Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Тавдугаар сарын улс төр


Н.Ариунтуяа


Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх ганц сэдвээр улсаараа “халуурсан” сар ирлээ. Зургаадугаар сарын 26-ны санал хураалтын өдрийг дуустал, магадгүй   зунжин мэтгэлцэж мэдэх сэдэв биз. 

Бүх ард түмнээс сонгогддог субьектын сонгуульд улс орныхоо аль өөдтэй, шилдэг гэснээ уралдуулахыг хүсэх нь зүй. Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох 7 дахь удаагийн сонгуульд нэг тойргоос гарч чадаагүй, нэг намд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй, улсын нийслэлдээ хамгийн муу нэр хүндтэй хүмүүс өрсөлдөхөөр тодорч, тэрбум тэрбумаар нь мөнгө цацах тухай яригдаж байна. Нэр дэвшигчдээ тодруулсан намуудын шийдвэрүүдийн ард монголчууд хэд хуваагдан мэтгэлцэж байна.

Нэгэнт мандат авсан гурваас энэ нь арай дээр юм уу гэх байдлаар сонголт хийж таарах учраас тэдний уул уурхайн салбарт баримтлах бодлого ямар ялгаатай байхыг улстөрчийнх нь үг, үйлдэл, хандлагаас тодруулж харах гээд үзье. Тэгвэл дээрх тодорхойлолт арай өөр болж хувирна. Ямагт Оюутолгой төслийн эсрэг зогсдог С.Ганбаатар, уул уурхайн төмөр замын төслийг Тавантолгой төсөлтэй давхар гацааж ирсэн Х.Баттулга, эрдэс баялгийн салбарт ямар байр суурьтай ханддаг нь тодорхойгүй М.Энхболд.    

Гуравдагч хүчин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг ил цагаан эсэргүүцэгч. Уул уурхайн салбарт маргаан өдөөж, хөрөнгө оруулагчдыг айлгадаг популистуудын гол төлөөлөл юм. Тэрээр “гудамжны  тэмцэгч” байхдаа ч, УИХ-ын танхимд орж ирээд ч “Рио Тинто”-той хийсэн түншлэл, Оюутолгойн гэрээг өөрчлөхийг   шаардсаар ирсэн билээ. Энэ оны хоёрдугаар сард “Монгол улсын Ерөнхийлөгч болмоор байна” гэдгээ хэвлэлээр зарлаж, улсаа аврах төлөвлөгөө гэгчийг танилцуулсан. “Нэгд, Тавантолгойн 7.4 тэрбум тонн нөөцийг тонныг нь 10 доллараар тооцон, 74 тэрбум ам.доллараар шууд зар. Хоёрт, Оюутолгойг 45 тэрбум ам.доллараар зар. Гуравт, алтны роялтиг яаралтай нэм”. Энэ нь түүний Монгол орныг аврах төлөвлөгөө, Ерөнхийлөгч болоод зүтгүүлэх амбиц, Монголын уул уурхайг самрах санаачилга нь. Ердөө ганцыг нь өлгөж авахад, алтны роялти  нэмж, Гэнэтийн ашгийн татвар авах “мэргэн” санаа Монголын алтны салбарыг далд үйлдвэрлэл болгон хувиргаж, нинжагийн түвшинд аваачсаны гор эдүгээ ч арилаагүйг тэмдэглэе. Оюутолгойн 51 хувь төрд байх ёстой гэж амаа цангатал ярьсан түүний байр суурь, өдгөө шууд зарах болж хувирсныг анзаарсан биз ээ.    

Сөрөг хүчин АН-аас сунгаагаар гарч  ирсэн Х.Баттулгын хувьд Монголын парламентад 2004 оноос эхлэн 3 удаа сонгогдоод, өнгөрсөн жилийн сонгуулиар тойрогтоо өвдөг шороодсон. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа тэрээр Тавантолгойн орд болон тус уурхайгаас урагш татах төмөр замд хувийн хөрөнгө оруулалт хийхийг улайран эсэргүүцэж ирсэн ч Оюутолгойн талаар ам нээж байгаагүйг бизнесийнхэн гайхдаг. Зам тээврийн салбарыг 2008 оноос хойш атгахдаа төмөр замын царигийн маргааныг төрүүлж, улс төрийн ужиг хэрүүлтэй хутгаж хаясан. Уул уурхайн экспортын хамгийн ашигтай зам гэгддэг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг 2009 онд “Энержи Ресурс” барьж эхэлсэн бол 2013 онд ашиглалтад өгч, 18 жилийн дараа төрд зуун хувь хүлээлгэн өгөх байв. Түүнтэй яг зэрэг гарсан шийдвэр ажил болж,  “Болд төмөр Ерөө гол” компани төмөр зам бариад, төмрийн хүдрийг экспортод гаргасаар цөөн бус жилийн нүүр үзэж байгаа. Улс орны эдийн засагт хөшүүрэг болох том төслийг нэг хүн яаж гацааж, чөдөрлөж, хөгжлийн хурдыг сааруулж чаддагийн яруу тод жишээ. 

