Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Монголын төр 50 хувийг эзэмшинэ гэсэн ганц зарчим л хэрэгтэй

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.



Г.Идэр

ШУТИС-ийн хүндэт профессор, Маркшейдерийн холбооны тэргүүн Д.Дондовтой Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тодорхой үзэл баримтлалгүй гарчээ гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Энэ талаар Та ямар байр суурьтай байгаа вэ?

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өмнөх хуулиудыг бодвол илүү дэвшилттэй болжээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн үзэл баримтлалд дөхүүлэхийг оролдсон байна. Монголын уул уурхай, эрдэс баялгийн үзэл баримтлалыг батлаагүй байж шинээр хууль боловсрууллаа гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа. Үүн дээр харгалзаж үзэх саналууд бий л байх. Юутай ч үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний олборлогчдоо дэмжих санааг хуульд түлхүү тусгасан нь анзаарагдлаа. Энэ бол маш зөв.

Хоёрдугаарт, орон нутгийн удирдлагаас санал, зөвшөөрөл авч байж тусгай зөвшөөрөл олгоё гэдэг санаа бас их зөв байна. Төр болон мэргэжлийн байгууллагуудын санаачлагаар хаана, ямар хайгуул хийлгэхээ мэддэг байх хуулийн зарчмыг бас дэмжиж байна. Хэн нэгэн түрүүлж өргөдөл өгөнгүүт хүссэн газар нь тусгай зөвшөөрөл олгоод байж болохгүй.
Бас нэг олзуурхууштай зүйл нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсэгт геологи, уул уурхай болон хуулийн салбарын тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтнүүд оролцож, их сайн ажилласан байна лээ.

Хуулийн үзэл баримтлал олон нийтэд таалагдаж байгаа ч төрийн оролцоо хэт их гэдгээрээ үйлдвэрлэгчид болон хө­рөнгө оруулагчдад таалагдахгүй байх шиг?


Энэ хууль нийгмийн талаасаа нэлээд дэмжлэг авч байгаа гэж би ойлгож байна. Нийгмээсээ дэмжлэг авна гэдэг сайн хэрэг. Монгол улсын Ерөнхийлөгч уул уурхайн салбарт үүссэн нөхцөл байдлаас олон зүйлийг ажиглаж, дорвитой зохицуулалт хийх гэж байгаа юм байна. Хууль боловсруулах цаг үе нь ингэж таарч байгаагаас биш улс төртэй холбох хэрэггүй байх. Харин ч жаахан хугацаа алдвал уул уурхайн салбар улам  л хүнд байдалд орно.   

Хуулийн төсөлд дутуу дулимаг тусгагдсан зүйл байна уу?

Зарчмын нэг том асуудал дутаж байна. Үүнийг шийдэж чадахгүй байна. Ашигт малтмалын тухай шинэ хуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аль нь ч байсан юм олбол Монголын төр 50 хувийг нь шууд авна шүү гэсэн ганцхан концепци байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 50:50 хувь.  Яагаад ингэж хэлж байна гэхээр Монгол улсад хаана, ямар ашигт малтмал байгааг гадныхан маш сайн мэдэж байгаа.  

Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хүчээр Монголын нутаг дэвсгэрт байгаа нөөц баялгийг тэд бүрэн судалчихсан. Тийм  учраас хөрөнгө оруулагчид ирээд байгаа юм. Монголын төрийн нэг том алдаа бол 1997 оны Ашигт малтмалын тухай хууль. Энэ хуульд “чиний олсон юм зөвхөн чиний өмч” гээд тусгачихсан. Дэлхийд гайхагдсан Оюутолгой ордыг хар л даа. Гадныханд алдчихлаа. Монголын Засгийн газар хөөцөлдөн барин байж Монголын талын 34 хувь гэсэн ганц үгийг яаж тэмдэглүүлсэн юм. Хэрэв энэ хувь хэмжээг тусгаагүй бол Оюутолгой орд 100 хувь гадныхны мэдэлд очих байсан. Ийм аюултай хууль баталсан улс шүү дээ. Дахиж ийм хууль хэзээ ч гаргаж болохгүй.

Шинэ хуулийн төслийг ашигт малтмал олборлогчид, уул уурхай эрхлэгчид, гадаа­дын хөрөнгө оруулагчид, тэр дундаа  уул уурхайгаас ашиг олдог хүмүүс эсэргүүцээд байгаа. Хууль батлагдвал тэдэнд маш том цохилт болно. 

