Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Өмнөговьд үзүүлж буй цогц нөлөөллийг тодорхойлж чаддаггүй



 
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг Уул уурхайн яам боловсруулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор эхний хэлэлцүүлгээ хийгээд байгаа. Төсөлд геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод, судлаачдын саналыг авах нь туйлаас чухал. Тиймээс The Mongolian Mining Journal долдугаар сараас  цуврал хэлэлцүүлгээ эхлүүлж, тал бүрийн байр суурийг олон нийтэд, ялангуяа шийдвэр гаргагчдад зориулан хэвлэсээр байгаа билээ. Энэ удаа Та бүхэнд Күинслэндийн Их сургуулийн доктор Д. Бямбажавын саналыг толилуулъя. Тэрбээр бодлогын баримт бичигт нийгмийн хариуцлагын талаар оруулах саналыг дараах байдлаар томъёолжээ.


Мэргэн уншигч Та саналаа info@mongolianminingjournal.com хаягаар ирүүлээрэй. Сэтгүүлийн долоо, наймдугаар сарын дугааруудад төсөл бүрэн эхээрээ, мөн тал бүрийн байр суурь нийтлэгдсэн болно.


Д. Бямбажав: Өмнөговьд үзүүлж буй цогц нөлөөллийг тодорхойлж чаддаггүй


Төрөөс эрдэс баялгийн салбарт 2013-2024 онд баримтлах бодлогын баримт бичгийг УИХ хэлэлцэх болсон билээ. Энэ оны эхээр болсон Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гарсан саналд үндэслэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодлогын нэгдмэл ойлголттой болох шийдвэр гаргасан. Энэ бодлогын баримт бичиг нь төрийн дунд болон урт хугацааны эрмэлзлэл, зорилт, стратегийг тодорхойлж, бодлогын уялдаа холбоог бий болгохын зэрэгцээ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн болон бусад оролцогч талд Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийн хандлагын тухай тодорхой ойлголт, төсөөлөл өгөх ач холбогдолтой. Энэ баримт бичиг нь эрдэс баялгийн салбарын эрх зүйн зохицуулалт болон бодлогын ерөнхий суурь болж, Ашигт малтмалын хуулийн шинэчлэлтэй нягт уялдана гэж ойлгож байна.

Энэхүү бодлогын баримт бичиг эрдэс баялгийн салбарын голлох асуудлыг хөндсөнөөс энэ нийтлэлд эрдэс баялгийн салбар дахь нийгмийн хариуцлагын асуудлыг тодруулж цөөн санал нэмэрлэж байгаа болно.      

Эрдэс баялгийн салбар бол зөвхөн хөрөнгө оруулагч, уул уурхайн компани, Засгийн газрын харилцаа дээр тогтдоггүй. Орон нутгийн иргэд, тэднийг төлөөлсөн байгууллага энэ салбарт эрх тэгш, зарим тохиолдолд давуу эрхтэй байх хэрэгтэй гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа уул уурхайн томоохон компаниуд энэ зарчмыг үйл ажиллагаандаа хэвшил болгох хандлагатай байна. Энэ нь зөвхөн тэдний сайн санаа төдий биш олон улсын санхүүжилтийн нөхцөл, компанийн нэр хүнд, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангах явдалтай холбоотой юм. Монгол улсад сүүлийн жилүүдэд өрнөж буй уул уурхайн үйл ажилллагаанд орон нутгийн иргэдтэй ойлголцох, тэдний дэмжлэгийг авах явдал орхигдож ирсэн. Уул уурхайтай холбоотой орон нутгийн хөдөлгөөн, эсэргүүцэл тэмцлүүд үүний нэг нотолгоо.

