ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирийн бүс нутагт албан айлчлал хийж байна. Тэрбээр наймдугаар сарын 27-нд Кемеров мужид орших Кузбассын нүүрсний уурхайд зочилжээ. Түүний айлчлалтай холбогдуулан Оросын түлш-эрчим хүчний салбарыг хөгжүүлэх стратегийн асуудлыг хэлэлцэх хуралдаан зохион байгуулагдсан юм.
Хуралдаан дээр дэлхийн нүүрсний зах зээл, тэр дундаа Азийн орнууд руу чиглэсэн экспортыг 50%-иар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Путин мэдэгдсэн байна. “2017 онд Оросын нүүрсний компаниуд нийт 190 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Энэхүү үзүүлэлтээр Орос улс олон улсын зах зээл дээр Австрали, Индонезийн дараа гуравдугаарт орж байна. Цаашид дэлхийн нүүрсний зах зээл дээр Орос улс эзлэх байр сууриа бэхжүүлэн, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Компаниуд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төлөвлөгөөгөө “Оросын төмөр зам”-ын (РЖД) зорилттой уялдуулан тодорхойлох хэрэгтэй. Ойрын жилүүдэд БАМ болон Транссибирийн төмөр замыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, далайн боомтуудыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахад Засгийн газраас анхаарч ажиллана” хэмээн тэрээр мэдэгдэлдээ онцолжээ.
Эрчим хүчний сайд Александр Новак “Орос улсын нүүрсний экспорт Ази-Номхон далайн орнууд руу нэмэгдэж байна. 2017 онд Зүүн өмнөд Азийн орнууд, Энэтхэг, Туркийн нүүрсний импорт мэдэгдэхүйц өссөн. 2025-2030 онд эдгээр улсын нүүрсний эрэлт хэрэгцээ хамгийн багадаа 100 сая тонноор өсөх хандлагатай. Тиймээс энэ нэмэлт эрэлтийг Орос улс хангах боломжтой. Үүний тулд нүүрсний олборлолт болоод зам тээврийг хөгжүүлэхэд ирэх зургаан жилд 1.5-2 их наяд рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэжээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг Путин дэмжсэн байна.
РЖД-ийн хувьд 2024 он гэхэд дорнод чиглэлийн төмөр замын хүчин чадал 195 сая тонн нүүрсний тээвэрлэлтийг хангах зорилтыг дэвшүүлжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд 695 тэрбум рублийн хөрөнгө шаардлагатай тухай РЖД компанийн Ерөнхийлөгч Олег Белозеров ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулав.
Энэ онд Орос улс 200 сая тонн нүүрсний экспортлох зорилттой. Үүнээс 100 сая тонныг нь Алс Дорнодын боомтоор экспортлохоор төлөвлөж байна. Кузбасс, Хакаси, Якут, Хабаровскийн хязгаарын бүс нутагт нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх ажээ. 2018-2019 онд шинээр нүүрсний 15 уурхайн үйл ажиллагаа эхлэх бөгөөд тус бүрдээ жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Мөн тус бүр жилд 11.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий таван баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орох гэнэ.
Э.Од