Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын нүүрсний стратеги



Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээл экспортын нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж байна. Тус улсын экспортын хэмжээнээс 15%-иар бага үзүүлэлтээр Монгол удаалж, Канадыг гүйцэж түрүүлэн Орос гуравт орж иржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Азийн орнууд руу чиглэсэн нүүрсний экспортоо 50%-иар нэмэгдүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр Дорнын эдийн засгийн форумыг зорихоосоо өмнө Кемерова мужид ажиллахдаа Оросын түлш-эрчим хүчний хөгжлийн стратегийг хэлэлцэж, шинэ зорилтуудыг ийн тодорхойлсон юм. 
 
Энэ онд Оросын нүүрсний олборлолт 420 сая тоннд хүрэх төлөвтэй бөгөөд ЗХУ-ын үеэс буюу 1988 оноос хойш дээд амжилт тогтоож буй үзүүлэлт юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд нүүрсний олборлолт 15.5%-иар өсчээ. Зөвхөн 2017 онд нүүрсний олборлолтын өсөлт 7.1%-тай байна. Нүүрсний олборлолтыг 2025 онд 560 сая, 2030 онд 590 сая тоннд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Кузбасс, Хакаси, Якут, Тува, Хабаровскийн хязгаар бүс нутгуудад нүүрсний олборлолт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа юм. Тус бүс нутагт Кузбасс, Бейский, Улуг-Хемский сав газар, Хаа-Хемский, Элегест, Межегейск, Ээрбек, Элга зэрэг коксжих, эрчим хүчний ихээхэн нөөцтэй томоохон ордууд бий. Коксжих нүүрсний тухайд Печорийн сав газар, Красноярскийн хязгаарт орших Кузнецкийн  сав газар, Өмнөд-Якутын сав газруудад 10 гаруй ордоос олборлож байна. 2018-2019 онд шинээр нүүрсний 15 уурхайн үйл ажиллагаа эхлэх бөгөөд тус бүрдээ жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Мөн тус бүр жилд 11.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах 5 үйлдвэр  шинээр ашиглалтад орох бол нийт 25 сая тонн хүчин чадал бүхий баяжуулах 4 үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Тус улсын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч СУЭК-ээс гадна коксжих нүүрсний гол тоглогчид “Кузбассразрезугол”, “Евраз”, “Северсталь”, “Мечел”, “Сибуглемет”, “Якутуголь”,ВГК, “Белон”, “Колмар” зэрэг компаниуд юм. “Мечел” компани жилд 27 сая, “Колмар” 20 сая, ВГК нь 10 сая тус тус тонн нүүрс олборлох төслүүдийг хэрэгжүүлж, Ази-Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань, Вьетнамын зах зээлд Алс Дорнодын боомтоор экспортлохоор зорьж байна.

Өнөөгийн байдлаар Оросын нүүрсний гол импортлогч  нь Хятад, Польш, Турк улс тэргүүлсэн Өмнөд Солонгос, Япон, Их Британи, Нидерланд, Тайвань, Украин орнууд юм. 2017 онд 186.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 14.8%-иар өсчээ. Экспортын нийт нүүрсний 80 гаруй сая тонн нь Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлд нийлүүлж байна. Коксжих нүүрсний экспортоор Орос улс дэлхийн зах зээлийн 7%-ийг бүрдүүлж буй. Өнгөрсөн онд экспортолсон нүүрсний 12.2% буюу 22 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд үүнээс 13 саяыг Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлд нийлүүлжээ. Хятад улс руу 25.3 сая тонн нүүрс экспортолсноос 4.6 сая тонн коксжих нүүрс аж.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт 41.4 сая тонн нүүрс экспортолсноос 3 сая тонн коксжих нүүрс, үүнээс 1.1 саяыг Хятад руу экспортолсон байна. Жилийн эцсийн дүнгээр экспортын нийт хэмжээ 200 сая тоннд  хүрэх төлөвтэй байгаа юм. Тус бүр 100 сая тонныг Европ болон Азийн орнууд экспортлохоор байна. Европын орнууд нүүрсний хэрэглээгээ бууруулж буйн учир Оросын экспорт хязгаарлагдахын зэрэгцээ Колумби, АНУ-аас нүүрсний экспорт нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм. Өнөөгийн байдлаар Европын нүүрсний зах зээлийн 40% нь Оросын экспортод ногдож байна. Ази-Номхон далайн бүс нутгийн хувьд нүүрсний зах зээлийн 9.3%-ийг Оросоос хангаж байгаа бөгөөд 2025 он гэхэд экспортыг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж Эрчим хүчний яамнаас тооцоолжээ. Тэгэхээр энэ чиглэлд ирэх зургаан жилд одоогийн 100 сая тонноос 200 сая тонн хүргэж нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэсэн үг. 

