Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадууд Алс Дорнодод гангийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна

Хятадын компани Алс Дорнодын бүс нутагт жилд 5 сая тонн хүчин чадалтай экспортод чиглэсэн ган үйлдвэрлэлийн кластер байгуулахаар Оросын эрх баригчидтай хэлэлцэж байна. “Hebei Luanhe” группын бүтцэд багтах Хонконгийн “Deban Guandong” компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гангийн гүн боловсруулалт, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Энэ саналаа ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушкад танилцуулсан байна. Тус үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнийг Ази-Номхон далайн орнуудын зах зээлд экспортлох зорилттой аж.

Хятадын талаас Алс Дорнодод гангийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчдын консорциум байгуулсан байна. “Hebei Luanhe” группын тэргүүлэх уг консорциумд Хятадын төрийн өмчит гангийн корпораци /Sinosteel/, “Rizhao steel holding”, “Jianlong” болон бусад хувийн компаниуд багтжээ.

Ган үйлдвэрлэлийн кластер байгуулах төслийн эхний шатанд жилд 1-3 сая тонн хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулж, таван жилийн дараа буюу хоёр дахь шатанд үйлдвэрийг 5 сая тоннын хүчин чадалд хүргэхээр төлөвлөсөн байна. Хятадын гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниуд консорциумд багтсан тул энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр бусад олон ган үйлдвэрлэгчид дагаад Алс Дорнодод орж ирнэ гэж “Hebei Luanhe” группын ТУЗ-ийн дарга Яо Сяодун мэдэгджээ.

Хятадын хөрөнгө оруулалттай шинэ үйлдвэрийн цогцолборт аль ордоос түүхий эд нийлүүлэх нь тодорхойгүй байна. Оросын зарим мэргэжилтнүүд Якут дахь төмрийн хүдрийн ордын эзэмшилтэй “Мечел”, “Евраз” компаниудтай хамтран ажиллах санал тавьж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж буй.

1998 оноос эхлэлтэй “Hebei Luanhe” групп нь 2004 онд “Deban Guandong” компанийг байгуулжээ.

Алс Дорнодод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспортын үйлдвэрлэлийг дэмжих Оросын төрийн бодлогоор тус бүс нутгийн 17 хотыг тэргүүлэх чиглэлд хөгжүүлэхээр тодорхойлоод буй. Тус хотуудад гадаадын хөрөнгө оруулалттай бизнес эрхлэхэд эхний 5 жилийн хугацаанд газар эзэмшил, үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлөх юм.

Э.Од