2010 онд “Дорнод Сибирь-Номхон далай”
нефтийн хоолойгоос салбарлан Оросын Сковородино болоод Хятадын Дацинг
холбосон Оросын нефтийг Хятадад нийлүүлэх нефтийн хоолойг ашиглалтад
оруулсан. Уг хоолойг барих санхүүжилтийг оросууд тун оновчтой шийдсэн
байдаг. Хөрөнгө оруулалтыг босгохдоо 20 жилийн турш тогтвортой үнээр
жилд 15 сая.тн нефть нийлүүлэх үүрэг хүлээгээд Хятадын талаас 25 тэрбум
долларын зээл авсан. Хятадын мөнгөөр дэд бүтцээ босгоод Хятадад нь
бүтээгдэхүүн тогтвортой үнээр урт хугацаанд худалдаалж нөхнө. Тодруулбал
төр нь ч түмэн нь ч нуруундаа илүү ачаа үүрэхгүй. 2011 оны нэгдүгээр
сараас нефть нийлүүлж эхэлсэн бол энэ оны зургадугаар сарын байдлаар 30
сая.тн нефтийг энэхүү хоолойгоор нийлүүлжээ. “Дорнод Сибирь-Номхон
далай” нефтийн хоолойгоо Хятад руу салаалах болсон шалтгаан нь зах
зээлийн хандлага, найдвартай байдалтай холбоотой бөгөөд Хятад улс
2000-2011 оны хооронд эрчим хүчний түүхий эдийн эрэлтийг 159 хувиар
нэмэгдүүлсэн судалгаа байна. Түүнчлэн 2017 он гэхэд Хятад улс нефтийн
хэрэглээгээрээ АНУ-г гүйцэж түрүүлнэ гэсэн тооцоо гарчээ.
Мөн л
2010 онд зурсан гэрээний дагуу Хятад Оросод 6 тэрбум долларын
хөнгөлөлттэй зээл олгож буй аж. Орос дахь нүүрсний ордуудыг эдийн
засгийн эргэлтэд оруулах зориулалттай. Энэ мөнгөөр саяхнаас Алс Дорнод
дахь Огоджинское нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар
ажиллаж эхэллээ. Уг орд газар нь чулуун нүүрстэй. Хятадын эрчим хүчний
70 хувь нь чулуун нүүрснээс хараат байдгийг санах хэрэгтэй. Гэхдээ дээрх
зээлийг Оросын төр нуруундаа үүрч нүүрс олборлож зарах ажил хийх
сонирхолгүй байгаа бөгөөд төсөл дээр нээлттэй тендер зарлажээ. Хятадын
“Shenhua” болон Оросын "Ростоппром" компани уг төсөлд хамтран орохоор
бэлтгэлээ базаагаад буй сурагтай. “Огоджинское” орд газраас жилд 30
сая.тн нүүрс олборлохоор тэд төсөлдөө тусгажээ.
Монгол
улс энэ жилийн төсөвт 30 сая тн нүүрс экпортлоно гэж тусгаад дийлээгүй.
Гэтэл Оросын ганц орд л ийм хэмжээний нүүрс экспортлох хүчин чадалтай
байна. Дэд бүтцийн асуудал нь ч шийдэгдээд явж байна. Орд газраас
Февральск өртөө орох 100 хүрэхгүй км төмөр замын асуудал мөн л төсөлдөө
багтаж байгаа. Энд төсөлд улс үүрэг хүлээж, хуруугаа ч хүргэхгүй. Мөн
Якутийн “Эльга” орд газраас аль хэдийнэ Хятад руу нүүрс экспортлоод
эхэлсэн. Уг ордыг Улак өртөөтэй холбох 300 гаруй км төмөр замын ажлыг
Хятадад нүүрс нийлүүлэх томоохон гэрээнүүдийг байгуулаад буй “Мечел”
компани гүйцэтгэж байна. /2025 онд Алс дорнод зөвхөн Амар мужаар дамжин
Хятадад гарах нүүрс болоод бусад нэр төрлийн экспорт ямар хэмжээнд хүрэх
хийгээд төмөр замын маршрутыг зурагт харуулав.
