Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт Шинхуа группт 2008 онд олгоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн тал хэсгийг худалдаж авахаа мэдэгдсэн байна. Хөдөө аж ахуйн гол бүс нутагт уул уурхай явуулахыг эсэргүүцсэн фермерчид болон байгаль орчны хөдөлгөөнийхний эсэргүүцлээс үүдэн ийм шийдвэрт хүрчээ.
Австралийн хамгийн их хүн амтай тус мужийн Засгийн газар Шинхуа группын Liverpool Plains-ийн нутагт олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 51.4%-ийг худалдаж авахаар тохиролцсон тухайгаа мэдэгджээ.
Тус мужийн Нөөц баялгийн сайд Дон
Харвин “Энэ Засгийн газрын үед Liverpool
Plains-ийн үржил шимт талбайд дахиж хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй бөгөөд
ямар ч уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй. Энэхүү хайгуулын тусгай
зөвшөөрлийг эргүүлэн худалдаж авснаар Liverpool
Plains-ийн үржил шимт хөрс уул уурхайгаас хамгаалагдах болно.” гэж мэдэгдсэн
байна. Гэхдээ өндөрлөг хэсгүүдэд хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэх
боломжтой ажээ. Liverpool
Plains нь 1.2 сая га талбай бүхий хөдөө аж ахуйн томоохон бүс нутаг ажээ.
Уул уурхайг эсэргүүцэн тэмцэгчид тус бүс нутагт уул уурхайг бүрэн хориглох шийдвэр гаргуулах хүртлээ тэмцэх болно гэдгээ амласан байна.
Lock the Gate Alliance байгаль орчныг хамгаалах группын зохицуулагч Фил Лэйрд “Энэхүү буцаан худалдан авалт нь Шинхуагийн нүүрсний томоохон уурхай байгуулах нөлөөллийг арилгахад багахан л хувь нэмэртэй. Бид цаашид эндхийн бүх уул уурхайг зогсоохын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ.
Шинхуагийн 1 тэрбум австрали долларын төсөв бүхий Watermark нүүрсний уурхайн төсөлд хамаарах 19.5 мянган га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2008 онд 300 сая австрали доллараар олгож байжээ. Гэвч уурхайн үнэлгээг фермерчдийн санал хүсэлтэд тохируулан шинэчлэх ажил болон бусад шинжилгээ судалгааны ажлаас үүдэн уурхай эхлэх өдөр хойшилсоор өдий хүрчээ.
Шинхуа группын хувьд Засгийн газрын саяхны энэхүү үйлдэлд сэтгэл дундуур байгаагийн зэрэгцээ тухайн хэсэгт хариуцлагатайгаар уул уурхай эрхлэх байснаа дурдсан байна. Гэвч санхүүгийн хувьд энэхүү тохиролцоо нь хүлээн авахуйц санал гэдгийг Ройтерс агентлагт цахим захидлаар уламжилжээ. Анх 300 сая австрали доллараар авч байсан газрынхаа тал хэсгийг одоо 200 сая ам.доллар буюу 262 сая австрали доллараар зарж буй нь Шинхуа группт ашигтай тусч байгаа юм.
Энэхүү алхам нь тус мужийн хувьд шинэ зүйл биш ажээ. Учир нь өнгөрсөн онд Шинэ Өмнөд Уэльс муж бүтэн арван жилийн турш фермерчдийн эсэргүүцэлтэй тулгарсан BHP Billiton компанийн Caroona нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлийг 220 сая австрали доллараар худалдан авч, төслийг хааж байсан юм.
Одоо Өмнөд Солонгосын KEPCO-ийн нүүрсний
уурхай ч мөн
адил фермерчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Б.Төгс