Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

УУЛ УУРХАЙ ХИЙГЭЭД ХӨРӨНГИЙН ТӨЛӨӨХ ГЛОБАЛ ӨРСӨЛДӨӨН

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.




Монголын дотоодын нийт бүтээгдхүүний 30 гаруй хувь нь уул уурхайн салбарт бүтээгдэж байгаа бөгөөд нөхөн үйлдвэрлэлийн эл хэв загвар нэг хэсэгтээ хадгалагдах болно. Эрдсийн олборлолт давамгайлсан загвараас бид ойрын ирээдүйд татгалзаж чадахгүй, яагаад гэвэл тэрээр манай эдийн засгийн өсөлтийн үндсэн хүчин зүйл, гол хурдасгуур хэвээр байх болно.   

Уул уурхайн салбарын нэг онцлог нь хөрөнгө оруулалтаа нөхөхөд бусад үйлдвэрлэлээс илүү хугацаа шаарддаг, бас эрсдэл өндөртэйд оршино. Томоохон ордуудын хувьд эрэл хайгуулын ажлаас олборлолт эхлэх хүртэлх “бойжилтын” хугацааг 10 орчим жил гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Ашгаа нөхөх хүртэл дахиад тийм хугацаа хэрэгтэй. Нөгөө нэг онцлог нь харьцангуй их хэмжээний анхны хөрөнгө оруулалт шаарддаг. Үндэсний компаниудын хуримтлалын боломж хязгаарлагдмал байгаа өнөөгийн шатанд бид уул уурхайдаа гадаадын хөрөнгө оруулахаас өөр аргагүй. Харин Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга энэ зорилгыг хангахад олигтой хөшүүрэг болж чадахааргүй байгаа юм.

Учир нь, өнөөдрийн даяарчлагдсан ертөнцөд хөрөнгийн төлөөх өрсөлдөөн глобал шинжийг нэгэнт олчихоод буй. Үндэстэн дамнасан корпорациудын хувьд алт олборлохын тулд хөрөнгөө Намибид оруулах уу, эсхүл Австралид уу, Мексикэд үү, Монголд уу гэдэг нь газар зүйн байршил гэхээсээ илүүтэй, үр ашгийн шалгуураар шийдэгдэх болсон. Гэтэл манай Төслийн 66 дугаар зүйлд, “Үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн бөгөөд компанийн дүрмийн сангийн 75-аас доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компанийн дүрмийн сангийн 34-өөс доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй” гэж буй.

Эл заалт биднийг автоматаар өрсөлдөөний гадна гаргаж байгаа бус уу. Өмнөд Африк, Чили, Австрали зэрэг уул уурхайд түшиглэсэн эдийн засгуудын хууль тогтоомжийг харахад гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтыг гадуурхсан нь тааралдахгүй л юм байна. Өнгөрсөн сонгуулийн өмнө санд мэнд гаргасан хуулиар гадаадын төрийн өмчлөлтэй компанийг эл өрсөлдөөнөөс аль хэдийнэ хасчихсан гэдгийг дашрамд сануулъя.

Бас нэгэн зүйл
, гадаадын хөрөнгийн хувьд эрх зүйн орчин тогтвортой байх учиртай. Үүний гол үзүүлэлт нь ашигт малтмал ашигласны төлбөр буюу роялти байдаг. Эдийн засгийн агуулгаараа роялти нь төр өмчөө хэрэгжүүлж буй хэлбэр юм. Нөхөн төлжихгүй нөөц хорогдсоны төлөөх төлбөрийн агуулгыг ч тэрээр давхар илэрхийлдэг. “Оюутолгой” зэрэг төсөлд эрдсийн нөөцийг Монголын талын хувь хөрөнгөд оруулж тооцох учиртай гэсэн үзэл баримтлал төөрөгдөл болох нь энд харагдаж байна. Өөрөөр хэлбэл, роялтийн жил жилийн төлбөр нь эрдсийн баялгийн өмчлөлийг ашигласан тэрхүү бодит хэмжээгээр нь хэрэгжүүлж буй хэрэг юм.

