Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Хамгийн боломжит шийдэл: Хоёр төслөө урагшлуулах

С.Болд-Эрдэнэ /2015,4 №077 The Mongolian Mining Journal/

Оюутолгой, Тавантолгой төслийн эргэн тойронд үүсээд байгаа асуудалд бизнес эрхлэгчдийн байр суурийг Mongolian Mining Journal хүргэж байна.


Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан:


Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш чангарсан, эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэх орчин муудчихсан ийм байдлыг засч сайжруулах хамгийн хурдан, боломжит шийдэл бол энэ хоёр том төслөө урагшлуулах явдал. Тэр үүднээсээ энэ хоёр том төслийг аль болох цаг алдалгүй хурдан шийдээд хөдөлгөх ёстой гэсэн бодолтой байдаг. Хоёр тал хэлэлцээр хийж байхад аль нэг талынх нь хүсэлт, нөхцөлийг 100 хувь хангасан гэрээ хийнэ гэдэг боломжгүй. Аль аль тал нь тодорхой хэмжээний буулт хийж байж л гэрээ байгуулагддаг. Манай тал зарчмын том эрх ашгаа тавиад туучихгүй юм бол зарим газраа буулт  хийгээд хурдан шийдчих хэрэгтэй юм.

Эдийн засгийн хүндрэлтэй онцгой нөхцөл байдал үүссэн ийм үед Шийдлийн Засгийн газар байгуулж, УИХ-д суудалтай бүх нам нь эвсчихээд энэ хоёр том төслөө явуулахгүй бол яах гэж хамтарч Засгийн газар байгуулсан юм бэ гэдэг асуудал гарна. Засагт хамтарчихаад шийдвэрлэх ёстой гол асуудал дээрээ улстөржөөд байгаа нь сонин харагдаж байна. Энэ янзаараа бол шийдэгдэхгүй сунжрах нь бололтой. Харамсалтай хэрэг.

Хоёрдугаарт, миний нэг болгоомжилж байгаа зүйл бол монголчууд хоорондоо янз бүрийн өнцгөөс ярьж хэлэлцэх ёстой. Гэхдээ асуудлаа дээд түвшиндээ аваачиж, гадны түншүүдийнхээ дээд удирдлагыг урьж авчирчихаад тэднийхээ өмнө хоорондоо зөрчилдөж байгаа нь утгагүй. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг биз дээ. Ерөнхий сайд нь урьж авчраад гарын үсэг зуръя гэж байхад УИХ-ын дарга нь гарын үсэг зурвал сайдуудыг нь огцруулна гэхээр манай түншүүд, хөрөнгө оруулагчдад Монгол улсыг муухай харагдуулж байгаа юм. Манай худалдааны хамгийн том түнш, нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгч Хятад улстай харилцаагаа дахиад муутгах вий гэдэг санаа зовоох асуудал болоод байна.

Тавантолгойд оролцож байгаа компаниудын бизнесийн түүх, хийж гүйцэтгэсэн ажил, энэ төсөлд оролцох оролцоо нь ямар байх зэргээс хамгийн боломжит бүтэцтэй консорциум гэж харж байгаа. Хоёрдугаарт, энэ гэрээг хариуцаж байгаа М.Энхсайхан сайд урьд нь Ерөнхий сайд байсан. Түүний ярьж байгаа өнцөг, асуудалд хандаж байгаа байдал нь ажил хэрэгч, итгэл төрүүлэхүйц байгаа. Гэтэл үүнийг ингэж улстөржүүлж байгаа нь харамсалтай. М.Энхсайхан сайд хэлсэнчлэн энэ төсөл хөдлөх нь 1072 хувьцаагаа амь оруулах хамгийн хурдан бөгөөд зөв шийдэл гэж тайлбарлаж байгаа.

Аль ч улсын хувьд үндэсний томоохон компаниудаа дэмжсэнээр тэд нар нь бусад компаниуд, нийт эдийн засгаа чирч явдаг. Хоёрдугаарт тэр том компани  нь гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татаж чадах юм бол тэрчинээгээр бяр сууж, дараа дараагийн том ачаагаа үүрч явах боломжтой болдог. Энэ утгаараа “Энержи Ресурс” Хонконгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татаж чадсан, монголчуудын давуу эзэмшилтэй анхны компани шүү дээ. Өнөөдрийн бидний зах зээлийн эдийн засаг, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт маань олон улсын түвшнээс маш их хоцрогджээ. Япон улсын эдийн засгийг дэлхийд тэргүүлдэг том компаниуд нь авч явдаг. Тэдний нэг “Sony” компани гэхэд хувь эзэмшигчдийн ихэнх нь Япон биш хөрөнгө оруулагчид. Үүнээс болж, япончууд “Sony” маань Японых биш болчихлоо гээд муулаад гадуурхаад  байдаг. Гэтэл манайх хуучны сэтгэлгээгээрээ компанийн 51 хувийг ядаж монголчууд эзэмших ёстой гэдэг. Гэтэл ММС-ийн 60 орчим хувийг монголчууд эзэмшиж байхад хувьцаагаа зараад явчихна гэж шүүмжлээд байгаа нь  утгагүй. Хөрөнгийн зах зээлийн талаар наад захын ойлголттой гадны хүн сонсоход инээд хүрмээр ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг юм болоод байна. Ингэж бизнес, эдийн засгаар улстөржихөө болимоор юм.

Оюутолгойн далд уурхай ашиглалтад орвол 90-100 жил ажиллах төсөл. Гэтэл бид далд уурхайн санхүүжилтийг шийд­вэрлэх үү, үгүй юу гэж маргалдах нь утгагүй. Хоёрдугаарт, энэ хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж байгаа зарим хүн аж ахуйн ажлыг сайн ойлгохгүй байх шиг. Аливаа бизнесийн төсөл хэрэгжүүлэхэд төсөв, төлөвлөгөө хийдэг. Гэтэл амьдрал дээр яг төсвийн дагуу явдаг төсөл гэж байдаггүй. Жишээ нь Монголд төсөвтөө багтаад хугацаандаа ашиглалтад ордог барилга, байшин гэж байдаггүй биз дээ. Гэтэл Оюутолгой төсөл дэлхийд томд тооцогдох төсөл. Нэг км гаруйн гүнд маш том комплекс барьж байгуулна гэдэг амаргүй ажил. Ийм том төсөлд орж үзээгүй хүмүүс гэрээний нэг талд, нөгөө талд нь туршлагатай хүмүүс суучихаар үл ойлголцол гараад байна. Ялангуяа манай талаас нөгөө талынхаа өмнө тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг сайн ойлгоогүйгээс  маш их хардлага үүсээд байх шиг. Нөгөө талаас ажил явж байгаа болохоор алдаа гарч байгаа байх. Алдаа гаргадаггүй хүн гэж ажил хийдэггүй хүнийг хэлдэг гэдэг. “Рио Тинто”-гийн талаас ихэнх ажлаа амжилттай хийсэн ч алдсан зүйл байдаг л байх. Гол нь тэрийгээ тойрч эргэлдсээр байтал эрдэс баялгийн үнэ, зах зээл маш хурднаар өөрчлөгдөж байна.