Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Венесуэлийн нефтийн олборлолт 850 мянган баррель болж нэмэгдэв 

Ч.Сансар


Венесуэлийн түүхий нефтийн олборлолтын хэмжээ өдөрт 850 мянган баррельд хүрч, тус улсын дэлхийн зах зээлд эзлэх хувь нь сэргэж эхэллээ хэмээн Газрын тосны яамны албаны хүмүүс мэдэгдсэнийг Ройтерс агентлаг  мэдээлжээ. 10 дугаар сарын олборлолт өдөрт 786 мянган баррель байсан юм.

Каракас хотод зохион байгуулагдсан  газрын тосны хурал дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ “Тринидад Тобаготой хамтран хэрэгжүүлж буй "Драгон" ордоос байгалийн хийн экспортыг эхлүүлнэ гэж найдаж байна” гэдгээ Венесуэлийн газрын тосны Дэд сайд Эрик Перез хэлээд, эдийн засаг сэргэх хандлагатай байгааг онцолжээ. Дэлхийн газрын тосны хамгийн том нөөцтэй Венесуэл улс одоогоор Тринидад улсын Засгийн газар болон Shell компанитай  “Драгон” ордыг хамтран ашиглах талаар хэлэлцээр хийж байна. 

Forbes сэтгүүлийн мэдээлснээр, Вашингтон 10 дугаар сарын 18-нд хоригоо түр сулруулсанаас хойш компаниуд Венесуэлийн нефтийг худалдаж авах гэж “яарч” байна. Венесуэлд газрын тосны үйлчилгээ эрхэлдэг компаниудад олгосон дөрвөн лицензийг 2024 оны 5 дугаар сарын 16 хүртэл сунгасан. Тиймээс газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд Венесуэл улс олон улсын компаниудтай хэлэлцээр хийхэд хүргэсэн аж.

Вашингтон 10 дугаар сард хоригоо цуцалсны   дараа Oilprice.com мэдээлснээр түүхий эдийн томоохон компаниуд Венесуэлийн газрын тосны төрийн өмчит PDVSA компаниас баталгаажсан зуучлагчдаас түүхий нефть худалдан авах гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн. Дэлхийн хамгийн том бие даасан нефтийн худалдаа эрхэлдэг Vitol Group Венесуэлээс газрын тос ачих супер танк хөлсөлсөн тухай Bloomberg өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. 11 сая доллараар захиалсан Gustavia S онгоц  12 дугаар сарын эхээр Венесуэлийн нефтийг ачих аж.

Эх сурвалж: Oilprice.com