Байр суурь
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зарчим өөрчлөгдөв
2017-11-28
The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
Н.Ариунтуяа
Монгол улс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 жил олгож ирсэн үндсэн концепциэ өөрчлөв. Тодруулж хэлбэл, тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох зарчмыг халж, зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор боллоо. Бодлогын энэхүү суурь том өөрчлөлтийг 2018 оны Улсын төсвийн тухай хуулийг батлах үеэр Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шургуулсан нь шурдхийн батлагдчихав. Ер нь сүүлийн жилүүдэд Төсөв болон Төсвийн тодотголыг батлахдаа ямар ч хэлэлцүүлэггүйгээр уул уурхайн салбарын зохицуулалтад элдэв өөрчлөлт оруулах нь түгээмэл хандлага болж буй бөгөөд энэ удаа Төсвийн тухай хуулийг дагаж Ашигт малтмалын хуульд цөөнгүй өөрчлөлт орсныг шинэ дугаартаа дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ, шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон.
...Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдөл нэрээр шууд олгодог, цөөн хэдэн компани, хувь хүн хэдэн зуугаар нь эзэмшиж, түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх нэрийн дор худалдаж татвараас зайлсхийдэг буруу жишгийг Засгийн газар таслан зогсооно. Тусгай зөвшөөрлийг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байхыг тусгасан хуулийн төслийг батлуулна
гэсэн билээ. Түүнээс өмнөхөн буюу аравдугаар сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тушаал гарган “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр зогсоогоод байсан юм. Тэрээр, энэхүү шийдвэрээ тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол иргэдээс ихээр ирж байгаатай холбогдуулан гэж тайлбарласан.
Салбарын сайдын тушаал, Ерөнхий сайдын хэлсэн үг Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр ийнхүү биеллээ олж, үр дүнд нь хамгийн их ашиг сонирхол, хөгжлийн асуудал яригддаг эрдэс баялгийн салбарт огцом өөрчлөлт бүхий бодлогын томоохон шийдвэр гарлаа. Үргэлжлүүлээд “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг шинэчлэн боловсруулах ажил өрнөх бололтой.
***
Монгол улс хайгуулын тусгай зөвшөөрлийг үндсэн хоёр зарчмаар олгож ирсэн. Улсын төсвийн хөрөнгөөр болон хувийн санхүүжилтээр геологи хайгуулын ажил гүйцэтгэн, нөөц тогтоогдсон талбайг сонгон шалгаруулалтаар, бусдыг нь өргөдлөө түрүүлж өгсөнд олгодог байв.
Хуучны архивыг сөхөж харвал, 1994 онд Монгол улс Ашигт малтмалын тухай хууль гарган, уул уурхайн ертөнцөд эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлэх үндсийг тавьсан бол 1997 оны хуулиар гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудсан юм. Тухайн үед Ерөнхий сайд байсан М.Энхсайханы хэлдгээр “хайгуулыг халууруулсан” уг хуулийн үндсэн концепц нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар буюу хэн түрүүлж ирсэнд нь олгох зарчим байсан. Түрүүлж өргөдлөө өгсөн бол хэн дуртай нь хүссэн талбайдаа лиценз авах боломжийг дээрх хууль бүрдүүлсэн юм.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж, урин дуудсан энэхүү нээлттэй бодлогын үр дүнд уул уурхайн салбарын хөгжил эрчимжсэн. Хөрөнгө оруулалт оргилдоо хүрсэн. Алт, зэс, нүүрс, ураны дэлхийн хэмжээний хайгуулын нээлтүүд гарсан. Хамгийн том үр дүн яах аргагүй Оюутолгой ордын нээлт. Сөрөг үр дагаварт нь Монгол улсын газар нутгийн бараг тэн хагасыг лицензит талбай эзэлсэн цаг бий. 2005 онд нийт нутаг дэвсгэрийн 44.5%-ийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзэлж байв. Энэ тоо буурсаар 2008 онд 31.3, 2010 онд 16.3, өдгөө нийт нутаг дэвсгэрийн 7.1%-ийг эзэлж байна.
