Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нүүрс рүү тэмүүлэх Монгол ба нүүрснээс зугатаах ДЭЛХИЙ

Б.Төгсбилэгт

Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 

Эрчим хүчний технологи хувьсаж, хөгжихийн хэрээр бидний амьдарч буй дэлхийд нүүрсний эрин төгсөх цаг үе улам бүр ойртсоор байна. Гэхдээ энэ удаад нүүрснээс татгалзах гэх ойлголтод дан ганц эрчим хүчний нүүрсийг нэрлэх нь зүйтэй болов уу. Учир нь манай улсын экспортын гол түүхий эд болох коксжих нүүрс дулааны цахилгаан станцад бус, ган хайлуулах үйлдвэрт ашиглагддаг. Дэлхийн хөгжлийн гол “араг яс” болсон ган төмрийг үйлдвэрлэхэд коксжих нүүрс зайлшгүй чухал бөгөөд түүнийг орлуулах технологийн боломж одоогоор гараагүй байна. Зөвхөн хуучин төмрийг дахин боловсруулах арга нь л коксжих нүүрсний оролцоогүй явагддаг билээ. Тиймээс коксжих нүүрсний хэрэглээ цаашид урт хугацаанд үргэлжлэх болов уу гэсэн таамаг эрдэмтдийн дунд түгээмэл байна. Харин эрчим хүчний илүү цэвэр шийдлүүд эдийн засгийн хувьд нүүрсний цахилгаан станцаас илүү үр ашигтай болох тусам эрчим хүчний нүүрсийг хэрэглээнээс үлдэн хөөх их аян аль хэдийнэ эхэлсэн. 

Нэг тонн эрчим хүчний нүүрсийг шатаахад 2.86 тонн нүүрсхүчлийн хий ялгардаг гэж үздэг. Уг үзүүлэлтээр нүүрс хамгийн их бохирдуулагч түлш болж буй бөгөөд аажимдаа чулуужмал түлшний “аймгаас” зөвхөн байгалийн хий л эрчим хүчний ертөнцөд илүү цэвэр гэдэг утгаараа тэсч үлдэх тооцоолол гарчээ. Нүүрсхүчлийн хий агаарт дэгдэх тусам дэлхийн дулаарал эргэж буцалтгүйгээр эрчээ авч байгааг эрдэмтэд сануулж байна. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин энэ бүгд нь угтаа уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах гэсэн оролдлогын нэг хэсэг билээ. 

Гэсэн ч энэ бүгд хангалтгүй бөгөөд нүүрсний цахилгаан станцуудаас аль болох хурдан ангижрах шаардлага дэлхий нийтийн өмнө тулгараад байна. Дэлхийн хэмжээнд уур амьсгалын дундаж хэм одоогийн байдлаар 0.75 хэмээр дулаараад байгаа бол Монгол Улсад уг үзүүлэлт даруй 3 дахин өндөр буюу хурдацтай явагдаж байгаа юм. НҮБ дэлхийн дундаж хэмийн өсөлтийг 1.5 хэмээс доош хэмжээнд барихын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстойг хөгжингүй болон хөгжиж буй орнуудаас шаардаж буй. 2015 оны сүүлээр батлагдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орон бүр өөр өөрсдийн үүрэг амлалтыг дэвшүүлсэн. Гэхдээ “гэрийн даалгавар”-аа хийж дуусгахад хугацаа маш бага үлдсэн бөгөөд дэлхийн дулаарлыг хазаарлахын тулд хүн төрөлхтөн бүх хүчээ дайчлахад ердөө 12 жил үлдээд байгааг өнгөрсөн оны сүүлээр НҮБ мэдэгдсэн юм. Дэлхийн дундаж хэм 1.5-2 хэмээр нэмэгдэх үед үр дагавар нь сүйрлийн байх тухай холбогдох эрдэмтэн мэргэжилтнүүд сануулж байна. Үр тарианы ургац алдах, улирлын дэс дараалал өөрчлөгдөх, байгалийн гамшиг тохиох, биологийн төрөл зүйлийн тэнцвэрт байдал ноцтойгоор алдагдах зэрэг олон сөрөг нөлөө авчрах тухай анхааруулжээ. 