Дээрхээс гадна
Алс Дорнодод нүүрс олборлох En+Group, Shenhua Group хамтарсан төсөлд
Хятадын Хөгжлийн банк хоёр тэрбум доллар өгөх болсон. Дорнод Сибирь
хариуцсан компанийг тусад нь байгуулж, Хятад руу төмөр зам барьж
эхэлсэн. Красноярскийн магистрал төлөвлөж Хятадын “China coal” Оросын
компаниудтай хамтран барьж буй гэх мэт. Оросын нүүрс, түүнийг дагасан
дэд бүтэц руу урсах Хятадын хөрөнгө оруулалт 2010 оноос хязгааргүй
болжээ. Одоогоор уг гэрээний хүрээнд гэхэд 4,3 тэрбум долларын зээл,
хөрөнгө оруулалтыг Оросод хийгээд байна.
Хамгийн сүүлд
хэвлэлийн хуудас чимээд буй Алс Дорнодыг Хятадтай холбох төмөр замын
гүүрний хөрөнгө оруулалт хийгээд технологийн шийдлийг сонирхоё. Алс
Дорнодыг Хятадтай холбосон төмөр замын гүүрийг Амар мөрөн дээгүүр барьж
байна. Энэ гүүр Оросын Нижнеленинское болон Хятадын Тунцзяныг шууд
холбоно Орос стандарт /өргөн/ болон олон улсын стандартын /нарийн/ хос
царигтай байхаар төсөлд тусгажээ. Худалдааны замаа худалдаа хийх орныхоо
замын стандартаас зөрүүлж тавих гэж зүтгэдэг бодлого манайд л байдаг
бололтой. Төсөлд хувийн хөрөнгө оруулалт 6 тэрбум рубль байх бол
Холбооны Засгийн газар 1,73 тэрбум рубль гаргана. Энэ мөнгө нь хяналт
шалгалтын пост гэх мэт ажилд зориулагдана. Нэг ёсондоо уг төмөр замын
гүүрийг 100 хувь хувийн хөрөнгө оруулалтаар барина гэсэн үг. Оросын
төрийн бодлого “төр илүү ачаа үүрэхгүй, хувийн хэвшилд ч илүү ачаа
үүрүүлэхгүй” гэсэн энгийн зарчимд захирагдаж байна.
Тувагийн
маш их нөөцтэй коксжих нүүсний ордыг мөн л Хятадтай холбох бодлогыг
2010 онд гаргасан. 2012 оны олон улсын сэтгүүлчидтэй хийдэг уулзалт
дээрээ “Тувагийн ирээдүйтэй гэгддэг “Элегест” нүүрсний ордыг эдийн
засгийн эргэлтэд оруулж Хятад руу экспортлоно” гэж Путин мөн мэдэгдсэн
удаатай. Энэ ажил хоёр үе шаттай. Нэгдүгээрт Кызыл хотоос Курагино өртөө
хүртэл төмөр зам барьж Туваг Оросын сүлжээтэй холбох. Хоёрдугаарт
Кызыл-Курагино төмөр замын үргэлжлэл байдлаар Монгол улсаар нэвт гарган
Өрөмч, Хятадын төмөр замын сүлжээтэй холбох гэсэн төсөл боловсруулсан
байдаг. Төмөр замын ажлыг мөн л Орос Хятадын хувийн компаниуд
санхүүжүүлнэ. Энэ төслийн нэгдүгээр шат нь Тувагийн Улуг-Хемский нүүрний
бассейн /Элегест/ дээр, Кузнецкий /Кузбасс/, Минусинский гэсэн нүүрний
бассейнуудыг нэмж Хятад хүрэх үр ашигтай маршрут буюу төслийн
хоёрдугаар шатанд гүйцэтгэх замтай холбох зорилготой ажил аж. Эдгээр
нүүрсний томоохон орд бүхий газруудаас Алс Дорнодын боомт ороход хамгийн
багадаа 3000 км төмөр замаар тээвэрлэх шаардлага бий болдог.
