Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казахстаны нүүрсийг далайн боомтоороо экспортлохоос Орос татгалзжээ

Оросын далайн боомтоор дамжин Казахстаны нүүрсийг экспортлох тухай тус хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах тохиролцоонд Москва, Астана хүрч чадсангүй. Энэхүү хэлэлцээрийг байгуулах нь өөрийн орны нүүрсний салбарт сөргөөр нөлөөлнө гэж Оросын тал үзэж, далайн боомтуудаараа Казахстаны нүүрс экспортлохоос татгалзах шийдвэрийг Евразийн Засгийн газар хоорондын зөвлөгөөн дээр гаргасан байна. 
 
Тодруулбал,  жилд 14 сая тонн нүүрс Казахстан улсаас транзитаар тээвэрлүүлэх нь дотоодын замын тээвэрлэлтийн хүчин чадал хүрэлцэхгүй, нэмэлт ачаалал болохоос гадна Оросын нүүрсний экспортлогчдын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, тухайн бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэлийг бууруулахад хүргэх эрсдэлтэй гэж Оросын Эрчим хүчний яамны мэдэгдэлд дурджээ.

Холбооны Монополийн эсрэг албаны (ФАС) зүгээс Алс Дорнодын боомтууд чиглэсэн БАМ болон Транссибирийн төмөр зам өндөр ачаалалтай, РЖД-ийн галт тэрэг хүрэлцэхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Казахстаны нүүрсийг Оросын нутгаар дамжин тээвэрлэж Алс Дорнодын боомтоор экспортлох тухай Орос, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах бэлтгэлийг нэг жилийн хугацаанд хангаж ирсэн аж. Хэлэлцээрийг талууд байгуулснаар 2019 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжинэ гэсэн Казахстаны талаас хүлээлттэй байжээ.

2017 онд Казахстан улс 29.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 3.1 сая тонноор өссөн дүн юм. Энэхүү өсөлт нь Оросын нутгаар дамжин Алс Дорнодын боомтоор экспортлогдсон нүүрс аж.

Э.Од