Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перуд 56 тэрбум долларын төслүүд ашиглалтад орно

Энэ онд дэлхийн уул уурхайн, тэр дундаа зэсийн салбарт гурав дахь томоохон тоглогч болох Перу улсад 56 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн  47  төсөл эхнээсээ ашиглалтад орохоор байна. Одоогоор Перуд нэлээд эрчимтэй хэрэгжиж буй эдгээр төслийн 24 нь хайгуулын, 6 нь төслийн өргөтгөлийн зориулалттай юм. Мөн 14-ийнх нь байгаль орчны үнэлгээг хийж дуусгасан бөгөөд гурвынх нь хувьд судалгааны шатандаа байгаа тухай “Андина” агентлаг мэдээлжээ.

Эдгээр төсөл нь гадаадын хөрөнгө оруулалтаар “босч” буй бөгөөд санхүүжилтийн дүнгээр Хятад, АНУ, Канад эхний байрыг эзлэв.

Урд хөршийн хувьд Перу улсад ашиглалтад орохоор хүлээгдэж буй зэсийн төслүүдэд 19.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй дунд Pampa de Pongo, Galeno, Don Javier, Rio Blanco зэрэг томоохон төсөл багтаж байна. Мөн Хятадын компаниуд Toromocho зэс, Marcona төмрийн хүдрийн үлэмж уурхайн өргөтгөлд санхүүжилт олгоод буй юм. Оны эхний улиралд үйлдвэрлэл нь эхлэх Las Bambas зэс, цайр, алт, мөнгөний уурхайд хөрөнгө оруулалт хийсэн нь Хятадын хөрөнгө оруулсан төслүүд дундаа хамгийн томд тооцогдож байна. Дээрх төслүүдэд Хятадын Chinalco, Zijin Mining, MMG, Minmetals, Shougang, Nanjinzhao, Jiangxi Copper, Tongling Nonferrous, Xiamen болон бусад томоохон компани оролцжээ.

Санхүүжилтийн дүнгээр удаах байрыг АНУ 10.13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн дүнгээр эзэлж, Канад улс 8.35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гутгаар байранд явж байна.

Ийнхүү Перу улсын хувьд эдийн засгийн орлого нь уул уурхайн салбараас улам хараат болсоор байгаа бөгөөд сүүлийн мэдээгээр Перугийн экспортын орлогын 60 гаруй хувийг олборлох үйлдвэрлэл эзэлсэн дүн гарчээ. 


Б.Төгс