Л. Болормаа
Монгол улс дундаж орлоготой орон болсныг Дэлхийн банк 2012 онд зарласан. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 3673 ам.доллар болсноор монголчууд бид “буурай” ангиллаас гаран, “дундаж” хүрээнийхэн дунд орж ирэв.
Ингээд олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнуудаас авдаг буцалтгүй тусламж ба хөнгөлөлттэй зээлийн эрин өндөрлөсөн түүхтэй.
2011 оны есдүгээр сарын дугаарынхаа хавтасны нийтлэлийг The Mongolian Mining Journal “Bye bye, Stand-By” хэмээн гарчиглаж байсан билээ. Олон улсын валютын сангийн Stand-By хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууссанаар Монгол улс арилжааны зээл авах нөхцөл бүрдсэн юм.
Ийм боломжоо өнгөрсөн хоёр жилд чамгүй ашиглажээ. Хөгжлийн банк 580 сая ам. долларын бонд гаргасан бол Засгийн газар 1.5 тэрбум ам. долларын “Чингис” бондыг мөн олон улсын зах зээлд арилжаалав. Одоо дараагийн зээлийн талаар Засгийн газар санал гаргаж эхэлсэн. Дахин 3.5 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний бондыг үе шаттай гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ дээрх бүх зээл нь хууль эрх зүйн ямар нэг зохицуулалтгүй “явж” байна.
2003 он буюу Монгол улс “хөгжиж буй, буурай” орны ангилалд байх үеэс баталж мөрдсөн Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн хүрээнд арилжааны зээлийн асуудлаа журамлах санаатай өнгөрсөн хоёр оныг үдсэн юм. Товчхондоо бондууд маань эрх зүйн зохицуулалтгүй, эзэнгүй зарцуулагдсан мөнгө гэсэн үг. Монгол улс эл “эзэнгүй” зээлийг мөдхөн эргүүлэн төлнө. 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бонд, 2018 онд Чингис бондын 500 сая ам. долларыг эргэн төлөх гэх мэт үргэлжлэх дарааллаар гадаад өрийн өндөр дарамттай арван жил эхлэх гэж байна.
Ийм арваны гараан дээр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн газар Парламентад хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Зарцуулалтын үүрэг, хариуцлагын цоо шинэ тогтолцоо гэсэн үг. Өрийн удирдлагын хууль нь 7 бүлэгтэй. Хэдийгээр авсаархан төсөл мэт боловч зарчмын олон шинэ хандлагыг өрийн менежментэд оруулж буйгаараа онцлог.
6.1.4. Засгийн газрын өрийн үлдэгдлийн нэрлэсэн дүн нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 70 хувиас, Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн нэрлэсэн дүн нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 20 хувиас тус тус хэтрэхгүй байх” гэсэн заалт нь Өрийн удирдлагын тухай хуулийн үндсэн зарчим юм.
Монгол улс хөгжлийн төслүүддээ зарцуулах санхүүгийн ихээхэн хэмжээний эх үүсвэрийг гадаад зах зээлээс арилжааны журмаар босгох цонхыг дээрх 70 хүртэл хувийн босго нээнэ. Үүний зэрэгцээ, уг санхүүгийн эх үүсвэрийг зарцуулах төсөл, хөтөлбөрт өндөр шаардлага тавин, шууд болон дамжуулан зээлдэгч нарт үүрэг хариуцлага ногдуулсан зарчим хийжээ. Өдийг хүртэл эзэнгүй цацагдсан зээлд хариуцагч онооно гэсэн үг.
Өөр нэг зарчмын өөрчлөлт нь, тухайн зээлд Засгийн газрын баталгааг гаргах эсэхэд өндөр шалгуур тавьсан явдал. Өрийн удирдлагын хуулийн концепцоор бол өнөө аваад байгаа “Чингис” бондын зээл дээрээ Засгийн газар дахин нэмж баталгаа гарах боломж хумигдаж байна. Баталгаа нь ДНБ-ий 20 хувиас хэтрэхгүй хэмээн хумьсан юм. Өөрөөр хэлбэл, аливаа хөгжлийн зээлийг Хөгжлийн банкны баталгаатай бондоор босгох гарц руу шахаж өгчээ. Түүнчлэн Монгол улсын “нийт өр” гэсэн ерөнхий нэр томьёог задалж, Засгийн газрын өр ба компаниудын гадаад өр гэсэн ангилал заагийг хуульчилна.
Товчхондоо, Өрийн удирдлагын тухай хууль өнөөгийн Монголын хөгжлийн гараан дээр тун их хэрэгцээтэй байгаа. Харин уг хуулийн төсөлтэй зэрэгцүүлээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлах ёстой гэсэн шаардлагыг Парламент дахь сөрөг хүчин хүчтэй илэрхийлж байна. “Урт хугацааны тогтвортой бодлогоор том мөнгийг удирдах ёстой” гэсэн санаа. Улс төрийн сонгууль болгоны дараа Парламент дахь улстөрчдийн суудлын харьцаа өөрчлөгддөг бол мега төслүүдийн хэрэгжилт тэрхүү бужигнааныг дагаад хувирах, хөдлөх учиргүй гэсэн баталгаа нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль болно.
