Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

2018 он бол зэсээр овоглох жил



Н.Ариунтуяа

2017 он нүүрсний жил байлаа. Монголын эдийн засгийн хүлээлтээс давсан өсөлтөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нүүрснийх байсан юм. Төсөөлөөгүй, таамаглаагүй үр дүн, өрнөлийг нүүрсний үнийн өсөлт авчирсан. Сүүлийн хагас жилд экспорт саатаагүй бол хямарсан эдийн засагт илүү ч боломж ирэх байлаа. Уул уурхайн салбараас шууд хамааралтайн хувьд эрдсийн зах зээл таатай байвал, тэрхүү тааламжит үеийг зөв ашиглаж чадваас туйлдсан эдийн засгаа богино хугацаанд сэхээх боломж байгааг арвандолоон он яруу тод харуулав.

Харин 2018 онд нүүрсийг өнгөрсөн жилийнх шиг аз ивээхгүй байж мэдэх ч зэсийн хувьд тэгж найдах үндэс байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн шинэ технологиуд, технологийн дэвшил, цахилгаан машины тооцоолоогүй үр дүн зэсийн ханшийг эргэн өндийлгөв. Арвандолоон оноос эхэлсэн эерэг хандлага тогтвортой байж, урт хугацаандаа хадгалагдах, улам сайжрах өөдрөг төлөвийг зах зээл судалгааны байгууллагууд давтан илэрхийлсээр байна. Энэ нь зэсийн төслүүдийн ирээдүйд гэрэл тусгаж байна. Тиймээс 2018 он бол зэсийн жил юм.

Монгол улсын хувьд эрдсийн салбарт хамгийн том орлого зэсээс орж ирнэ. 2018 оны Улсын төсөвт 1.7 их наядыг уул уурхайн салбараас төвлөрүүлэхийг зорьж буй бөгөөд үүний 1 их наяд нь зэсийнх. Улсын төсөвт эзлэх зэсийн байр суурь өнгөрсөн жилийн нүүрсний рекордыг давж, цаашид улам хол хаях магадлалтай. Учир нь ирэх жилүүдэд Оюутолгойн үйлдвэрлэл шинэ шатанд дэвшиж, Цагаансуварга ашиглалтад ороход ойрхон хүлээгдэж байгаа.
Монголын зэс үйлдвэрлэгчдийн хувьд зах зээлийн алтан боломжит үе тохиож байна. Ийм тааламжит нөхцөлийг алдахгүйн тулд элдэвт сатааралгүй ханцуй шамлан хөдөлмөрлөх учиртай. Үйлдвэрлэлээ тогтвортой хадгалж, боломжтой бол ахиулах ёстой юм.

Гэвч зах зээлийн өндөр өсөлтийн үед зэсийн хоёр том төсөл болох Оюутолгой, Эрдэнэтийн тогтвортой ажиллагааны хурдыг сааруулж мэдэх эрсдэл бий. Өндөр өсөлтийн үед их мөнгөний сургаар уул уурхайн компаниуд руу дайрдаг хандлага дахин идэвхжиж магадгүй нь.  

Ингэж хэлэхийн учир нь Оюутолгойг тойрсон улстөржилт дахин толгойгоо өндийлгөж эхэлсэнд байгаа юм. “Дубайн гэрээ”-ний асуудлыг мэр сэр улстөрчид сөхөж эхэлснээс үүдэн Оюутолгойг тойрсон хардсан, үл итгэсэн уур амьсгал сэргэж, түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдын цочир мэдэгдэл улам газар авахуулав. Дэд сайд Д.Загджав хэвлэлд ярилцлага өгч, “Тэвчээрт хязгаар бий” гэж мэдэгдлээ эхлүүлээд “Оюутолгойн гэрээ манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд тодорхой хувь нэмэр оруулахгүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа. Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой. Үүний тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн  юм. Хариуд нь Д.Сумьяабазар сайд шуурхай мэдээлэл хийж, Яам болон Засгийн газрын байр суурь биш. Засгийн газрын байр сууринаас зөрсөн асуудлыг олон нийтэд дахин түгээвэл Дэд сайдыг эргэн татах асуудал оруулна” гэв.

Гэхдээ Д.Сумьяабазар сайд “Оюутолгойд Ажлын хэсэг ажилласан. 34%-даа авсан Монголын Засгийн газрын зээлийн хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий. Цаг нь болохоор холбогдох мэдээллийг өгнө” гэдгээ нуугаагүй. Бас ТУЗ-ийн гишүүдийг солих тухайд ч хувийн бодлоо цухуйлгаад амжсан.