Уул уурхайн үйл ажиллагаа өрнөж буй орон нутгийн иргэд уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай олон янзын сөрөг нөлөөлөлд өртдөг. Байгаль орчны бохирдол, усны хомсдол, тоосжилт, бэлчээрийн элэгдэл, хүн амын хөдөлгөөн, түүнээс улбаатай гэмт хэрэг, аюулгүй байдал гэх мэт орон нутгийн иргэдийн аюулгүй байдал хязгаарлагддаг. Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын судалгаанаас үзэхэд орон нутагт эрдэс баялгийн салбараас орж буй орлого тун бага буюу нийт төлбөр татварын тав хүрэхгүй хувьтай байгаа. Шинэ Төсвийн хуулиар уул уурхай бүхий орон нутагт төлбөр татвараас орох орлогын хувьд бусад орон нутгаас дорвитой ялгаа байхгүй. Ашигт малтмалын хуульд хамтын ажиллагааны гэрээ байгуулах заалт бий боловч хэрэгжилт нь хязгаарлагдмал, Засаг дарга болон компанийн үзэмж давамгайлсан, ил тод биш.

Засгийн газар, уул уурхайн компаниуд байгаль, нийгмийн сөрөг нөлөөллийг сайтар тооцож, орон нутгийн иргэдтэй харилцан зөвшилцөж, тэдний дэмжлэгийг авсаны үндсэн дээр ажиллах нь аль аль талдаа эерэг үр дүнтэй. Зарчмын хувьд, зөвхөн Засгийн газраас олгодог “тусгай зөвшөөрөл” төдий биш харин орон нутгийн иргэдийн буюу “нийгмийн зөвшөөрөл” байх жишгийг Засгийн газар, иргэний нийгэм шаардах ёстой. Уран, газрын ховор элемент, занар гэх мэт цаашид хайгуул, олборлолт нь нэмэгдэж болох, нийгмийн, орон нутгийн зүгээс эсэргүүцэх магадлал өндөртэй эрдэс баялаг болон бусад баялгийн хувьд ийм ойлголцол, “зөвшөөрөл” байхгүйгээр тогтвортой уул уурхайн үйл ажиллагаа орших нөхцөл бага болох нь олон улсын туршлага болон Монголд гарч байгаа нутгийн иргэд, иргэний байгууллагуудын хандлагаас харагдаж байна. Тиймээс эрдэс баялгийн салбарт орон нутгийн иргэд, тэдний төлөөллийн байгууллагын эрх, оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн хүртээмж, харилцан зөвшилцлийг хайгуул, олборлолтын үйл ажиллагааны салшгүй хэсэг болгох гэдэг зарчмыг тусгах саналтай байна. Зарим хөрөнгө оруулагч, уул уурхайн компанийн хувьд энэ нь цаг хугацаа, хөрөнгө илүү зарцуулах мэт харагдаж болох ч дунд ба урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэс гэж харах нь дийлэнх байх болов уу. Орон нутгийн иргэдийн оролцоо гэдгийг орон нутгийн удирдлагын байгууллагуудаар хязгаарлах ёсгүй.

Мөн уул уурхай төвлөрсөн бүс нутаг дахь уул уурхайн үйл ажиилагаанаас тухайн бүс нутагт үзүүлж буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг цогцоор нь үнэлэх, өөрчлөлтийг судлах, хянах ажлыг дэмжих хэрэгтэй байна. Нөлөөллийн үнэлгээнүүд нь тухайн нэгэн төслийн нөлөөллийг тодорхойлдог боловч, хэд хэдэн уурхай зэрэгцэн орших бүс нутагт, тухайлбал Өмнөговь аймагт үзүүлж буй цогц нөлөөллийг тодорхойлж чаддаггүй. Засгийн газраас судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ийм цогц үнэлгээ хийх нь бодлогын чухал ач холбогдолтой.

