Хэсэг хугацаанд намжаад байсан Удоканы зэсийн ордыг эзэмших асуудал өнгөрөгч хоёрдугаар сараас дахин хүчтэй яригдах болов. Төрийн өмчит “Ростехнологи” компанийн тэргүүн Сергей Чемезов өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэхдээ, “Норникель” компанийн 3-4 хувийн хувьцаагаар Удоканы зэсийн ордыг эзэмших төсөлд орохыг Владимир Потанинд санал болгосон ч хариу өгөөгүй хэмээжээ.
Харин “Норникель”-ийн 28 хувийн хувьцааг эзэмшигч, “Интеррос”-ын эзэн Владимир Потанин өөрийн компанийн дөрвөн хувийн хувьцааны солилцоогоор тус ордыг эзэмших төсөлд орох талаар ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн ордыг эзэмших талаар ямар ч саналыг хүлээн авах болно гэжээ.
Нийт найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах тус орд газрыг эзэмших төсөлд “Норильский Никель”-ийн Владимир Потанин, төрийн өмчит “Ростехнологи” компанийн тэргүүн Сергей Чемезов, “Металлоинвест”-ийн Алишер Усманов, “Русал”-ын Олег Дерипаска, “Millhouse Capital” компанийн Роман Абрамович зэрэг Оросын томоохон биснесменүүдийн нэр холбогдож буй.
ОХУ-ын Чита мужийн газар нутагт 24,6 сая тонн нөөцтэй, огт хөндөгдөөгүй Удоканы зэсийн орд бий. Эл орд ашиглалтад орсноор тус улсын зэсийн хэрэглээний 15 хувийг дангаар хангах юм. Оросын шинжээчдийн үзэж байгаагаар 2013 онд тус улсын зэсийн хэрэглээ жилд нэг сая тоннд хүрэх гэнэ. Зэсийн энэхүү ордыг ашиглах зориулалтаар 2008 онд Байкалын уулын компанийг байгуулж, лицензийг нь 2010 оны наймдугаар сард өгсөн байдаг. Тус компанийн удирдлагуудын мэдэгдсэнээр Удоканы ордыг ашиглах ТЭЗҮ-ийг энэ оны сүүлч гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ. Лондонгийн хөрөнгийн биржийн ангиллаар жилд 474 мянган А сортын зэсийн катод болон 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдах юм байна. Бүтээгдэхүүнээ нийлүүлэх гол зах зээл нь Хятад, Орос бөгөөд Япон, Энэтхэгт гаргахаар тооцож байгаа аж.
Э.Од