Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Хөдөлмөрийн үндэсний нам: Оюутолгой төслөөс Монгол Улсын авах өгөөж 30% буурсан

Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа Хөдөлмөрийн үндэсний нам хэвлэл бага хурлынхаа үеэр (2021.02.01) мэдэгдлээ. Тус нам нь Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэх аж. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хорооноос бүрдэж байна. Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ", мөн Оюутолгой төслийн 2014,2020 оны NI 43-101 Техникийн тайлан, “Опен ойл” компанийн 2016 онд танилцуулсан Оюутолгойн төслийн санхүүгийн загвар дээр ажилласан эхний үр дүнгээ Ажлын хэсэг танилцуулав.

Танилцуулгад дурдсанаар, Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2-т Монгол Eлсын бусад орнуудтай байгуулсан давхар татварын хувь хэмжээг тогтворжуулжээ. Хэдийгээр Монгол Улс нь Нидерландын Вант улстай байгуулсан давхар татварын гэрээг 2014 онд цуцалсан боловч энэ нь Оюутолгой төсөлд хамаарахгүй үлдэхээр байна. Үүнээс үүдэн Оюутолгой төслөөс Монгол Улсын авах өгөөж ойролцоогоор 30 орчим хувь буурчээ. Иймд Монгол Улсын Засгийн газар нь “Рио Тинто” компанитай хийх хэлэлцээрт давхар татварыг тогтворжуулсан асуудлыг эргэн харах ёстой.

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын 3-т “Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг 53%-иас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34%-ийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан УИХ-д танилцуулах”-ыг Засгийн газарт даалгасан. “Опенойл” компанийн 2016 оны олон нийтэд нээлттэй загварыг ашиглан тооцоолохдоо Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-ийг хамгийн багадаа 1.5%-ийн нэмэлт рояалтид шилжүүлэх урьдчилсан тооцоолол гарч байна. Засгийн газар нь УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байна.

Оюутолгой төсөлд Засгийн газар нь өөрийн санхүүгийн загвар боловсруулан ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд сүүлийн үед Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын олон нийтэд өгсөн мэдэгдлүүдээс дүгнэхэд Засгийн газар өөрийн гэсэн санхүүгийн загвар ашиглахгүй байх хардлагыг төрүүлж байна. 2100 он буюу 80 жилийн дараа хүртэл Монгол Улсын эдийн засаг болон монголчуудын амьдралд том нөлөө үзүүлэх энэхүү төслийн санхүүгийн үр ашгийг тооцоолсон загваргүйгээр Засгийн газар нь бусад хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрт орох боломжгүй гэж үзэж болно. Хэрэв найдвартай санхүүгийн загвар боловсруулж амжаагүй эсвэл санхүүгийн загвараа шинэчлэх шаардлагатай бол бид (Хөдөлмөрийн үндэсний намын Ажлын хэсэг)Засгийн газартай хамтран ажиллаж 1 сарын хугацаанд загварыг боловсруулах боломжтой хэмээн Хөдөлмөрийн Үндэсний Нам мэдэгдлээ.

 

Л. Номин