АНУ-ын нүүрсний эх үүсвэр бүхий станцуудын хүрээ эрчимтэйгээр хумигдаж байна. Өнгөрсөн 2009 оноос хойш тус улс 15 мянган МВт-ын эрчим хүчний үйлдвэрлэл бүхий нүүрсний станцуудаа хаажээ. Тодруулбал энэ хэмжээний эрчим хүч үйлдвэрлэл бүхий нүүрсний станцуудын генераторуудын зарим хэсгийг хийн генераторт шилжүүлсэн бол үлдсэнийг нь бүрмөсөн хаажээ. Мөн ойрын 10 жилийн хугацаанд нийт 36 мянган МВт-ын нүүрсний станцуудыг хаах төлөвтэй байгаа ажээ. Гэхдээ зарим судалгаагаар энэ хугацаанд АНУ даяар нийтдээ 60-100 мянган МВт-ын нүүрсний станцуудыг хааж магадгүй байна. Өнгөрсөн 2012 онд шатдаг занарын хийн хямд бүтээгдэхүүний нөлөөгөөр эрчим хүчний үнэ тус улсад өнгөрсөн 10 жилд байгаагүйгээр хямдрах нөхцөл бүрджээ. Үүнээс гадна АНУ-ын Хүрээлэн буй орчин хамгаалах агентлаг Агаарын чанарын стандартыг чангатгасан учраас нүүрсний станцууд хүссэн хүсээгүй технологио шинэчлэх шаардлагатай болж байгаа ажээ. Энэ бүх нөхцөл байдлын улмаас уламжлалт технологи буюу нүүрсний станцууд нь өндөр зардалтайд тооцогдож эхлээд байна. Одоогийн байдлаар АНУ-д нийтдээ 318 мянган МВт-ын хүчин чадал бүхий нүүрсний станцууд ажиллаж байна. Хэдий нүүрсний станцууд хаагдаж буй ч тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний станцуудын эзлэх хувь энэ онд өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.7 хувиар өсч 40.1 хувьд хүрэх төлөвтэй байгааг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төв тооцоолжээ. Учир нь урт хугацаандаа байгалийн хийн үнэ нүүрсний үнээс төдийлөн хямд байж чадахгүй болов уу гэсэн таамгийг тус мэдээллийн төв дэвшүүлжээ.
www.mongolianminingjournal.com