Эрх баригч МАН-ын дарга М.Энхболдын хувьд Нийслэлийн Засаг даргаас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын дарга гээд   өндөр албыг хашиж ирлээ. Одоо Ерөнхийлөгчийн сэнтий л дутуу үлдсэн. Гэхдээ эрдэс баялгийн салбарын хувьд тод шийдвэр, тодорхой ул мөр үлдээсэн гээд тоймтой хэлчих юм ховор. Хувь улстөрчийн гэхээсээ гол төлөв намынхаа байр суурь, хандлагаас асуудалд хандаж ирсэн тэрээр Оюутолгой, Тавантолгой төсөл дээр ч ховорхон ам нээжээ. Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь шүүж үзвэл тийм тохиолдол нэг хоёроор хязгаарлагдана.  
“Дубайн гэрээ”-нд шүүмжлэлтэй хандсан ч Оюутолгойн уурхайд “Дубайн гэрээ”-ний дагуу ажил эхэлж, олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчдын өмнө Монгол улс үүрэг хүлээчихлээ. Дэлхийн хэмжээний төслийн хувь заяаг шийдэж байгаа учраас ийм тохиолдолд Тавантолгой шиг дотоодын улс төр болгон бужигнуулж улсаа хохироон, том төслүүдийнхээ нэр хүндийг дэлхийн зах зээл дээр унагаж болохгүй” гэсэн байр сууриа уул уурхайн салбарт үргэлжлүүлэн хадгалах болов уу гэж найдаж болох талтай. 

Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрхтэй гурван субьектын нэг. Энэ өнцгөөс харвал асуудлаа чирч яваа эрх баригч намаас нэр дэвшигч нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан уул уурхайн бодлогоос нэг их зөрөөд давхиад байхгүй болов уу. Тэр тусмаа намын дарга байхдаа бодлогыг боловсруулсан учраас мөрийн хөтөлбөр нь илүү боловсронгуй болох, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлсэн хуулийн зохицуулалтууд дэвшүүлж мэдэх юм. Уул уурхайд тогтвортой байдал хүсч байгаа бизнесийн төлөөллүүдийн дэмжлэг ч үүний нэг нотолгоо байж магадгүй.

Юутай ч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын эерэг энерциэр сэргэх идэвхжилд орж буй уул уурхайн салбарыг дахин нэрмэх цохилт хэрэггүй юм. Уул уурхайн том төслийг гацаах, зогсоох, хөөн гаргах санаархлыг бүр ч өдөөх хэрэггүй. Ийм тохиолдолд М.Энхболд нь арай дээр юм уу гэсэн санаа.
                ...
Тавдугаар сарын энэ их улс төр дунд Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өмнөд хөршид айлчлаад ирэв. Хятадыг зорьсон түүний томилолтод ач холбогдол өгч харсан зүйл нь эдийн засагт дутаж буй санхүүгийн дэмжлэгийг гуйхын сацуу Тавантолгойн асуудал давхар хөндөгдөнө гэсэн хүлээлт байв. 

Тавантолгой төслийг бүрэн утгаар нь хөдөлгөнө гэдгээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар зарлаж, өнгөрсөн оны сүүлээр хөрөнгө оруулагчидтай сүр дуулиантай хэлэлцээр эхлүүлэхэд л хэр хурдтай, шийдмэг ажиллаж чадах бол гэх хүлээлт Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулагчдад төдийгүй хямралд туйлдсан олон нийтэд ч өндөр байсан билээ.

Ерөнхий сайдыг урд хөршид айлчлахаас өмнө Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баг тус улсад айлчлан төмөр зам, уул уурхай, бусад асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөсөн ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан. Ерөнхий сайдын айлчлалаас тоймтой алхам хүлээж байсан ч мөн л талаар өнгөрөв. 