Мэдээж энэ бүхэн нь Монгол болон бусад маш олон улс орны эдийн засгийн тулгуур бүтэц болсон уул уурхайн салбарт ямар үүрэг хариуцлага оногдуулах нь сүүлийн жилүүдэд улам бүр тодорхой болж ирж байна. Мөн BHP, Англо Американ, Глэнкор болон бусад салбарын томоохон компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн үйл ажиллагаа чиглүүлж аль болох хүлэмжийн хийн ялгаруулалт багатай үйл ажиллагаа руу шилжиж байна. 

Уул уурхайн салбарын хувьд энэхүү үүрэг нь зайлшгүй бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээр нь татвар ногдуулах ирээдүй айсуй. Зарим оронд энэ тогтолцоо аль хэдийнэ хэрэгжээд байна. Канад улсын хувьд уул уурхайн салбарт хүлэмжийн хийн ялгаруулалтад оногдуулах татварын системийг нэвтрүүлээд буй хамгийн сайн жишээгээр нэрлэгддэг. АНУ-ын зарим муж, Их Британи улс энэ системийг мөрдөж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Рио Тинто компани нүүрсний төслүүдээ зарж энэ салбараас аль хэдийнэ өөрийгөө чөлөөлж амжсан нь ирээдүйд нүүрсний салбар ихээхэн ашиггүй бөгөөд өндөр татвартай тулгарах эрсдлийг харсан байж болох юм.
Салбарын компаниуд ийнхүү өөрсдийн үйл ажиллагаандаа анхаарч эхэлсэн бол банк санхүүгийн байгууллагын нүүрснээс зайгаа барих хүрээ улам тэлсээр. 2013 оноос эхлээд Дэлхийн банк, ЕСБХБанк тэргүүтэй банкууд нүүрсний санхүүжилтийг хязгаарлах болсон. Он гарсаар Азийн зарим банкууд уг эгнээнд элсээд байна. 


Эдгээрийн дунд Сингапурын DBS Group Holdings, United Overseas Bank, Oversea-Chinese Banking Corp (OCBC), Хятадын State Development & Investment Corp, Японы Mitsubishi UFJ Financial Group (MUFG) зэрэг банк санхүүгийн байгууллагууд багтжээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт нүүрсний төслүүд явцгүй болж ирж буйн илрэл юм. Уул уурхайн салбараа сайн хөгжүүлж чадсан Австрали улсад  Энэтхэгийн “Adani” групп “Carmichael” эрчим хүчний нүүрс олборлолтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ч санхүүжилт олгох банк олж чадалгүй, зөвхөн өөрсдийн нөөц бололцоогоороо төслөө хэрэгжүүлэхээр болоод байна.

Болж буй үйл явц нь цаашдаа манайх шиг нүүрсний төсөлд түшиглэж эрчим хүчээ үйлдвэрлэдэг, бүр эрчим хүчний томоохон экспортлогч байхаар төлөвлөдөг улс оронд Хятадыг бараадахаас өөр сонголтгүй болох ирээдүй рүү түлхэж болзошгүй. Хятадын томоохон банкууд нүүрсний төслүүдийг хөрөнгө оруулахаас татгалзах болсон ч цөөн тохиолдолд бол зөвшөөрч мэдэх юм. Өөрөөр хэлбэл Хятад нүүрсний төсөлд санхүүжилт олгохоос татгалзаж байгаа ч хилийн чанад дахь нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулж, эрчим хүч импортлохыг эрмэлзэх нэг илрэл нь 5.3 ГВт-ын Шивээ-Овоогийн нүүрсний цахилгаан станцын төсөл юм. Энэхүү 7 тэрбум ам.долларын мега төсөл жилд шатаах нүүрсний хэмжээ нь даруй 20 сая тонноор хэмжигдэнэ. Уг төсөл нь Монголын төрийн өмчит компани “Эрдэнэс Монгол”-ын хэрэгжүүлэхээр зорьсон гол төслүүдийн нэг бөгөөд хэрэв уг станц сүндэрлэвэл дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох цахилгаан станц болох ёстой. Уг станцын хүчин чадал нь манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлаас бараг тав дахин их. Хөрөнгө оруулалт, эдийн засаг талаасаа сайхан сонсогдох боловч уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ конвенцийн өмнө хүлээх хариуцлага талаасаа асар их ухралт болох нь дамжиггүй. 

