Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австралийн нүүрсний мужийг хүчтэй хар салхи дайрч байна

Австралийн нүүрс олборлолтын гол муж болох Квийнслэндийн зүүн хойд эргийн дагуу Дэбби нэртэй хүчтэй хар салхи энэ долоо хоногийн эхээр нүүрлэж байна. Уг хар салхи нь дөрөвдүгээр зэргийн хар салхи бөгөөд 2011 оноос хойших буюу сүүлийн 6 жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байна. Тус улсын цаг уурын хүрээлэнгийн мэдээлж буйгаар энэхүү хар салхи нь 260 км/цагийн хурдтай юм байна. Хар салхины гамшиг нүүрлэх эрсдэлтэй холбогдуулан тус мужийн зүүн эргийн Мackey хотоос 25 мянга гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон бол томоохон уурхайнууд уурхайгаа хаах зэрэг арга хэмжээг өчигдрөөс авч эхэлжээ.

Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том олборлогч Гленкор болон BHP Billiton зэрэг компаниуд South Walker Creek,Collinsville, Newlands зэрэг уурхайгаа түр хаагаад байна. Австралийн хамгийн том төмөр замын тээврийн компани Aurizon тухайн хэсгийн нүүрс тээвэрлэлтийг ч мөн түр зогсоожээ. 2008 болон 2011 онд Австралийн нүүрсний мужид хүчтэй хар салхи нэрвэсний улмаас гол гол нүүрсний уурхайнууд хаагдаж дэлхийн зах зээлд коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт тасалдаж, улмаар уг түүхий эдийн үнэ ханшийн оргилдоо хүрч өсч байсан юм.

Харин энэ удаад Дэбби хэмээх циклоноос болж нүүрсний зах зээлд нийлүүлэлт тасалдах эрсдэл төдийлөн нүүрлэхгүй болов уу гэж зах зээл шинжээчид таамаглаж байна. Учир нь компаниуд зөвхөн зарим уурхайгаа хаасны зэрэгцээ үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 500 жил бус 1000 жилд нэг удаа тохиох үерийн эрсдэлээр тооцож бэхлэлтээ хийдэг болжээ. Өмнөх 2011 онд тохиолдсон Яси хэмээх тавдугаар зэргийн хар салхины үеэр уурхайнууд үерийн усанд автаж, бүх машин техник тэр чигтээ ажиллагаагүй болж байсан нь компаниудад мартагдашгүй сургамж өгсөн юм. Нөгөөтэйгүүр уурхайнуудыг циклон дайрах үед салхины хүч нь хавьгүй суларсан байх төлөвтэй байгаа юм.

Харин мужийн газар тариалангийн салбар, тэр дундаа чихрийн нишингийн тариалангийн салбар ургац алдах аюулд ороод байна. Нийт ургацын тал хэсгийг хар салхи дайрах нь тодорхой болоод байгаа бөгөөд одоогоор ургац алдах эсэхийг хэлэхэд эрт байна гэж мужийн нишингэ үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгджээ.

Дэбби хар салхины эрч орон нутгийн цагаар мягмар гаригийн өглөө хүртэл хамгийн хүчтэй байсан байна.

 

 

Б.Төгс