Нөгөөтэйгүүр Орос нүүрсээ Хятадтай холбохоор хичээж буй өөр нэг шалтгаан
нь зах зээл. Шууд Хятадтай холбогдсон худалдааны маршрут нь дөт
төдийгүй зах зээл нь найдвартай. Дэлхийн нүүрсний хэрэглээний 50 хувь нь
Хятадад ногдож байна гэсэн тооцоог Олон улсын энергийн агентлаг /IEA/
гаргажээ. “Хятад бол нүүрс юм, нүүрс бол Хятад юм” гэж iEA-ын гүйцэтгэх
захирал гаргалгаа хийсэн нь бий.
Дмитрий Медведевийн саяхан
Хятадад хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Алс Дорнодын бүс нутагт
“Роснефть”, CNPC хамтарсан нефть хайгуул, олборлолт, боловсруулалтын
компани байгуулах гэрээнд Хятадын тал 49 хувь эзэмшинэ, боловсруулалтыг
Хятадын нутагт явуулна гэж заасан. Тус айлчлалын үеэр гарын үсэг зурсан
Уралд байгуулах 200 сая еврогийн төсөвтэй цементийн үйлдвэрийн нийт
хөрөнгө оруулалтын 85 хувийг нь Хятадын талд хариуцуулж байхаар
тохирчээ. Мөн л энэхүү айлчлалын хүрээнд Оросын томоохон нүүрсний
төслүүдийг Хятадын зах зээлд нээлттэй арилжихаар болсон гээд Оросын
эдийн засагт гэгээ нэмсэн олон алхмыг хийх жишээтэй. Дээрх мэт “төр нь
илүү ачаа үүрдэггүй хувийн хэвшилдээ нэмэлт ачаа үүрүүлдэггүй”, хөрөнгө
оруулагчдад тогтвортой нөхцөл бүрдүүлж өгсөн уяан хатан бодлогын үр дүнд
энэ онд гэхэд ОХУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 3
дахин өсөн 55 тэрбум ам.долларт хүрч, коксжих нүүрсний экспорт 80 хувь
нэмэгджээ
Бид төрд ачаа үүрүүлэхгүй, хувийн хэвшил нь барьж
байсан төмөр замаа зогсоож зургаан жил хэрүүл хийлээ. Зах зээлдээ
байршчихсан байсан нүүрсний экспортоо хаасан буруу бодлогын уршгаар
төсвийн хүндрэл, эдийн засгийн хямрал, долларын ханшны хөөрөгдөл
туулахад хүрсэн. Л.Болормаа нийлэлчийн бичсэнчлэн, “Цаг хугацаа улирах
тусам улс төрийн дээрх хоёр алдааны уршиг хойч үеийнхэнд маань тод
мэдрэгдсээр байх биз ээ. Ямартай ч ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан
Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр нүүрсээ урт хугацаанд зах зээлтэй байх
алхмыг хийгээд ирсэн нь эдийн засагт бага болов гэгээ оруулах мэдээ
байлаа. Түүнчлэн эдийн засаг үр ашиг харвал Хятадтай холбогдох төмөр зам
нарийн царигтай байх нь зөв гэсэн зоримог мэдэгдэл нь ч эрүүл бус
бодлогыг засаж залруулах ухаалаг нүүдэл гэж харж байна. Бид энд төөрч
будлиж суух хооронд дэлхийд гуравт орох нүүрсний нөөцтэй Орос улс
Хятадын зах зээл дээр аль хэдийн нүүрсээ байршуулж чаджээ. Нэгэн цагт
бидэнд Хятадын коксжих нүүрсний 44 хувийг атгаж явсан үе байсан юм шүү
уншигчид аа.
Үргэлжлэл бий.
Оросын ШУА-н харъяа хүрээлэнд шинжээч, төслийн удирдагч Б.Сарнай
https://twitter.com/econsarnai