Өнгөрсөн пүрэв гаригт БНХАУ-ын зүгээс АНУ-тай хийсэн Худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хэрэгжилт болгож татвар бууруулахаар болсноо зарлалаа. Тодруулбал Америкаас импортолдог 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 50%-иар багасгахаар болжээ. Уг шийдвэр энэ сарын 14-нөөс хэрэгжиж эхлэх бөгөөд цаашид хоёр улсад үлдээд буй импортын нэмэлт татварыг бүхэлд нь цуцлах хүртэл хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа Хятадын зүгээс илэрхийллээ.
Хоёр улсад үлдээд буй импортын нэмэлт татварын тухайд, Америкийн Хятадаас импортлох 360 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн болоод Хятадын Америкаас импортлох 35 тэрбум ам.долларын барааны татвар юм.
Худалдааны хэлэлцээрийн хамгийн чухалд тооцогдох хэсэг нь Хятадын Америкаас импортлох бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх үүрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл ирэх хоёр жилийн хугацаанд Хятад нь Америкаас 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нэмж импортлохоор тохиролцсон. Үүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч болон үйлчилгээний салбарт хамаарах бараа бүтээгдэхүүний импорт хамаарна.
Гэвч Хятад нь Америкийн бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортолж авч чадах эсэхэд АНУ-ын зах зээлийн шинжээчид эргэлзэж байна. Учир нь Хятадад коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 40.5 мянган хүн уг өвчний халдвар авч, эндэгсдийн тоо 910-д хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт “Fox Business”-д өгсөн ярилцлагадаа АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “Одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад коронавирус манай хоёр орны Худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтэд нөлөөлөхгүй байх гэж найдаж буй”-г өгүүлсэн байна.
Эргэн сануулахад, 2019 оны есдүгээр сард БНХАУ-ын Сангийн яамнаас АНУ-ын 1717 төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа машин техник, шар буурцаг, түүхий нефть болон бусад бараа бүтээгдэхүүний татварыг 10% байсныг 5% болгож бууруулна гэдгээ мэдэгдсэн. Мөн өөр бусад бараа бүтээгдэхүүнд ногдуулж байсан 5%-ийн татварыг 2.5% болгож бууруулна. Хоёр улсын хооронд байгуулсан Худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хүрээнд Америкийн тал Хятадаас импортлох 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулж байсан татварыг 50%-иар багасгаж 15%-7.5% болгохоор шийдвэрлэсэн юм.
Б.Золоо