тэр нь манай улсын онцлогт хэр нийцэх нь тодорхойгүй тул хуулийн төсөл нь ч гараагүй, нэг мөр судлагдаагүй асуудлыг шууд хуульчлах нь эрсдэлтэй харагдаад байгаа юм.
Хуулийн төсөлд олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 34-75 хувийг Монгол улсын иргэн эзэмших ёстой гэсэн зарим заалт бий.
Төслийн 66 дугаар зүйлд эрэл, хайгуул, боловсруулалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд улсын хилээс бусад газарт эзэмших эрхтэй гэж заасан. Энэ бол өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн зохицуулалт.
Харин олборлолтын тухайд онцгойлон үүсгэн байгуулагч нь Монгол улсын иргэн бөгөөд компанийн дүрмийн сангийн 75-аас доошгүй хувийг эзэмшдэг байх, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай компани байвал Монгол улсын иргэн дүрмийн сангийн 34-өөс доошгүй хувийг эзэмшдэг шаардлага тавьсан байгаа бөгөөд энэ шаардлага нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байх нийт хугацаанд тавигдахаар байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаанд энэ шаардлага зөрчигдвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор байгаа.
Хувьцаа нэмж гаргахын онцлог нь их хэмжээний хөрөнгийг хүүгүйгээр урт хугацаанд татан төвлөрүүлэх боломжийг олгодог. Тэгвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд хувьцаа нэмж гаргавал өмнөх хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээ буурч тусгай зөвшөөрөл хүчингүй болох тул энэ аргыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашиглах боломжгүй болно. Энэ нь хувьцаа эзэмшигч Монгол улсын иргэнд нэмэр болохоос илүү нэрмээс болох бөгөөд заавал хүүтэй санхүүжилт авч ногдол ашгаараа бусдаас авсан хүүтэй, хугацаатай санхүүжилтийн төлбөрийг хийхэд хүргэхээс гадна тусгай зөвшөөрөл бүхий компаниуд IPO хийж чадахгүй болж хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад хүргэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсын иргэд биржийн арилжаагаар дамжуулан хувьцаа чөлөөтэй худалдан авч баялгийн өгөөжийг хүртэх боломжгүй болно гэсэн үг. Засаглалын хувьд ч тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн талаар мэдээлэл хомс, зохисгүй үйл ажиллагаа, ашиггүй хувилбар сонгох явдал тасрахгүй гэж ойлгож болно.
Үүнээс гадна энэ хувьцааны хязгаарлалт тогтоосон заалт нь хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж болох тухай бусад заалттайгаа зөрчилдөхөөр харагдаж байгаа.