Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Шинхуа группийг эрчим хүчний магнат Guodian-тай нэгтгэнэ

Хятадын нүүрсний магнат “Шинхуа” групп болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний компани “China Guodian корпорацитай нэгдэж 1.8 их наяд юань буюу 265 тэрбум ам.долларын үлэмж хэмжээний үнэлгээтэй компани байгуулах нь тодорхой боллоо.

Хоёр компанийн нэг болох Хятадын нүүрсний хамгийн том компани гэдгээрээ танигдсан, 1 их наяд гаруй юаниар хэмжигдэх хөрөнгөтэй “Шинхуа” групп нь зөвхөн нүүрсний уурхайгаас гадна 83 гигаваттын хүчин чадал бүхий цахилгаан станцуудыг эзэмшдэг. 

Үндэсний хэмжээний томоохон эрчим хүчний компани Guodian нь нүүрсний уурхай мөн давхар эрхэлдэг бөгөөд нийт хөрөнгийн үнэлгээ нь өнгөрсөн оны сүүлийн байдлаар 803 тэрбум юаниар хэмжигдэж байсан юм. Хятадын цахилгаан эрчим хүчний зөвлөлийн мэдээлж буйгаар тус компани 143 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станцуудыг эзэмшдэг ажээ.

Хоёр компанийг ийнхүү нэгтгэх ажил ил тод болсон нь Хятадын Засгийн газрын төрийн өмчийн компаниудыг нэгтгэх, бүтцийн өөрчлөлт хийх эрчимтэй үйл ажиллагааны нэг тод жишээ болж байна. Хятадын нүүрс, эрчим хүчний салбар одоо алдагдал, ашиг орлого нь тэнцдэг наашаа ч үгүй цаашаа ч үгүй байдлаасаа гарах тал руу эргэснийг салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Учир нь эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог нь эрчим хүчний компаниудад дарамт болдог бол зарим үед зах зээлд нүүрсний үнэ буурах үед нүүрсний цахилгаан станцуудын ашиг ихэсч, эсрэгээр уурхайнууд хүндхэн байдалд ордог байна. Харин энэхүү хоёр салбарын томоохон компаниудыг нэгтгэснээр энэ зовлон арилах нөхцөл байдал үүсэх юм. Нөгөөтэйгүүр, илүүдэл хүчин чадал арилж, үр ашиг дээшилж, компанийн удирдлагын чанар сайжирна гэж үзэж байна.  

Хятад улсад одоогийн байдлаар эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн хэмжээ 1800 гигаваттад хүрээд байгаагийн 70 хувийг нүүрсний салбараас бүрдүүлсэн хэвээр байгаа юм. Хятад улсын олон улсын өмнө хүлээгээд байгаа байгаль орчныг хамгаалах үүргийн дагуу тус улс 2020 он гэхэд нүүрсний цахилгаан станцын үйлдвэрлэлийн хэмжээг дээд тал нь 1100 гигаваттад барих эсвэл нийт үйлдвэрлэлийн 55%-иас хэтрүүлэхгүй болгож бууруулах шаардлагатай байгаа юм.

“Шинхуа” группыг Хятадын эрчим хүчний томоохон компанийн нэг China Datang компанитай нэгтгэх гэж буй тухай өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд олон улсын хэвлэлүүдээр шуугисан ч тус компани энэ тухайд үгүйсгэсэн хариулт өгч байсан билээ. Тэгвэл энэ удаад нүүрсний магнатыг эрчим хүчний Guodian компанитай нэгтгэх тухай хоёр компанийн Хонконг дахь салбар мэдээллээ. Компаниудыг нэгтгэх гол яриа хэлэлцээрүүд одоогоор өрнөж байна.

Хятадын хувьд эрчим хүчний салбарт таван гол компанитай бөгөөд тэдгээрийн дунд China Datang Corporation, China Guodian Corporation, China Huadian Group, China Huaneng Group, China Power Investment Corporation зэрэг компани багтдаг ажээ.



Б.Төгс