Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Камерон МакРей: Хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна

“Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал асан Камерон МакРей Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын буурсан нөхцөл байдлыг эерүүлэхэд зөв арга хэмжээ авч буй ч хайгуул, олборлолтын компаниудад үүсээд буй тодорхойгүй байдлыг арилгахад илүү ихийг хийх шаардлагатай гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

Тэрбээр Оюутолгой компанийн захирлын албан тушаалыг орхисны дараах дөрвөн сарын хугацаанд “Kincora Copper” компанийн Зөвлөх зөвлөлд (advisory board) багтжээ. Мөн түүнчлэн тэрбээр Монголд үйл ажиллагаа явуулдаг “Skypath Partners” хууль эрх зүй, хөрөнгө босгох чиглэлийн зөвлөх үйлчилгээний компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогджээ. Тэрбээр “Монгол руу орох шаардлагатай маш их хөрөнгө мөнгө байна. Гэхдээ энэ нь зүгээр л шууд өөрөө хүрээд ирчихгүй. Үүнд дундын үүрэг гүйцэтгэгч хэрэгтэй” гэжээ.

Рио Тинто, Монголын Засгийн газрын хооронд 2009 онд байгуулсан Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Парламент 2011, 2012 онд өөрчлөхөөр хоёронтоо завдсан. Улмаар Оюутолгойтой холбоотой маргаан Монголд уурхай байгуулах хөрөнгө оруулагчдын сонирхлыг үргээж, 2013 онд Монгол руу орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 54%-иар буурч 2,05 тэрбум долларт хүрснийг Ройтерс онцолжээ.

Түүнчлэн Камерон "Сүүлийн хэдэн жилийн туршид хийсэн алдаанаасаа Монголын хууль тогтоогчид суралцаж буйгаа харуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ ч, хэвлэлийнхэн ч зэрэг дайрцгааж байсан. Би Монголын Засгийн газар ийм асуудлыг хаалганы цаана шийдвэрлэж байхын чухлыг хүлээн зөвшөөрсөн болов уу гэж бодож байна. Энэ бол том алхам урагшилсан хэрэг юм" гэжээ.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэх нь хөрөнгө оруулагчдын итгэх итгэлд маш том нөлөөтэй. Энэ нь Монголын нэрийг өргөхөд ихээхэн дэм өгөх тухай тэрбээр нэмж хэлжээ. 


Б.Төгс