Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Сүүлийн арван жилд олон улсад 16 мянган компани IPO гаргажээ

“Фридом Финанс” судалгааны байгууллагын мэдээллээр, 2008-2018 онд олон улсын хөрөнгө бирж дээр 16 мянган компани IPO гаргаж нийт 2 их наяд ам.долларын хөрөнгө босгожээ. 2017 онд олон улсын хөрөнгийн бирж дээр 1700 компани IPO гаргасан (196 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон) нь өмнөх оноос 44%-иар өссөн байна. Энэ нь 2007 оноос хойшхи хамгийн их IPO гаргасан үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. IPO гаргалт нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэж буй шинж тэмдэг хэмээн шинээчид үзэж байна.  


Олон улсын биржүүдээс IPO гаргалтаар АНУ-ын NYSE, NASDAQ тэргүүлсэн хэвээр байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар Америкийн хөрөнгийн биржүүд дээр 377 компани IPO гаргаж нийт 54.8 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод буй. АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр компаниудын IPO гаргах идэвхжилт S&500 индексийн ханшнаас хамаардаг онцлогтой. 2014 онд S&500 индекс 12.4%-иар өсөх үед нийт 480 компани IPO гаргаж 95.3 тэрбум ам.долларын хөрөнгө босгож байжээ. Тэгвэл 2017 онд S&500 индексийн 18%-ийн өсөлт нь АНУ-ын хөрөнгийн биржүүдийн идэвхжилтэд нөлөөлсөн бөгөөд тухайн жил нийт 60.4 тэрбум ам.долларын хөрөнгө 460 компани IPO-аас босгосон байна. IPO гаргалтаар АНУ-ын дараа  Хятадын хөрөнгийн биржүүд удаалж байгаа юм. Өнгөрсөн онд Хятадын хөрөнгийн биржүүд дээр нийт 400 компани IPO гаргаснаас Шанхайн хөрөнгийн бирж тэргүүлжээ.   
 
Олон улсын хөрөнгийн биржүүдээс 2017 онд хамгийн их хөрөнгө босгосон IPO-аар “Snapchat” компанийнх тооцогдож байна. Тус компани нь бараг 20 тэрбум ам.доллараар үнэлсэн IPO гаргасан ч 3.9 ам.долларын хөрөнгө босгож чаджээ. Европын бирж дээр IPO-аас ихээхэн хөрөнгө босгож чадсан “Allied Irish Banks”(AIB) байна. Дампуурлаа зарласнаас хойш 7 жилийн дараа AIB нь IPO гаргалтаар Ирландын Засгийн газарт 3.4 тэрбум фунт стерлингийн хөрөнгө авчирсан байна.

Өнөөгийн байдлаар олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргалтаар хамгийн их хөрөнгө босгож чадсан Facebook(16 тэрбум ам.доллар), Visa(19.6 тэрбум ам.доллар) болон Alibaba (25 тэрбум ам.доллар) компаниуд тэргүүлж байгаа юм.

Э.Од