Канадын алт олборлогч “Barrick Gold” компани АНУ-ын алтны “Newmont Mining” корпорацтай нэгдэх асуудлаар хэлэлцэж байна. “Barrick Gold” нь өнгөрсөн онд Лондонд бүртгэлтэй “Randgold Resources” компанийг худалдан авсан билээ.
Хэрэв “Barrick Gold” болон “Newmont Mining” компаниуд нэгдсэн тохиолдолд дэлхийн алтны хамгийн том компани бий болох юм. Нэгдлээс үүсэх компани нь 19 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, жилд 13 сая унц алт үйлдвэрлэнэ гэж зах зээлийн шинжээчид тооцжээ.
Эхлээд Канадын “Barrick Gold” компанийн хувьд “Newmont Mining” корпорацийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн ч дэмжигдээгүй байна. Гэсэн ч хоёр компани нэгдвэл аль аль талдаа ашигтай гэж “Barrick Gold” компанийн зүгээс үзэж буй. 2014 онд хоёр компани нэгдэх асуудлыг хэлэлцэж байсан бөгөөд нэлээд хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээр амжилтад хүрээгүй юм.