Дэлхийн гангийн холбооны мэдээгээр 10 дугаар сард нийт 134 сая тонн ган төмөр үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад 6,6 хувиар өсчээ. Есдүгээр сард 133 сая тонн ган үйлдвэрлэж байсан байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар дэлхийн 65 улс нэг тэрбум 453 сая тонн ган төмөр үйлдвэрлэжээ.
Хятадын гангийн үлдвэрлэл 10 дугаар сард 65,1 сая тонн болж, дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 48,5 хувийг дангаараа үйлдвэрлэжээ. Уг үзүүлэлт есдүгээр сарынхаас 0,3 сая тонноор буурсан ч өнгөрсөн оны 10 дугаар сарынхаас 9,2 хувиар өссөн байна.
Харин Япон улс 9,5 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7,7 хувиар өссөн дүн юм. АНУ 7,4 сая тонныг үйлдвэрлэж, 8,7 хувиар өссөн бол Өмнөд Солонгос 5,9 сая тонныг үйлдвэрлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5,2 хувиар өсчээ. Хойд хөрш ОХУ-ын хувьд 5,7 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 1,5 хувиар буурчээ.
Ган үйлдвэрлэгчид 10 дугаар сард хүчин чадлынхаа 77,5 хувийг ашигласан хэмээн Дэлхийн гангийн холбооны тайланд дурджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2,5 нэгж хувиар өссөн ч өнгөрсөн есдүгээр сарынхаас 1,8 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм байна.
С.Болд-Эрдэнэ