Энэтхэгийн нүүрсний магнат Adani групп Австралийн Квийнслэнд мужид удтал хүлээгдээд байсан Carmichael эрчим хүчний нүүрсний 16.5 тэрбум ам.долларын төслийг эхлүүлэхээр боллоо. Энэ төсөл нь бараг долоон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн боловч мужийн Засгийн газар роялтийн хувь хэмжээ болон бусад асуудлаас болоод батлалгүй өдий хүрсэн юм. Харин өнгөрсөн сард мужийн Засгийн газартай роялтийн асуудлаар тохиролцож чадсанаар 16.5 тэрбум ам.доллар буюу 21 тэрбум австрали долларын нүүрсний төслийг эхлүүлэх эрхээ Adani олж авсан юм. Улмаар өнгөрсөн мягмар гарагт тус компанийн ТУЗ уурхайг эхлүүлэх шийдвэрийг албан ёсоор баталснаар хоёр талаасаа нэгдсэн шийдэлд хүрлээ.
Тус уурхайн төсөл нь уурхайгаас гадна төмөр зам, боомтын бүтээн байгуулалтыг хамарч буй бөгөөд Энэтхэг улсын эрчим хүчний тогтвортой байдалд чухал алхам боллоо гэж компанийн зүгээс үзэж байна. Уурхайг 60 жилийн хугацаанд ашиглах бөгөөд 2.3 тэрбум тонн нүүрс олборлоно гэж төлөвлөжээ. Уг төсөл нь бүтээн байгуулалтын оргил үедээ шууд болон шууд бус 10000 гаруй ажлын байр бий болгох төлөвтэй байгаа юм.
Австрали улсаас Энэтхэг рүү ураны нийлүүлэлт хийх тохиролцоог өнгөрсөн 2015 оны сүүлээр талууд баталгаажуулж байсан бол одоо хоёр улсын хооронд томоохон нүүрсний нийлүүлэлтийн шугам нээгдэх төлөвтэй болж байна. Өөрөөр хэлбэл Австрали, Энэтхэг хоёр улс нь эрчим хүчний томоохон хамтрагчид болох зам нээгдлээ. Уурхайн бүтээн байгуулалтын урьдчилсан шатны ажил ирэх наймдугаар сараас эхлэхээр байгаа бол экспортыг 2020 оноос эхлүүлнэ гэж тус компани төлөвлөжээ.
Гэвч Энэтхэгийн эрчим хүчний зах зээлийн төлөв байдлаас үзэхэд Carmichael төслийн ирээдүй тун бүрхэг байж магадгүй байна. Учир нь Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг нэлээд дэмжих хандлагатай байгаа бөгөөд нүүрсний станцуудаас ирээдүйд салах бодлого барина гэдгээ зарлаад буй юм.
Үүнээс гадна Австралийн байгаль
орчныг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөл дэлхийн дундаж хэмийг 2
градусаас илүү хэмжээгээр нэмэгдүүлэхгүй байх зорилтод уг төсөл сөргөөр
нөлөөлнө гэж эсэргүүцэж байна. Одоогоор дэлхийн дундаж хэм аль хэдийнэ 0.7
хэмээр нэмэгдээд байгаа бөгөөд Австралийн Great Barrier Reef орчимд уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөгөөр ноцтой сөрөг нөлөө ажиглагдаж эхлээд буйг сануулжээ. Уг уурхай
ашиглалтад орсноор /нийлүүлсэн нүүрсийг зөвхөн шатаахад үүсэх нөлөөг тооцоход/
нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ жилд 120 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Б.Төгс