Индонезийн уул уурхайн салбарын ассоциаци (APEMINDO) нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүнийг экспортлохгүй байх хоригийг шүүмжилжээ. Ингэснээр уул уурхайн компаниуд хайлуулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ хямд нийлүүлэхээс өөр аргагүй болно гэсэн шүүмжлэлийг гаргаж тавиад байна. Индонезийн Засгийн газар эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг боловсруулан экспортлохыг дэмжиж, түүхий эдийн экспортод хориг тавьснаар уг салбараас улсад орох ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм. Иймд нам боловсруулалттай бүтээгдэхүүн экспортлохыг хориглох тухай шийдвэрийг гаргаад байсан юм. Уг шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 12-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ажээ.
Харин уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд цөөн хэдэн томоохон компаниудад илүү хялбар дөхөм байх болно гэсэн шүүмжлэлийг тус улсын салбарын ассоциаци мэдэгдэж буй юм. Индонезэд одоогийн байдлаар “Freeport McMoran”, “Newmont“ зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани одоогийн байдлаар уг шийдвэрийн хэрэгжилтэд албан ёсны хариу өгөөгүй байна. Харин “UC Rusal”, “Glencore Xstrata” зэрэг томоохон компаниуд тус улсад “завшаан”-ыг ашиглан никель, бокситын хайлуулах үйлдвэр байгуулахаар болоод байна. Экспортын хориг үйлчилж эхэлснээр бага уурхай эрхлэгчдэд боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр борлуулах зам үлдэх ажээ. Энэ нь салбарын компаниудыг бүхэлд нь сүйрүүлж, ердөө цөөн хэдхэн компани “амьд” үлдэх нөхцөлийг бүрдүүлэх болно гэдгийг тус ассоциацийнхан шүүмжилжээ.
Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн
засагтай Индонез улс нь эрчим хүчний нүүрс, боксит, цагаан тугалга, никелийн
хүдрийн экспортоороо дэлхийд тэргүүлэгчийн байрыг эзэлдэг юм. Бараг 900 тэрбум
ам.долларт хүрээд буй тус улсын ДНБ-ий 12 хувийг уул уурхайн салбарын орлого
эзэлж байна. Зарим эдийн засгийн судалгааны байгууллагын мэдэгдэж буйгаар, хүдрийн
экспортын хориг хэрэгжиж эхэлснээр Индонез сар бүр 400 сая ам.долларын орлого
алдаж магадгүй ажээ. Энэ нь тус улсын худалдааны алдагдлыг бүр ч илүү
нэмэгдүүлэхээр байгааг тэмдэглэжээ. Харин Индонезийн Засгийн газар хүдрийн
экспортын хоригоос үүдэн гарах эдийн засгийн үр дагаврыг эерэгээр удирдах
боломжтой бөгөөд нөхөн төлбөр олгох хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлж буйг хариу
мэдэгджээ.
Б.Төгс