Гадаадын хөрөнгө оруулагчид энэ хуулиас маш их болгоомжилж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид, үндэсний аж ахуйн нэгжүүдийн тэнцвэртэй байдлыг хангах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс ч бий?


Хууль батлагдсаны дараа гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй гэсэн яриа гарч байна. Би нэг л  хатуу үг хэлье. “Цангасан мал худаг дээрээ ирдэг юм”. Ашигт малтмалын тухай хууль хэчнээн чанга үзэл баримтлалтай байлаа ч гадаадын хөрөнгө оруулагчид тэртээ тэргүй ирнэ. Би түрүүн хэлсэнчлэн тэд Монголын баялгийг биднээс илүү мэдэж байгаа. 1990 оноос хойш бид ардчилал, ил тод байдал гээд Орос, Чехүүдтэй хамтарч хийсэн 70-80-аад жилийн геологийн тайлангуудаа бүгдийг нь дэлгээд өгчихсөн шүү дээ.

Геологиуд хаана, ямар ашигт малт­мал байгааг газрын нэрээр нь мэдэж байгаа. Оюутолгойгоо гадныханд сул тавиад өгчихлөө гэж би зарим хүмүүсийг шүүмжилдэг юм. Тэд “бидэнд хөрөнгө байгаагүй шүү дээ” гэсэн ганцхан хариу л хэлдэг. Үнэхээр хөрөнгө байгаагүй юм бол хойш тавьчих л хэрэгтэй байхгүй юу.

Уул уурхайн үйлдвэрлэлийг маш эрсдэлтэй гэж гадна, дотногүй ярьж байна. Тэгвэл энэ эрсдэл 0,5 хувь. Юм олох баталгаа 95 хувь. Монголд дампуурсан уурхай гэж сонссон уу. Хайгуул хийгээд юу ч олоогүй газар бий юу. Тэгэхээр эрсдэл гэхээр юм байхгүй байгаа биз.  Хуулийн төсөлд УИХ-ын 27 дугаар тогтоолоор батал­сан Стратегийн 15 ордыг цаашид нэмэх­гүй, хууль тогтоох байгууллагын шийд­вэрээр хасах зарчмаар явна гэсэн заалт бий. Миний бодоход ирээдүйд хэрэгтэй цөөн тооны ордуудыг “Стратегийн” гээд аваад үлдчихмээр байгаа юм. Монголд нэг зэрэг ийм олон уурхай ажиллуулах хэрэг байхгүй.

Бичил уурхайн тухай хуулийг тусад нь авч үзэх хэрэгтэй.  Ашигт малтмалын татварын зохицуулалтууд ч мөн тусдаа хуулиар явбал зүгээр байна. Энэ бүгдийг холиод нэг хууль руу оруулчихаж болохгүй. Ерөнхийдөө ирээдүйгээ харсан хууль гарч чаджээ. Гэхдээ дутуу дулимаг зүйлс ч байна. Жишээ нь, Орд ашиглах гэрээнд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг ТЭЗҮ-тэй холбосон хэсэг дээр дулимаг зүйл харагдаж л байна. Захын хүн дурын ТЭЗҮ бичээд ороод ирвэл яах вэ. Амьдрал дээр ийм зүйлүүд бий шүү дээ. Талбайг, ордыг улсын нөөцөд авах зохицуулалт зарчмын хувьд ерөнхийдөө зөв. Улс авах ёстой юмаа авах л хэрэгтэй.  

Мөн хуулийн төсөлд бүлэг дотроо олборлолт, боловсруулалтыг тусад нь салгаж оруулж ирсэн байсан. Уул уурхайн ямар ч үйлдвэрлэл баяжуулах фабрик, олборлох үйл ажиллагаатай байдаг. Тухайлбал, Эрдэнэтийн уулын баяжуулах комбинат гэж бий. Энэ үйлдвэрийн хамгийн том нь Баяжуулах фабрик шүү дээ.

Боловсруулалтын зөвшөөрөл өгөх, боловсруулалтын талбай олгох гэх зэргээр маш олон сөрөг үр дагавар дагуулах заалтууд байгаа. Үүнийг задалж ярих биз дээ. Ер нь боловсруулалтын бүлгийг хасчих хэрэгтэй юм.

  • 100%Demjij bnaa (76.25.25.64)
    Yasan uhaaantai erdemten beIim humuus maani jaahan changa duugarah heregtei bnaDuugardag nuhduud umnuus n duugarch ehleh heregtei
    2013 оны 02 сарын 28 | Хариулах