Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос, Хятад хамтарсан Хөрөнгө оруулалтын сан байгуулна

Энэ сарын 3-нд эхэлсэн БНХАУ-ын дарга Си Жинпины ОХУ дахь төрийн айлчлал хоёр өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд Хятадын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, улс төр, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёлын салбарыг хамарсан цөөнгүй баримт бичиг, гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэсэн юм. Тэр дундаа хоёр улсын 2017-2020 оны хөрш орны найрамдал, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.

Уул уурхайн салбарт хоёр улсын газар нутаг дээр нүүрсний хийн хайгуул хийх,  олборлох, боловсруулах хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Газрын тосны чиглэлд “Роснефть”, CEFC компаниуд стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Хоёр талын худалдаанд рубль, юанийн хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Мөн Хятадын тал “Нэг зам нэг бүс” санаачилгадаа нэгтгэх сонирхолтой Оросын “Евразийн эдийн засгийн коридор”-т багтаж буй олон улсын тээврийн “Приоморье 1“,“Приоморье 2“ коридорын хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Түүнчлэн, талууд нийт 10 тэрбум ам.долларын дүрмийн сантай хамтарсан Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцлоо. Тус сан нь байгалийн баялгийн олборлолт, боловсруулалт болон уул уурхай, дэд бүтэц, зам тээвэр, хөдөө аж ахуй, технологийн инновацийн салбарт хөрөнгө оруулах зорилготой. Сангийн хөрөнгө оруулалтаар эхний хоёр жилийн хугацаанд “Европ-баруун Хятад” тээврийн коридорын Оросын талын бүтээн байгуулалтыг хийхээс гадна сансрын хамтарсан судалгаа эхлүүлэхээр төлөвлөж байна.    

Харин  “Сибирийн хүч 2”  буюу “баруун” чиглэлийн хоолойгоор Баруун Сибирийн нутгаас Алтайн хязгаараар дайран Хятад руу байгалийн хий нийлүүлэх гэрээг энэ удаа үзэглэсэнгүй.    
           
Орос, Хятадын худалдааны эргэлт 2016 онд 4%-иар өсч 66 тэрбум хүрсэн юм. Энэ оны  эхний дөрвөн сарын байдлаар 24,5 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. БНХАУ-ын дарга Си Жинпин айлчлалынхаа төгсгөлд есдүгээр сарын 3-5-нд Хятадад зохион байгуулагдах БРИКС-ийн орнуудын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг оролцохыг албан ёсоор урилаа.

Э.Од