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, станцаас ялгарах бүхий л хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцоход үлэмж их тоо гарна. Нөгөөтэйгүүр сэргээгдэх эрчим хүчний төслүүд Монголд цэцэглэн хөгжиж байна. Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Салхитын салхин цахилгаан станцаас эхэлсэн энэ салбар одоо хүрээгээ хурдацтай тэлж баригдахаар хүлээгдэж буй төслүүд хэдэн арваар тоологдохоор болжээ. Гэвч нар, салхины сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн цахилгааны борлуулалтын өртөг нүүрсний станцынхаас хэд дахин өндөр байгаа нь уг төслүүд нүүрсний станцтай үнээрээ өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна. Сэргээгдэх эрчим хүчний хууль анх батлагдахад тодорхой үнэ тарифыг тогтоож өгсөн нь угтаа энэ салбарын хөгжлийн суурийг тавьж өгсөн. Одоо харин энэ салбар бие даан хөгжихөд хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болж байна. Эс бөгөөс сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүг төр төлж дийлэхгүй тул шинэ төслүүд аажимдаа зогсох нь гарцаагүй. 

Уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйл, үүний эсрэг хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг талаасаа харахад манай улсад ирээдүйн уул уурхай, аж үйлдвэрийн хэрэгцээний эрчим хүчийг зөвхөн шаардлагатай тохиолдолд нүүрсний эрчим хүчээр хангах нь зүйтэйг харуулж байна. Үүнд мэдээж Тавантолгойн цахилгаан станц зэрэг харьцангуй жижиг хэмжээний станцууд багтана. Харин хэдэн ГВт-аар хэмжигдэх экспортын зориулалттай томоохон станц нь санхүүжилт талаасаа ч тэр, уур амьсгалын өөрчлөлтийн үүрэг хариуцлага талаасаа ч тэр урт хугацаанд томоохон асуудал дагуулж болзошгүй байна. 

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ 2015 онд зурагдахад нэгдэн орсон бөгөөд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14%-иар бууруулах үүрэг амлалт өгчээ. 2017 оны байдлаар Монголын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 25.7 сая тонн (нэг хүнд оногдох үзүүлэлтээр 8.4 тонн) байсан нь 1990 оныхтой харьцуулахад 95.8%-иар өссөн дүн болохыг Европын Комисс болон Нидерландын байгаль орчны үнэлгээний агентлагын гаргасан тайланд дурджээ. Манай улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын түвшин бусад орныхтой харьцуулахад бага боловч нэг хүнд оногдох үзүүлэлтээр нэлээд дээгүүрт бичигдэж байна. 

Уур амьсгалын өөрчлөлт уул уурхайн салбараас ийнхүү хүлэмжийн хийн ялгаруулалтын түвшнээс бууруулахыг шаардаж буй ч бас өөр нэгэн үүргийг ч нэхэж байна. Тэр нь стратегийн түүхий эдийн нийлүүлэлт. Саяхан (05.01) Дэлхийн банк уул уурхайн томоохон төлөөлөгчид болох Рио Тинто, Англо Американ, мөн Германы Засгийн газартай хамтран энэ чиглэлд ахиц гаргах Climate-Smart Mining Facility буюу Уул уурхайг хүлэмжийн хийн ялгаруулалт багатай байдлаар хөгжүүлэх санг байгуулсан талаар тавдугаар сарын эхээр танилцууллаа. Уг сангийн үндсэн зорилго нь цэвэр эрчим хүчний технологи болох нар, салхи, зай хураагуурт ашиглагддаг түүхий эд, металын тогтвортой, байгаль орчинд ээлтэй олборлолт болон боловсруулалтыг дэмжиж ажиллахад чиглэх юм байна. Энэ хүрээнд тус банк ирэх таван жилийн хугацаанд нийтдээ 50 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөжээ. 