Салбарын сайдын хэлсэн үг болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Рио Тинто”-гийн захирал Себастьянтай уулзсан хэвлэлийн мэдээний агуулга зэргээс харвал Засгийн газар Оюутолгойтой ямар ч байсан яриа хөөрөө өрнүүлэх нь дамжиггүй болжээ. Оюутолгойн гэрээ батлагдсанаас хойш сайжруулах асуудал тасралтгүй яригдсаар ирсэн. Тэр хэрээр төсөл олонтаа гацаж байлаа. Хамгийн сүүлийнх гэвэл “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн маргаан даамжирч, далд уурхайн бүтээн байгуулалт бараг хоёр жил зогсонги байсан явдал. Зах зээл тийм ч таатай байгаагүй үед “Рио Тинто” үнэ ханшийн таатай үеийг харзнан Монголын Засгийн газарт гэдийсэн  тал бий. Гэхдээ эцсийн эцэст ойлголцлоо ойртуулж чадсанаар төсөл гацаанаас гарсан.   

Харин одоо Оюутолгойд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол Хувь нийлүүлэгчид төслийн тогтвортой ажиллагаанд саад болохгүйгээр ажил хэрэгч хэлэлцээ хийж, нэн даруй шийдэлд хүрэх ёстой юм. Зах зээлийн алтан боломжит үеийг маргаж суугаад алдах аль алинд нь ашиггүй тул талууд ойлголцлын түвшинд хамтран ажиллаж, тохиролцоонд хүрэхийг хичээх нь дамжиггүй. Харин гудамжны улс төрөөс хол байлгах нь зөв билээ. Улстөрчид популизм хийхийн тулд том төслүүдээр оролдон, байр суурь нь зөрж, зөрчил гүнзгийрэх тусам нийгэмд тухайн төслийг эсэргүүцэх хандлага идэвхждэг нь гэм биш зан болсон. Энэ нь харин Оюутолгойг асуудалд оруулж мэдэх хамгийн том хүчин зүйл юм.  
Өнөөгийн нөхцөлд “Оюутолгой” Монголын эдийн засгийн сэргэлтийг баталгаажуулж буй цор ганц төсөл, түшиж байгаа нэг багана. Монгол улсад итгэл үзүүлсэн хамгийн том нөхцөл.  “Оюутолгой төслийн бүтээн байгуулалт дангаараа Монголын эдийн засагт даатгалын үүрэг гүйцэтгэж байгаа” гэж MMJ бичиж байлаа. Тиймээс Оюутолгой, Эрдэнэтийг улстөржилтөөс хол, бизнесийн жаягаар нь ажиллуулаасай гэхдээ MMJ дугаарын  онцлох сэдвээ зэсийн салбарт хандуулав.

Харин “Эрдэнэт”-ийн хувьд 49 хувь тойрсон маргаан нь энэ жил улсынхаа хилээс хальж үргэлжлэх шинжтэй. Монголын Засгийн газар 100 хувь төрийн мэдэлд авлаа гэх шийдвэртэй зэрэгцээд төрийн өмчит компанид шургалдаг улс төрийн ашиг сонирхлоос үүдэн Эрдэнэтэд итгэх олон нийтийн итгэл буурч эхэлсэн нь нууц биш. Түүн дээр нэмээд Эрдэнэтийн хувьцааны тодорхой хувийг Монголын ард түмэнд эзэмшүүлэх шийдвэр гарсан нь “Эрдэнэс Тавантолгой”-н араас замнах нь гэх эргэлзээ, болгоомжлолыг давхар төрүүлээд байна. Гэхдээ алдаанаасаа сургамж авч, зөв зүйтэй хэрэгжүүлж чадах эсэх нь Засгийн газрын шаргуу ажиллагаанаас хамаарна.

Эрдэнэтийн хувьцааг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны араас оруулахгүйн тулд хэрхвэл зохих талаар хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн Д.Ачит-Эрдэнийн байр суурийг нийтэллээ. Түүнчлэн нэгдүгээр сарын дугаарт 18 сарын дараах Жан Себастьяны Монгол дахь томилолтын учир зорилго, Монголын Засгийн газар Оюутолгойн хооронд өрнөх яриа хэлэлцээрийн талаарх MMJ-ийн байр суурийг сэтгүүлч Б.Төгсбилэгт хүргэж байна. Мөн “Эрдэнэт”, “Оюутолгой” компанийн роялтийн харьцуулалт, Зэсийн баяжмал боловсруулах төслийн нэгжээс авсан тодруулга, Монголын зэсийн экспорт тойрсон асуудал, бэрхшээлүүд, цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэж буй “Эрдмин”, “Ачит Ихт” компаниудын байр суурь нийтлэгдлээ.