Иймээс энэ төлбөрийн хэмжээ тодорхой, тогтвортой байхаар хуулиар баталгаажуулсан байх нөхцөлд л хөрөнгөө оруулах нь аюулгүй гэх итгэл гадаадын компаниудад төрөх болно. Жишээ нь, Чили улс 2010 онд роялтийн хэмжээг эрдсийн төрөл, уурхайн цар хүрээнээс хамааруулаад 4-өөс 9 хувь байхаар хуульчилсан. Өмнө нь 4-5 хувь байсан төлбөрийг ийнхүү өсгөхдөө 2018 он хүртэл шилжилтийн хугацааг тогтоож өгчээ. Манай шинэчилсэн төсөлд роялтийг тусгай хуулиар тогтооно гээд зөвхөн ашигт малтмалын биет хэмжээнд суурилан Биржийн үнэлгээний дагуу тооцох аргачлалын зарчмыг нь заасан аж. Австрали зэрэг нэлээд оронд борлуулалтын нийт орлогоос зардлыг хассан дүнгээс өөрөөр хэлбэл, ашгаас нь бас тооцдог байна. Энэ нь эрдсийн үнийг хэлбэлзлийг илүүтэй тусгадаг аргачлал аж. Иймээс роялтийн түвшинг энэ хуулийн хүрээнд тодорхой болгох нь зүйтэй юм. 

Өөр нэгэн зүйл, хувийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн, олборлолт явуулахад эдийн засгийн үр ашигтай талбайг нөхөн олговор олгосны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болохыг төсөлд зөвшөөрсөн  (13.2 заалт). Тусгай хэрэгцээнд ч мөн орд, талбайг хураан авч болох аж. (14 дүгээр зүйл). Эд хөрөнгийгнийгэмчлэх, дайчлан ху¬раах нь хувийн хөрөнгө оруулагчдыг хамгийн их айлгадаг, шууд дайжин зугатахад хүргэдэг асуудал билээ. Иймээс дайчлан авах шалгуурыг нэн тодорхой болгох учиртай.

Ер нь нийтийн ашиг сонирхлын үүднээс үнэхээр зайлшгүй юм байна гэсэн үнэмшлийг сонирхогч бүх талуудад төрүүлэхүйц тийм үндэслэл байх учиртай. Манай төслийг нягталбаас нөөцөд нэг хэсэг байлгаад эргээд сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрлийг нээлттэй болгох, өөрөөр хэлбэл эзэмшигчийг нь солих зорилготой мэт харагдаж байна. Дорнодын ураны ордын лицензийг цуцлахад болчимгүй хандсантай холбогдон Канадын “Хаан Ресурс” компанитай үүссэн маргаан хэчнээн уршиг тарьж байгааг эргэн санахад илүүдэхгүй юм. Нөхөн төлбөр нь бодит зардлын хэмжээгээр тодорхойлогдохоор төсөлд заажээ. Гэтэл олон улсын практикт нөхөн төлбөр нь бодит зардлын зэрэгцээ алдагдсан боломжийг агуулдгийг энд бодолцох ёстой баймаар.

Дахин нэг зүйл
, гадаадын шууд болон хэтэвчний хөрөнгө оруулалтын давуу тал нь төр түүний төлөө аливаа эрсдэл хүлээдэггүй, эргэн төлөх хариуцлагыг нь үүрдэггүйд оршино. Чухам энэ үүднээс гадаадын хөрөнгийг уул уурхайн салбарт хөхиүлэн дэмжих хэрэгцээ үүсдгийг тайлбарлах нь илүүц биз ээ. Харин манайд олборлолт, боловсруулалт эрхлэж буй компани эргэлтэд оруулах хувьцааныхаа талаар Монголын эрх бүхий байгууллагад мэдээлж байх үүрэг шинэчилсэн төсөлд тусгагдсан нь бас л олон улсын жишгээс гажууд юм. Лав л Өмнөд Африк, Чили зэрэг манайтай төстэй орнуудын хуульд ийм үүрэг тусгагдаагүй аж. Жишээ нь, “Эрдэнэ ресорс” компаниТоронтогийн бирж дээр Канадад нүүрс олборлох зориулалтаар охин компанийнхаа хувьцаа худалдаад манайд бүртгүүлээгүй бол яах вэ? Хууль зөрчсөнд тооцох уу?

