Оросын өнгөт металын “Норникель” компани сүүлийн 5 жил хэрэгжүүлж буй хамгийн том төслөө ашиглалтад оруулж байна. Тодруулбал, Забайкалийн хязгаар дахь уулын баяжуулах Быстринскийн үйлдвэр нь анхны хүдрээ боловсруулж эхэлжээ. Энэхүү үйлдвэр нь 1990 оноос хойш Орост байгуулагдаж байгаа зэсийн хоёр дахь том үйлдвэрт тооцогдож байна. Ашиглалтад орсноор тус улсын зэсийн нийт үйлдвэрлэлийг 6%-иар нэмэгдүүлэх юм.
2018 онд үйлдвэр 50%-ийн хүчин чадлаар ажиллах бөгөөд 2019 он гэхэд бүрэн хүчин чадалд хүрэх төлөвлөгөөтэй. Ирэх онд баяжуулах үйлдвэрээс 28-30 мянган тонн зэсийн, 140 мянган унц алтны болон 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг тус тус үйлдвэрлэн Хятадын зах зээлд нийлүүлэхээр тооцоолж байна.
Үйлдвэрийн төслийн нийт өртөг 1.5 тэрбум ам.доллар болохыг “Норникель” компанийн дэд Ерөнхийлөгч Сергей Дяченко мэдэгджээ. Төслийн хүрээнд баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулахад 250 МВт эрчим хүч дамжуулах 234 км цахилгаан шугам суурилуулж, 375 км төмөр замыг бүтээн байгуулсан байна.
“Норникель” компани энэхүү төслийн 50.07%-ийг эзэмшиж буй. Тус компани нь 2016 онд төслийн 13.33%-ийг хөрөнгө оруулалтын “Hopu Investment” сан багтсан Хятадын “Highland Fund” консорциумд 100 сая ам.доллараар худалдсан билээ. Өнгөрсөн аравдугаар сард Оросын “CIS NRF Holdings” компани 275 сая ам.доллараар төслийн 36.6%-ийг эзэмших эрхийг авсан юм. Тухайн үед нийт төслийг 730 сая ам.доллараар үнэлсэн байдаг.
Быстринскийн УБҮ нь Оросын Чита хотоос 350 км, БНХАУ-ын хилээс 90 км зайд байршилтай.
Э. Од