Дэлхийн банкны тооцоолж буйгаар цэвэр эрчим хүчний гол технологи болсон зай хураагуурт оролцдог түүхий эдүүд болох литийн эрэлт ойрын гучин жилийн хугацаанд 965%-иар графитынх 383%, никелийнх 108%-иар тус тус өсөхөөр байгаа ажээ. Энэхүү тооцооллыг Дэлхийн банк Парисын гэрээнд нэгдсэн улс орнуудын амлалт дээр тулгуурлан гаргасан байна.

Рио Тинто компанийн хувьд АНУ-д орших Кеннекоттын зэсийн уурхайн эрчим хүчний эх үүсвэр нь нүүрснээс хараат бус болсныг тавдугаар сарын эхээр мэдэгдсэн. Ингэснээр тус зэсийн уурхайн нийт эрчим хүчийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар болж байна. 

Тодруулбал тус уурхайн нийт эрчим хүчийг Rocky Mountain Power компанийн салхины станцаас бүрдүүлэх бөгөөд уурхайн хүлэмжийн хийн ялгарлын түвшинг даруй 65%-иар бууруулна” гэж компани тооцоолж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хэлэхдээ “Энэхүү алхам нь Кеннекоттын үйлдвэр, уурхайн үйл ажиллагаанд хамаарах хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулж буйн сацуу хэрэглэгч нартаа зэс, алт, мөнгийг илүү байгальд ээлтэй шийдэл ашиглан хүргэх боломжийг бүрдүүлж байна” гэж мэдэгджээ. 

Уул уурхайн тэргүүлэгч компани болох BHP-ийн тухайд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа Канадын гарааны бизнес болох Direct Air Capture компанид хувьцааны хөрөнгө оруулалтаар 6 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа юм. Тус компани нь хүлэмжийн хийг агаараас шүүж авах зарчмаар ажилладаг технологийг хөгжүүлж байна. 

Уул уурхайн компаниуд    ийнхүү уур амьс­галын өөрчлөлтийн эсрэг ажиллаад эхэлсэн бол уул уурхайн салбарт хөгжингүй улс орнууд ч асуудлаа шийдээд эхэлжээ. Тухайлбал Канадын Засгийн газар уул уурхайн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ажиллах шийдлийг боловсруулахад зорилж 325 мянган кан.долларын санхүүжилтийг тус улсын уул уурхайн ассоциацид олгохоор болсон байна. Уг төсөл нь тус улсын уул уурхайн салбарынханд уур амьсгалын талаарх ойлголтыг илүү гүнзгийрүүлж, шийдвэр гаргахдаа илүү оновчтой шийдэл гаргахад нь туслах зорилготой юм. 

Европын холбооны тэргүүлэх эдийн засаг болох Герман улс 2038 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзахаар болсон талаараа өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Томоохон автомашин үйлдвэрлэгчид 2026-2030 оноос эхлэн зөвхөн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэнэ гэсэн билээ. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн улс орнуудын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж байгаа төдийгүй хөрөнгө оруулалтын төслүүдээ дахин нэг удаа тооцож үзэхийг сануулж байна.  
 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.140.248)
    Монголын нүүрсийг хэнч авахгүй болж, 2010 оноос өмнөх шиг нүүрс шороо болон үлдэх өдөр ирнэ. Тэр үед нүүрсээ борлуулаад авах минь яалаа гэцгээх байх даа
    2019 оны 06 сарын 27 | Хариулах