Кемерова мужид зохион байгуулагдсан Оросын түлш-эрчим хүчний салбарыг хөгжүүлэх стратегийн асуудлыг хэлэлцэх хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В. Путин “Орос улс дэлхийн нүүрсний зах зээл эзлэх байр сууриа бэхжүүлэн, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Компаниуд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төлөвлөгөөгөө “Оросын төмөр зам”-ын (РЖД) зорилттой уялдуулан тодорхойлох хэрэгтэй. Ойрын жилүүдэд БАМ болон Транссибирийн төмөр замыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, далайн боомтуудыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахад Засгийн газраас анхаарч ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн “Орос улсын нүүрсний экспорт Ази-Номхон далайн орнууд руу нэмэгдэж байна. 2017 онд Зүүн өмнөд Азийн орнууд, Энэтхэг, Туркийн нүүрсний импорт мэдэгдэхүйц өссөн. 2025-2030 онд эдгээр улсын нүүрсний эрэлт хэрэгцээ хамгийн багадаа 100 сая тонноор өсөх хандлагатай. Тиймээс энэ нэмэлт эрэлтийг Орос улс хангах боломжтой. Үүний тулд нүүрсний олборлолт болоод зам тээврийг хөгжүүлэхэд ирэх зургаан жилд 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэдгийг Эрчим хүчний сайд Александр Новак илтгэжээ. Нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай  1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалтыг Путин дэмжсэн байна. Түүнчлэн, нүүрсний салбарынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг төрөөс дэмжихээр тодорхойллоо. Хөрөнгө оруулалтыг дэмжих эхний шийдвэр нь 2025 он хүртэлх төмөр замын тээврийн тарифын урт хугацааны хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.

Сүүлийн таван жилд Алс Дорнодыг чиглэсэн төмөр замын нүүрсний тээвэрлэлт 3 дахин өсчээ. Алс Дорнодын боомтууд чиглэсэн БАМ болон Транссибирийн төмөр зам өндөр ачаалалтай, дотоодын нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадал болоод РЖД-ийн галт тэрэг хүрэлцэхгүй бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Тиймээс, Алс Дорнодын бүс нутаг, далайн боомтуудыг хөгжүүлэх зорилтыг нүүрсний экспортыг нэмэгдүүлэх болдогтой уялдуулан  РЖД төмөр замыг шинэчлэх, 700 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт 2024 он гэхэд Алс Дорнодын боомтууд руу чиглэлийн төмөр замын хүчин чадал 195 сая тонн нүүрсний тээвэрлэлтийг хангах зорилтыг дэвшүүлжээ. 
Эхний шатанд 2019 он гэхэд төмөр замын хүчин чадал 125 сая тоннд хүрэх аж.

Уг зорилтыг хэрэгжүүлэхэд 695 тэрбум рублийн хөрөнгө шаардлагатай тухай РЖД компанийн Ерөнхийлөгч Олег Белозеров ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулсан юм.

Оросын нүүрсний нийт экспортын 60% нь Алс Дорнодын далайн 28 боомтоор хийгдэж байна. Гол боомтууд Восточный, Усть-Лугу, Ванино, Мурманск, Посьет, Находка, Высоцк, Туапсе, Шахтёрск, Владивосток, Ростов-на-Дону юм. Эдгээрээс Восточный, Ванино болон Усть-Луга боомтуудаар нүүрсний нийт экспортын 57.1% нь хийгддэг. Тус боомтуудаар дамжин Хятад, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Энэтхэг, Турк, Польш зэрэг орны  зах зээлд хүрч байна.

Оросын нутгаар дамжин Алс Дорнодын боомтуудаар Казахстан улс нүүрс экспортолдог. Оросын далайн боомтоор дамжин Казахстаны нүүрсийг экспортлох асуудлаар тус хоёр улсын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээр хийж тохиролцоонд хүрч чадаагүй юм. Казахстаны хувьд жилд 14 сая тонн нүүрс транзитаар тээвэрлэхэд Оросын дотоодын төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүй, нэмэлт ачаалал болохоос гадна нүүрсний экспортлогчдын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, нүүрсний үйлдвэрлэлийг бууруулахад хүргэх эрсдэлтэй гэж Оросын тал үзсэн.