Манай улсын макро эдийн засгийн менежментэд ийм зарчмын өөрчлөлт орох гэж байна.
Харин микро хүрээндээ буюу та бидний эргэн тойронд үйл явдал хэрхэн өрнөж буйг эрхэм уншигч сэтгүүлийн шинэ дугаараас дэлгэрэнгүй сонирхоорой. Уул уурхайн цөөнгүй компани ажилтнуудынхаа тоог цөөлсөн болон олон жил яригдсан “Цагаансуварга” зэс-молибдений төслийг эхлүүлэх үйл явцыг MMJ зургадугаар сарын дугаартаа онцоллоо.
Засгийн газрын гадаад өрийн дарамт 2017 оноос илт мэдрэгдэх бол уул уурхайн компаниудын хувьд 2014 он хамгийн хүнд жил болж байна. Учир нь хувийн хэвшлийн гадаад зээлийн эргэн төлөлт энэ онд хамгийн өндөр буюу нийт 702 сая ам.доллараар хэмжигдэнэ. Уул уурхайн томоохон төслүүд нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк ба Стандарт банк зэргээс ам.долларын голдуу зээл авсан байдаг. Долларын ханшийн чангаралтаас үүдээд уг зээлийг эргэн төлөхөд уул уурхайн компаниудад туйлаас хүнд байгаа билээ. Үүний хамт бүтээгдэхүүний экспорт хумигдсан давхар цохилт дунд компаниуд үнэндээ амьдрах аргаа хайж байна.
Хувийн хэвшлийнхэнд ирж буй давхар цохилтыг зөөллөх аливаа дорвитой алхмыг Засгийн газар одоо хэр нь аваагүй байгааг тэмдэглэе.
Засгийн газрын хувьд дутагдаж буй хөрөнгийн эх үүсвэрээ “Чингис” бондоор, мөн дотоодын зах зээлд бонд гаргах замаар нөхсөөр явна. Сүүлийн 2 жилд хоёр их наяд төгрөгийн дотоодын үнэт цаас гаргажээ. Уг дотоодын бондын зохицуулалтыг Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд мөн зохицуулах юм.
Эдийн засгийн аагим халуун зун өмнө маань ирээд байна. Ам. долларын галзуурсан ханшийг тогтоож чадах арга чарга нь Өрийн удирдлагын тухай хууль гэнэм. Ам. долларын бонд нэмж гаргаж байж Монголбанкны нөөцийг нэмэгдүүлнэ, ханшийг барьж тогтооно гэж Засгийн газар найдаж байна. Гэвч энэ бүхэн ажил хэрэг болох хүртэл ямархан хугацаа өнгөрөх бол. Зөвхөн Өрийн удирдлагын хуулийн төслийн хэлэлцүүлэг гэхэд Парламент дээр үргэлжилсэн маргаан дагуулах нь одооноос тодорхой мэдрэгдэж байгаа.
Монгол улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэл тогтоогч бүх байгууллага энэ хавар нэг шатаар бууруулсны дараа Чингис бондын дараагийн “дүү” бонд даруй 7-8 хувийн хүүтэй гарахаас өөр аргагүй. Өндөр өртөгтэй эх үүсвэр буюу Чингисийн “дүү” бонд дахиад дараагийн арван жилийг маань дарамтад оруулна гэсэн үг. Дарамттай хорин жил үргэлжлэх нь ээ.
Манай улсын эргэн тойронд үүсээд байгаа шинэ нөхцөлийг давхар тооцох ч хэрэгцээ гарч байна. Эдийн засгийн үргэлжилсэн хямралын эцэст ОХУ, БНХАУ хоёр манайд улс төрийн “хямд” зээл амлаж уургандаа оруулах шинэ нөхцөл нэгэнт бүрджээ. Аагим зуны гол үйл явдал нь хойд ба өмнөд хөршийн удирдагчдын Монгол улсад хийх айлчлал болно. Энэ оны 8 дугаар сард БНХАУ-ын Дарга Си Жинпин Монголд айлчлах юм. В.Путин мөн айлчлалын урилгыг хүлээн аваад байгаа. 2009 оны эдийн засгийн хямралтай зун эрхэм В.Путин манай улсад нэгэнтээ зочилсонтой ижил түүх давтагдах гэж байна. 2009 ондоо багтаан төмөр зам, ураны хамтарсан компаниуд байгуулах “даалгавар” өгөөд ноён Путин буцсансан.
Энэ удаагийн айлчлалаараа тэрбээр Монголын төмөр замын шинэ шугамууд төдийгүй Тавантолгой ордын шийдэлд ОХУ ба БНХАУ-ын хамтын оролцоог бататгах эрс шийдмэг төлөвлөгөөтэй ирэх нь бараг тодорхой. Өрийн дарамтад ойрхон ирсэн Монгол улс өөрөө “мангасуудын” аманд ороод ирэхэд бэлэн болжээ.