Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Америк-Хятадын худалдааны хэлэлцээрийн 13 дахь раундын уулзалтын тод тодров

БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийн шинэ уулзалт аравдугаар сарын 10-11-нд Вашингтон хотноо болохоор товлогдсон байна. Энэ тухай БНХАУ-ын худалдааны яамнаас мэдээлжээ. Америкийн талын урилгаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид  Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээний хүрээнд Вашингтонд айлчлах юм. Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдааны сайд, Ардын банкны тэргүүн, Хөгжил шинэчлэлийн улсын хорооны дарга, Улсын статистикийн хорооны дарга нар багтсан байна.  Америкийн талаас Сангийн сайд Стефен Мнучин, Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээрт АНУ-ын гол төлөөлөгч Роберт Лайтхейзер нар хэлэлцээрт оролцох аж.

Хятад-Америк хоорондын худалдааны маргаан 1.8 сар үргэлжилж хурцадмал байдалтай байгаа юм. Хамгийн сүүлд талуудын 12 дахь удаагийн уулзалт өнгөрсөн долдугаар сарын 30-31-нд Шанхай хотноо болсон байдаг. Хятад, Америкийн талын уулзалтууд тодорхой зөвшилцөлд хүрч чадахгүй өнөөг хүрсэн бөгөөд талууд есдүгээр сарын 1-нээс бие биенийхээ бараа бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт татварыг ногдуулаад байгаа билээ.

Дэлхийн худалдааны бараг 20 гаруй хувийг бүрдүүлэх хоёр том гүрэн АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн олон улсын эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл хэмээн олон улсын шинжээчид үзэж буй. Дэлхийн банкнаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 2.6%, 2020 онд 2.7%, 2021 онд 2.8%-д хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. ОУВС-аас дэвшүүлсэн таамгаар энэ онд дэлхийн эдийн засаг 3.3%-ийн өсөлттэй байх аж.

Э.Од