Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали зэсийн үлэмж орд “Olympic Dam”-ыг дэмжинэ

Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч гол улсын нэг Австрали зэс, уран, алт, мөнгөний том орд “Olympic Dam”-ыг өргөтгөх ажлыг дэмжихээр болоод байна. Өнгөрсөн хэдэн жилд энэ том төслийн өргөтгөлийн ажил олон ч удаа хойшлоод байсан юм. Эцэст нь нийтдээ 30 гаруй тэрбум доллараар хэмжигдэх өргөтгөлийн ажлыг биелүүлэх боломжгүй болсныг энэ онд төслийн эзэмшигч “BHP Billiton” компани албан ёсоор зарлаж байсан билээ. Учир нь зах зээлийн таагүй орчин, ашиглалтын зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлийг тус компани онцолсон байсан. Харин хоёр он солигдох зааг мөчид Австралийн Засгийн газар уг төслийг дэмжихээр болж буйгаа мэдэгдэж эхэллээ. Баруун Австралийн Ерөнхий сайд Жэй Уэтерилл энэ талаар BHP төслийг өргөтгөх шийдвэрээ өөрчлөөгүй гэж мэдэгдсэн тухай хэлжээ. Австралийн Холбооны Засгийн газрын Ерөнхий сайд Тони Аббот уг төслийг Баруун Австралийн эдийн засгийн хамгийн том хөшүүрэг байх болно. Өмнөх Засгийн газрын үед эрдсийн салбарын гол гол төслүүдэд зөвшөөрөл олгох ажлыг удаашруулж, ашгийн татвар, хүлэмжийн хийн ялгаруулалтын татварын хууль гаргасан зэргээр салбарыг үл дэмжиж байсныг ч тэмдэглэжээ.

Уг уурхайн үйлдвэрлэл өнгөрсөн 2011 оны байдлаар 194 мянган тонн зэсийн баяжмал, 4045 тн ураны шар нунтаг, 111 мянган унц алт, 982 мянган унц мөнгө байжээ.

Харин уг уурхайг өргөжүүлснээр үйлдвэрлэл 750 мянган тонн зэсийн баяжмал, 19 мянган тонн ураны шар нунтаг, 800 мянган унц алт болох юм байна.

Баруун Австралийн эдийн засагт энэхүү төсөл нь ажлын байрыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг дэмжих тул мэдэгдэхүйц чухал ач холбогдолтой ажээ. BHP-ийн тооцоолж буйгаар энэхүү төслийн өргөтгөлийн хүрээнд ажлын байр 3000-7000 болж нэмэгдэх ажээ. Мөн 1000 гэрээт ажилтны орон тоо шаардагдахаар байна. Үүнээс гадна шууд бусаар 15000 ажлын байрыг дэмжих ажээ.

Энэ бүс нутагт АНУ-ын “General Motors” хэдэн арван жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн ч 2017 онд үйлдвэрээ хаахаар болж буй бөгөөд энэ нь тус бүсийн 2900 ажлын байрыг цомхтгохоор байна.

BHP Billiton-ы Гүйцэтгэх захирал Эндрью Маккензи өнгөрсөн есдүгээр сард төслийг илүү үр ашигтай болгохоор шинэ технологи судалж буй талаараа мэдэгдэж байсан юм.

Тус компанийн мэдээлж буйгаар энэ орд нь дэлхийд зэс, алтны нөөцөөрөө эхний дөрөвт орох орд бөгөөд ураны нөөцөөрөө тэргүүлэх зэрэгт орох уурхай юм.

Хэрэв уурхайг өргөжүүлэх шийдвэрт хүрвэл ойрын таван жилийн хугацаанд дэлхийн зах зээлд зэс, алт, мөнгө, ураны нийлүүлэлт багагүй хэмжээгээр нэмэгдэхээр байна.



Б.Төгс