Цаашилбал, бусад орнуудын туршлагаас үзэхэд эрх зүйн шинэчилсэн зохицуулалтад шилжихдээ мөрдөгдөж байгаа хуулиудтай хэрхэн уялдуулах, үргэлжилж байгаа бизнесийн ажиллагааг шинэ орчин руу хэрхэн хөрвүүлэхийг тодорхой болгодог байна. Зарим тохиолдолд шилжилтийн хугацааг ч тогтоож өгдөг аж. Төслийг эцэслэх үед энэ талаарх зарчмыг тодорхой болгох нь зүйтэй биз ээ.

Эцэст нь, шинэчилсэн төсөлд стратегийн орд, стратегийн ашигт малтмал гэсэн ойлголтууд байгаа нь онцлог зүйл юм. Бусад орнуудын хууль тогтоомжид ийм ангилал харагдахгүй байгаа нь бид энэ салбарт сүрхий үндсэрхэг, тэр дундаа нийтийн хэвшлийг товойлгож шүтсэн байр сууринд байгаагийн илрэл юм. Эрдсийн түүхий эдийн олборлолт, ашиглалт, боловсруулалтад үндэсний оролцоо байвал түүнээс Монголд унах ашиг нь илүүтэй байна, хяналт удирдлагыг үр дүнтэй тавьж чадна гэсэн ойлголт бидний сэтгэхүйд түгээмэл байгаа. Ийм үзэл баримтлал практик дээр тэр бүр нотлогдохгүй байгаа. Үүний тод жишээ нь “Энержи ресорс”, “Эрдэнэс-Тавантолгой”, “бага” Тавантолгой уурхайнууд дахь дэндүү ялгаатай  менежментийн түвшин, үр ашгийн үзүүлэлт.

Ер нь төрийн зорилго бол аливаа ордод тэргүүний технологи ашиглуулах, зардал доогууртай ажиллуулах, энэ үндсэн дээр төсөвт оруулах татварыг л аль болохоор нэмэгдүүлэх явдал гэвэл зохилтой. Хэчнээн олборлолт хийсэн, ямар үнээр борлуулсан, хэдий зардал гаргасан зэргийг орчин цагийн санхүүгийн аудит, лабораторийн шинжилгээ, гаалийн бүртгэлээр тогтоочихож болдог юм байна. Эл хяналтын төлөө заавал “дотор” нь орох гэж зүтгэх нь тийм ч оновчтой шийдэл биш бололтой. “Оюутолгой”-н 34 хувийг эзэмших гэж зүтгэснээс бид хувь оролцооны төлбөрт унаж, ашиг хүртэх хугацаагаа хойш татсаар байгаа бус уу.

Аргентин, Индонез, Чили, Перу, Гана зэрэг нэлээд хэдэн орныг хамруулан хийсэн судалгаанаас үзэхэл эдүгээ уул уурхай дахь ашгийг хөрөнгө оруулагч, төр хоёр 52 болон 48 харьцаагаар хувааж буй бөгөөд үүнээс орон нутаг, уугуул иргэд 0.7 орчим хувийг нь хүртэж буй аж. Харин байгаль орчинд зарцуулах хувь хаана ч өсөх хандагатай нь ажиглагджээ. Нийтийн салбарын дээрх 52 хувийн орлого нь роялтийн зэрэгцээ ашгийн татвар, нэмэгдсэн өртгийн болон импортын татвар, экспортын татвар, ногдол ашгийн татвар, гадаадын ажиллагчдын цалингийн татвар, шатахууны татвараас бүрддэг байна.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар орох хөрөнгийн эдийн засгийн шалгуур нь ийм буюу. Харин хөрөнгө гадаадынх уу, дотоодынх уу, нийтийн өмчлөлийнх үү, хувийн хэвшлийнх үү гэдэг нь хоёрдох эрэмбийн асуудал гэж болно.

Доктор Ж.Гөлгөө