Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Киргиз нийт 250 тонн алтны нөөцтэй 7 ордын төслийг шинээр хэрэгжүүлнэ

Киргиз улсад ирэх гурван жилийн хугацаанд алтны шинэ 7 ордын төсөл хэрэгжих гэж байна. Энэ тухай Киргизийн Үйлдвэрлэл, эрчим хүч, ашигт малтмалын улсын хорооны дарга Улан Рыскулов мэдэгджээ. Эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн 7 ордын нийт алтны нөөц 250 тонн аж. Эдгээрээс хамгийн том нь 100 тонн алтны нөөцтэй “Джеруя” орд юм. Өнөөгийн байдлаар тус ордын алтны нөөц агуулсан хүдрийн гүн, тархалтыг тогтоох геологи хайгуулын ажил хийгдэж байна. Төслийг энэ жил эхлүүлэх төлөвлөгөөтэй. 2019 онд 80 тонн алтны нөөцтэй “Чаарат” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байна. 
Гэрэл зургийг эх сурвалж: minex forum
  
Одоо Киргиз улсад хэрэгжиж байгаа алтны хамгийн том төсөл болох Кумторын ордыг ашиглах хугацаа зургаан жилийн дараа дуусч байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Их Британийн “Chaarat Gold” компани Кумторын ордыг ашиглах эрхийг худалдаж авах саналыг Канадын “Centerra Gold” компанид тавьсан. Энэхүү хэлэлцээрийн үнийн дүнг олон нийтэд зарлаагүй бөгөөд Канадын компанийн зүгээс татгалзсан юм. Кумторын ордын төсөл дуусч байгаатай холбогдуулан Киргизийн эрх баригчид алтны долоон шинэ төслийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Төслүүдийг хэрэгжүүлснээр 3500 орчим ажлын байр шинээр бий болох, мөн нэг том төслөөс улсынх нь эдийн засаг хараат байх эрсдэлийг бууруулна гэж тооцоолж буй аж.

2017 оны байдлаар Киргиз улс нь алтны нийт нөөцийн хэмжээгээр дэлхийн улс орнуудаас 81 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд өнгөрсөн жил улсынхаа алтны нөөцийн хэмжээг 6.4 тонноор нэмэгдүүлжээ. 

Э.Од