Эрдэс баялгийн салбарын хөгжил орон нутгийн эдийн засгийг хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд төр болон уул уурхайн компаниуд орон нутагтай хэлэлцсэн гэрээ буюу албан харилцааны үндсэн дээр орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн төрөлжүүлэх, орон нутгийн иргэдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж ажлын байраар хангах ажлыг төлөвлөж хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Уул уурхайн үйл ажиллагаа дууссаны дараах орон нутгийн хөгжлийн асуудлыг харгалзан хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд уялдуулах хэрэгтэй. Бизнесийн байгууллагуудын орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг Орон нутгийн хөгжлийн сан болон бусад иргэний оролцоо хариуцлага бүхий механизмаар дамжуулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрдэс баялгийн салбараас орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, нээлттэй байдал, оролцоог хангах хэрэгтэй байна.

Монголын эрдэс баялгийн салбар дахь сайн туршлагууд, жишиг болохуйц үйл ажиллагааг судлах, олон нийт болон сонирхогч талуудад сурталчлах түгээх ажлыг төр, засгаас дэмжиж ажиллах нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. Эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, сайн туршлага, зааварчилгаануудыг хувийн хэвшил болон Засгийн газраас санхүүжүүлж бэлтгэх, хэвлүүлэх, түгээх ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн эрдэс баялгийн салбар дахь нийгмийн хариуцлагын санаачлагуудыг дэмжих, сөрөг үйл ажиилагааг илрүүлэх, сайн туршлагуудыг судлаж, иргэний нийгмийн оролцоотой түгээн дэлгэрүүлэх ажлыг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагууд зөвхөн эсэргүүцдэг тэмцдэг биш харин мууг илрүүлж, бас сайныг түгээн дэлгүүлж салбарын хөгжлийг урагшлуулж байх ёстой. Энэ хүрээнд “Уул уурхай дахь нийгмийн хариуцлагын түншлэл” хөтөлбөр хэрэгжүүлж болох юм.

Эрдэс баялгийн салбар дахь уул уурхайн компаниуд болон орон нутгийн иргэд, иргэдийн байгууллагуудын зөрчил, маргааныг хүчирхийллийн бус замаар, шүүхийн аргаар бус харин харилцан зөвшилцөл, хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх тогтолцоог орон нутгийн удирдлага болон компаниудад бий болгох, ялангуяа уул уурхайн компаниудын гомдол санал, маргааныг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй өөрөөр хэлбэл аливаа зөрчил маргааныг үл даамжруулах, хэлэлцээрийн аргаар шийдвэрдэх компанийн зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах явдал юм. Хариуцлагатай компаниуд орон нутгийн харилцааны хэлтэс болон газартай байж, орон нутгийн нөхцөл, хэрэгцээг тандаж, иргэдийн санал гомдлыг хүлээн авч барагдуулах боломжийг эрэлхийлж байдаг.

Эрдэс баялгийн салбараас орон нутгийн иргэд, хөгжилд үзүүлэх эерэг үр нөлөө нэмэгдэж, сөрөг үр нөлөө буурсан байх явдал маш чухал зорилт байх ёстой. Баялгийн хараал зөвхөн улс орны эдийн засаг улс төрийн хүрээнд биш орон нутагт мөн илэрдэг гэдгийг мартах ёсгүй. Ингэхийн тулд эрдэс баялгийн салбарын оролцогч талууд болон орон нутгийн иргэд, тэдний төлөөллийн байгууллагын харилцан ашигтай, итгэлцэлт хамтын ажиллагаа байж, тэр нь уул уурхайгаас орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр нэмэгдүүлнэ.  Мөн эрдэс баялгийн салбар дахь компанийн нийгмийн хариуцлагын тухай хандив тусламж тэтгэлэг гэсэн явцуу ойлголтоос хариуцлагатай бизнес бөгөөд хөгжил дэх бодитой хувь нэмэр гэдэг өргөн хүрээтэй хандлагыг хэвшүүлэхийг зорих хэрэгтэй.
 

Др. Д.Бямбажав

Күинслэндийн Их Сургууль

@byambjav