Харин нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг 2006 онд хуульчилсан ба эхний 14 тусгай зөвшөөрлийг 2009 онд олгосон байдаг. Гэвч тодорхой хугацаанд завсарлаад 2014 оноос дахин сонгон шалгаруулалт явуулж эхэлжээ. 2014 оноос хойш энэ механизмыг ашиглан хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байгаа ч сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлийн тоо өргөдлийнхөөс эрс цөөн байгааг доорх статистикаас харна уу. 2009 онд анх олгосон 14 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын экс дарга авлигын хэрэгт холбогдох үед хүчингүй болгосон. Тиймээс сонгон шалгаруулалтын түүхэнд нийтдээ 112 лиценз олгожээ. Энэ нь өдгөө хүчин төгөлдөр байгаа 3412 тусгай зөвшөөрөлтэй харьцуулахад 3% орчим нь болж байна.
Сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлийн тоо
Шинээр олгосон тусгай
зөвшөөрлийн тоо
2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
- - - - 14 39 28 31
Эх сурвалж: АМГТГ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны байдлаар
Тусгай зөвшөөрлийн тоо, хэмжээг бууруулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хориг шийдвэрлэх нөлөөтэй байв. Лиценз олголтыг цэгцлэх үүднээс 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд тусгай зөвшөөрөл олголтод хориг тавьсан билээ. Дээрх шийдвэр гарах үед 4706 лиценз хүчин төгөлдөр байсан ба 3610 нь хайгуулынх. Хориг тавигдсанаар Салбарын яам, агентлаг өмнө олгосон зөвшөөрлүүдийг цэгцлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Үр дүнд нь 5000 дөхсөн тусгай зөвшөөрөл 1000 хүрч цөөрсөн талтай. Тусгай зөвшөөрөл олголтыг хориглосон шийдвэрийг Парламентаас давтан гаргаснаар 2014 он дуустал Монгол улс хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгоогүй юм. Энэ цонх үе бүтэн дөрвөн жил үргэлжилсэн. u
2014 онд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах болсон хамгийн том шалтгаан нь 2010 оноос өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн дийлэнхийн хугацаа дуусч, үндсэндээ 2018 он гэхэд Монгол улсад хайгуулын тусгай зөвшөөрөл нэг ч үлдэхээргүй нөхцөл бий болоод байсан юм. Үүнийг дагаад геологи хайгуулын салбарт орж ирэх хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Туслан гүйцэтгэгчид буюу өрөмдлөг, хайгуул, геофизик, лабораторийн компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогсонги байдалд орсныг мартаж болохгүй.
Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах замаар дээрх хуулийг хүчингүй болгосноор 2015 оны нэгдүгээр сараас тусгай зөвшөөрөл олгож эхлэв. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжит талбайг Засгийн газраас тогтоож, тогтоосон талбай дотор тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зохицуулсан юм. Онлайн дугаарын дагуу өргөдлөөр олгосон уг туршилт жил үргэлжлээд зогссон. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хөрөнгө оруулалт татах, эдийн засагт идэвхжил үүсгэх өндөр хүлээлтээр эхлүүлсэн ажлын үр дүн харамсалтай нь эсрэгээр эргэсэн билээ. Улсын хэмжээнд зарласан нийт талбайн 70 гаруй хувьд орон нутаг татгалзсан.
Хориглож, цуцалж, дахин олгож, түр зогсоон эргэж буцан мунгинасан энэ бүх шийдвэрийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар эрдсийн хайгуулыг эрчимжүүлэх бодлого барьсан юм. 2017 оны хавар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 26,4% буюу нийтдээ 41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгээд байв. 31.2 сая гектар талбайг өргөдлийн журмаар олгох боломжтой гэж ялгасан бол үлдсэн 10.2 сая гектар нь сонгон шалгаруулалтын журмаар олгогдох талбай юм. Энэ нь 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосноос хойшхи түүхэнд хамгийн том хэмжээний талбай бэлтгэсэн тохиолдол байсан. Өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох ажлыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн ч програм хангамжийн доголдлоос үүдэн зогсоосон тул нэг ч зөвшөөрөл олгогдоогүй, хайгуул хийлгэхээр бэлдсэн талбайнууд тэр чигээрээ байгаа.
