Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Си Жинпин коронавирус Хятадын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэйг санууллаа

Даваа гаригт (02.03)Хятадын Коммунист намын хоёр дахь хурал болсон байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин коронавирусын дэгдэлтийг дарахын тулд бүх шатны байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг хэлжээ. Мөн үхлийн аюулт энэхүү вирус нь Хятад улсын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүйг сануулав. Энэ жилийн зорилт нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх гэдгийг Коммунист намын удирдлага хэллээ.

Хятадад үүссэн нөхцөл байдлаас үүдэж тус улсын удирдлагууд өнгөрсөн өдрүүдэд дээд хэмжээний уулзалтыг хоёр ч удаа зохион байгуулаад байгаа юм. Мөн коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 400 зуу хол давсан нь Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны үнэ унахад нөлөөлж байна.

“Өвчин дэгдсэн нь Хятадын удирдлагуудын хувьд том сорилт боллоо. Бид үүнээс суралцаж, цаашид туршлага болгох ёстой” хэмээн “Синхуа” агентлагаас мэдээлсэн.  

Мөн Си Жинпин, вирусээс сэргийлэх болон тархалтыг тогтворжуулахад орон нутгийн удирдлагууд бүх чадлаараа хичээн ажиллаж, дүрэм журмыг баримтлахыг сануулжээ. Үгүй бол Засгийн газрын зүгээс хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулсан байна.

Хятадын яаралтай үед авах хариу арга хэмжээг сайжруулах, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хууль бус амьтны гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүдэд арга хэмжээ авах нь Коммунист намын энэ удаагийн хурлаар хэлэлцсэн гол асуудал байлаа. Өөрөөр хэлбэл шаардлагатай үед олгох хангамжийг сайжруулахаар тогтжээ.  

"Ховор уулзалт"

Си дарга ойрын өдрүүдэд дэгдээд байгаа үхлийн аюултай коронавируст санаа зовниж буйгаа илэрхийлж, Засгийн газар үүнтэй хатуу тэмцэж байгааг дурдлаа. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) дарга Гебрейсус Тедрос Аданомтой уулзахдаа, коронавирус нь олон улсын хэмжээнд хүний эрүүл мэндэд аюул заналхийлж байгааг онцолсон юм.

Хятадын төрийн томоохон төлөөлөгчдийг хамруулсан энэ төрлийн онцгой уулзалт тун ховор болдог. Өмнө нь 1992-2013 онд 20 удаагийн дээд хэмжээний уулзалт болж байсан бөгөөд үүний хагас нь байгалийн гамшиг, хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудалд чиглэсэн яаралтай хурлууд байжээ. Си дарга Хятадын төрийн удирдлагыг авснаас хойш ерөнхийдөө жилд нэг удаа дээд хэмжээний уулзалт зохиогдож ирсэн. Гэхдээ 2014 онд Юннан мужийн газар хөдлөлт, 2018 онд Сионганы “ухаалаг” хот төслийн асуудлаар тусгай уулзалтууд хэд хэдэн удаа болж байжээ.

Өнгөрсөн өдрүүдэд Си Жинпины гаргасан шийдвэрээр, 50 сая хүнд хорио цээрийн дэглэм тогтоож, хоёр шинэ эмнэлгийн барихаар болсон юм.

Б.Золоо