Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ түүхий нефтийн экспортын татварыг бууруулна


Ч.Сансар

Urals маркийн нефтийн үнэ буурч, ОХУ түүхий нефтийн экспортын татвараа 12 дугаар сард 5.7%-иар бууруулахаар төлөвлөж байна гэж Оросын Сангийн яамны эх сурвалжийг иш татан 11 дүгээр сарын 15-нд Bloomberg мэдээлжээ.

12 дугаар сараас тонн тутамд 24.7 ам.долларын татвар ногдуулахаар боллоо гэж Bloomberg мэдээлсэн байна.

“Argus Media” мэдээллийн агентлагийн үнэлгээгээр Оросын Urals маркийн нефть Балтийн Приморск боомт дээр 66.19 долларын үнэтэй байна гэж Bloomberg өнгөрсөн долоо хоногт бичжээ. Энэ нь Urals нефтийн хувьд энэ оны 7 дугаар сараас хойш хамгийн хямд үнэд хүрч байна.

Харин ОХУ-ын Сангийн яам Urals нефтийн үнэ 83.35 доллараас буурч, 10 дугаар сарын дундаас 11 дүгээр сарын дунд хүртэл 79.23 доллар дээр тогтсон гэж мэдээлжээ.

Оросын Засгийн газар ирэх сард гаалийн татварыг бууруулж, тонн тутамд 24.7 ам.доллар болно гэж Сангийн яам 11 дүгээр сарын 15-нд мэдэгдэв. Энэ нь 10 дүгээр сараас 5.7%-иар буурсан үзүүлэлт юм.

 “Trading Economics” агентлагийн мэдээлснээр 2023 онд Urals-ын үнэ 24.61%-иар өссөн байна. 2023 оны 1 дүгээр улиралд Urals нефтийн үнэ бараг 118 ам.долларт хүрчээ. 11 дүгээр сарын 14-нд Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) Оросын нефтийн экспортын орлого 10 дугаар сард 25 сая ам.доллараар буурч, 18.34 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн. Оросын нефтийн экспорт 10 дугаар сард өдөрт 70,000 баррелиар буурсан гэж ОУЭА мэдэгджээ.

“Их долоо”-гийн орнуудын хэрэгжүүлж буй үнийн дээд хязгаарын бодлогын хүрээнд Оросын Urals нефтийг гуравдагч орнуудад тээвэрлэхэд зөвхөн 60 ам.доллараас доогуур үнээр худалдсан тохиолдолд барууны даатгал, санхүүжилтэнд хамрагдах боломжтой гэж заасан байдаг. 11 дүгээр сарын 14-нд Европын холбооны нэгэн албан тушаалтан Financial Times сонинд  дурдахдаа, 10 дугаар сард экспортолсон Оросын “бараг бүх” түүхий нефть үнийн дээд хязгаараас дээгүүр худалдагдсан байна гэжээ.

Эх сурвалж: oilprice.com