Харин өдгөө салбарын үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс харвал У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх Засгийнхаа эсрэг гэж хэлэхүйц хумих, болгоомжлох бодлого явуулах бололтой.
***
Тусгай зөвшөөрлийг цэгцлэх, хумих энэ санаа нийгмийн аль ч түвшинд дэмжлэг хүлээдэг. Зөвхөн өнөөдөр ч яригдаж буй асуудал биш юм. Хэт замбараагүй, хавтгайрсан, дагаад лицензийн ил далд наймаа гаарсан олон сөрөг үзэгдлийг цэгцлэх үүднээс Өргөдлийн журмаар лиценз олгохыг хязгаарлах, улмаар татгалзах санаа 2010 онд нэлээд хүчтэй гарч ирж байв. Уул уурхайн малгай хуулийн үзэл санаа сөхөгдөх үеэр зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох асуудал бодитой яригдсан юм. 2013 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах төсөлд ч дээрх санаа бүрэн тусгалаа олоод байв.
Гэвч тусгай зөвшөөрлийг цор ганц нөхцөл болгож сонгон шалгаруулалтаар олгох нь авлигын орчин бүрдүүлэх үндэс болох тул аль болох татгалзах хэрэгтэй гэсэн байр суурь хүчтэй байснаас төдий л дэмжлэг хүлээгээгүй. Сонгон тендер рүү орчихвол хэн нэг хүн, аль нэг байгууллагын нөлөө орох эрсдэл өндөр учраас хөрөнгө оруулалт татах бололцоо муу гэж үздэг тул уг зарчмаас татгалзаж буй улс орнуудын жишээ баримтыг тухайн үед өргөнөөр эшилж байв.
Нөгөө талаар салбарын хөгжлийг хязгаарлах, хумих эрсдэлтэй гэсэн мэргэжилтнүүдийн болгоомжлол байсан юм. Тэр тусмаа манайх шиг хайгуул бага хийгдсэн, төрөөс хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэж, өндөр эрсдэл хүлээхийн оронд хувийн компаниудад голчлон даатгадаг манай улсын хувьд сонгон шалгаруулалт нь геологи хайгуулын салбарын хөгжлийг хязгаарлагдмал болгоно гэсэн үндэслэл татгалзах үндсэн шалтгаан болж байв. Геологийн мэдээлэл сайтай, цаашид ашигт малтмал үргэлжлэн олдох магадлал өндөртэй үед, эсвэл хязгаарлагдмал нөөцийн төлөөх ширүүн өрсөлдөөн үүсэх үед, эс бөгөөс эдийн засаг, улс төрийн ерөнхий нөхцөл байдал тогтвортой үед нээлттэй сонгон шалгаруулалт нь шударга өрсөлдөөнийг бий болгодог, Засгийн газарт ч үр ашигтай байдаг зүй тогтол олон улсын туршлагад байна. Дээрх үзүүлэлтүүдийг Монголын нөхцөл байдалд нэг бүрчлэн тусгаж үзвэл тийм ч эерэг харагддаггүй.
Энэ талаар, ерөөс тусгай зөвшөөрөл олгодог улс орнуудын туршлагын тухай Э.Оджаргалын бэлтгэсэн нийтлэлээс дэлгэрүүлэн уншаарай. Мөн сонгон шалгаруулалт, нээлттэй дуудлага худалдааны зарчмын эерэг сөрөг үр дагаврын талаар салбарын олон талт оролцогчид, мэргэжилтнүүдийн байр суурийг MMJ зэрэгцүүлэн хүргэж байна.
Гэвч одоо нээлттэй уралдаант шалгаруулалт тусгай зөвшөөрөл олгох цор ганц механизм болж хувирч байна. Эерэг болон сөрөг үр дагавар нь дунд болон урт хугацаандаа илүү тодорхой харагдах биз. Яг одоо бол нэг л зүйл маш тодорхой байгаа нь хэн тусгай зөвшөөрөл авах боломжтой вэ гээд харахаар хамгийн өндөр үнийн санал авахын тулд үнэ хаялцах энэ уралдаанд Монголын компаниудад боломж маш бага юм. Бидний хэлдгээр мөнгөтэй гадныханд тусгай зөвшөөрөл авах боломж илүү нээгдэнэ гэсэн үг.