Тавантолгойгоо эрчимжүүлмээр байна гэх арван он дамнан улиглаж буй сэдвээ манай Ерөнхий сайдыг сөхөхөд Хятадын дарга, “Би 10 жилийн өмнө БНХАУ-ын дэд дарга байхдаа Монгол улсад айлчлахад Тавантолгойг хөгжүүлье гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр 10 жилийн дараа Монгол улсын Ерөнхий сайд ирээд, дахиад Тавантолгойг ярьж байна. Та бүхэн Тавантолгойн асуудлаар бидэнтэй хамтарч ажиллана, ажиллахгүй гэдгээ шуудхан хэл. Бид заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэхгүй. Хамгийн гол нь бодлогоо цэгцтэй гарга, түүндээ тууштай бай. Юу хийх гэж байгаагаа тодорхой хэл. Тэгээд ажлаа эхэлье” гэж хариу барьжээ. Ц.Мөнх-Оргил сайд яг ингэж хэлсэн хэмээн хэвлэлийнхэнд дуржигнуулав. Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчаар шийр заан тунаж үлдсэн өмнөд хөрш Монголын сайн чанарын коксжих нүүрсний ордын үнэ цэнийг улам унагасаар байгаа улс төрийн шийдвэрүүдээс залхаж эхэлсний илрэл юм. Си Жинпиний үгээс харвал Ерөнхий сайд Тавантолгой дээр зорилго тодорхойгүй, ажил болгохыг эрмэлзсэн төлөвлөгөөгүй очсон бололтой.

Ж.Эрдэнэбатын айлчлалын 21 санамж бичиг,  ойрын 2-3 жилд үзүүлэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж, БНХАУ-ын Ардын банк Монгол банк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгах зэрэг яриа хэлцлүүдээс Си Жинпиний “дайсан үг” л монголчуудад илүүтэй сургамж болж үлдэх нь. Дотроо үг хэлээ ололцохыг, дээвэр дороо ойлголцохыг хөрш орны тэргүүн нөхөрсөгөөр сануулжээ.

2008 оноос хойшхи арван жилд Монгол улс таван засгийн нүүр үзэж байна. Тавантолгой дээр хэчнээн ч ажлын хэсэг байгуулагдав. Энэ бүх хугацаанд хөрөнгө оруулагч тал тэсвэртэй хүлээжээ. Эдүгээ тав дахь Ерөнхийлөгчийн үед асуудал яригдах гэж байна. Үр дүнд нь Тавантолгой төслийг бүрэн утгаар нь ашиглах гэсэн эрмэлзэл 10 оны туршид бүдгэрсээр, тунхаглал болоод замхрах тийшээ хандаж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр боломжууд алдагдаж, төслийн үнэ цэнэ унасаар. Уг нь олон улсын тендер зарлан, бөмбөрцгийг хэрсэн том компаниуд сонирхлоо илэрхийлэн байх үед Тавантолгой төслийг Оюутолгой шиг эдийн засгийн хурдасгуур болгох нь тун чиг ойрхон биелж болох мөрөөдөл байсан юм.

Эдүгээ Тавантолгой төсөл хүлээлтийн горимд оржээ. Тавантолгой төслийг уурхайн төмөр зам, цахилгаан станцтай багцаар нь нэг төсөл болгож хэрэгжүүлэх тухай Сангийн сайд үг унагасныг эс тооцвол Ажлын хэсэгт багтсан мэргэжилтнүүд ганц үг ганхийхгүй, мөрөө хавчихаас өөр хариулт алга. Тавантолгой төслийг ондоо багтаан хөдөлгөнө гэж хоёр, гуравдугаар сард идэвхтэй хэлж ярьж явсан салбарын сайд дуугаа хураажээ. Бодит байдлыг тайлбарлах, хийх гэж буй ажлуудаа хэлэх, итгэл найдвар төрүүлэх юу ч алга. Ердөө Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл гэсэн ганц хариулт л улам тод болж үлдэв.  

MMJ-ийн шинэ дугаарыг дэлгэн суугаа уншигч та “Панамын баримт бичиг” дээр биечлэн ажиллаж, Монгол улстай холбоотой мэдээллүүд дээр эрэн сурвалжлага хийж буй сэтгүүлч Миранда Патручичтай Э.Оджаргалын хийсэн ярилцлагыг уншаарай. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Гүржид зохиогдсон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтад MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал оролцсон юм. Ингэснээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнд нэгдэж, мэргэжил  нэгтнүүдтэйгээ мэдээллээ хуваалцах, хамтарч ажиллах боломжууд нээгдэж байна. “Панамын баримт бичиг” дэх мэдээллийн мөрөөр сэтгүүлчид эрэн сурвалжлага хийж, олон нийтэд дэлгэсээр байгаа ба өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд цацсан Оросын төмөр зам РЖД-тэй холбоотой оффшор компани “Multiserv Overseas” Монгол улсад төмөр замын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийсэнтэй холбоотой мэдээллийг энэ дугаарт нийтэллээ.




  • Зочин (49.0.135.43)
    zagatnasan gazar maajsan sain bichjee
    2017 оны 05 сарын 30 | Хариулах