Наймдугаар сард Хятад 9.7 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өмнөх долдугаар сарын импортын хэмжээтэй харьцуулбал 17%-иар өсчээ.
Өнгөрсөн сард, Австралиас 4.5 сая (+14%), Монгол Улсаас 3.74 сая (+45%), Канадаас 308.7 мянган(+72%) тонн коксжих нүүрс тус тус импортолжээ. Харин ОХУ-аас 479.2 мянга (-35%), АНУ-аас 21.7 мянга (-89%), Индонезээс 28.2 мянга(-74%) тонн нүүрс тус тус импортолсон нь буурсан үзүүлэлттэй байна.
Хятадын Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх бодлогын хүрээнд өвлийн улиралд тодорхой хугацаагаар хүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарладаг. Үүнээс урьтаж гангийн үйлдвэрүүд үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр тус улсын коксжих нүүрсний импортод өсөлт ажиглагдаж буй гэж “GMK Center” байгууллагын шинжээчид үзэж байна.
Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, наймдугаар сард 87.25 сая тонн ган үйлдвэрлэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3%-иар өсчээ. 2018 онд нийт гангийн үйлдвэрлэл 928.26 сая тоннд хүрсэн юм.
Тэгвэл оны эхний найман сарын байдлаар нийт 2.41 тэрбум тонн нүүрс олборлож, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5%-иар өссөн байна. Мөн хугацаанд нийт 220.28 сая тонн нүүрс импортлоод буй аж. Хятадын Улсын дүн шинжилгээний төвийн тайланд дурдсанаар, 2025 оноос тус улсын нүүрсний нийт хэрэглээ буурч эхлэх гэнэ.
Хятадын зах зээлд нүүрсний экспортоо нэмэгдүүлж буй Оросын тухайд, 2018 онд 27 сая тонн, үүнээс 6 сая тонныг төмөр замын тээврээр нийлүүлсэн байдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 15 сая тонн нүүрс Хятад руу экспортолсон тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Э. Од