Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хориг 15-наас мөрдөгдөж эхэлнэ

Гэрэл зургийн эх сурвалж: greenarea

БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тодорхой хязгаар тавих болсон билээ. Өвлийн улиралтай холбогдуулан тавигддаг энэхүү хориг нь юуны түрүүнд зүүн, зүүн хойд бүс нутгийн томоохон хотуудын түүхий эд, тэр дундаа ган, хөнгөн цагаан зэрэг төмөрлөгийн үйлдвэрүүдэд хамаарч байна. Арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэх хоригийн дагуу өвлийн улирлын турш Хятадын 28 хотуудад гангийн үйлдвэрлэл 50%-иар буурах юм. Энэ нь 45.7 сая тонн гангийн нийлүүлэлт тасарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2016 оны Хятадын гангийн нийт үйлдвэрлэлийн 6%-тай тэнцэж байгаа юм.

Жилд 100 сая тонн хүртэл гангийн үйлдвэрлэлтэй Таншань хотын захиргаанаас нүүрсээр ажилладаг бүх үйлдвэрүүдээ аравдугаар сарын 12-ноос бүрэн зогсоосон байна. Ингэснээр тус хотын гангийн үйлдвэрлэл 50%-иар буураад буй.

Нүүрс ашигладаг гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд бууруулж буй хэдий ч есдүгээр сард Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг хотуудын агаарын чанар  өнгөрсөн жилтэй харьцуулахад төдийлөн сайжрахгүй байгааг тус улсын Байгаль орчныг хамгаалах яамнаас мэдэгджээ. Тиймээс томоохон хотуудын засаг захиргаанаас төмөрлөгийн үйлдвэрүүдэд тавигдах шаардлага, хоригийг чангатгаж байна. Нөгөөтэйгүүр, Коммунист намын XIX их хурал дээр Хятад улс экологийн хямралыг зогсоох 2035 он хүртэлх томоохон хөтөлбөрийг зарласан билээ.

Хориг хэрэгжиж эхэлснээр тус улсын төмөрлөгийн үйлдвэрүүдийн 40 орчим хувь нь өвлийн улиралд хаагдана гэж тооцоолж байна. Өнгөрсөн онд хоригийн хүрээнд тус улсын 50 мянган үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож байжээ. Хятадын Засгийн газраас хоригийг зарласны дараагаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 2.7%-иар буурч 427.5 юань буюу 64.34 ам.доллар болсон байна. 

Э.Од