Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ураны үнэ сүүлийн 15 жилд анх удаа 80 ам.доллар давлаа

Цөмийн эрчим хүчний эрэлт сэргэж, нийлүүлэлт тасалдсаны улмаас нэг фунт ураны үнэ 80 ам.долларт хүрч өслөө. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд хүрсэн хамгийн өндөр үнэ юм. “Cameco” корпорац 9 дүгээр сарын 4-нд “McArthur River”, “Cigar Lake” уурхай, “Key Lake” үйлдвэрт гарсан асуудлууд үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө гэж мэдээлжээ. Үүнээс гадна Дэлхийн ураны 5% орчмыг үйлдвэрлэдэг Нигерт саяхан төрийн эргэлт гарч, Европын цөмийн станцуудад нийлүүлдэг уран тасарсан.

Украинд дайн эхэлснээс хойш Оросын “Росатом”-ын баяжуулах үйлдвэрүүдээс хараат байдалтай холбоотой болгоомжлол үүссэн. Дайны улмаас улс орнууд эрчим хүчний үйлдвэрлэлээ төрөлжүүлэх ажлаа  эрчимжүүлсэн. Хоолойгоор дамжуулдаг Оросын байгалийн хий тасалдсаны дараа Европын эрчим хүчний зарим компани цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг уртасгаж эхэллээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд биет ураны үнэ 55 орчим хувиар өссөн гэж “Sprott Asset Management” хөрөнгө оруулалтын компанийн мэдээлэв. “Ураны үнэ өсөж, ураны салбар хөгжинэ гэж үзэх шалтгаан бий. Тав, зургаан жилийн өмнө нэг фунт уран ойролцоогоор 20 доллар байсан. Урт хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүсэх эрсдэл бий. 2040 он гэхэд ураны нийлүүлэлт 1.5 тэрбум фунтээр дутах эрсдэлтэй. Тиймээс урт хугацаанд энэ нь ураны үнийн өсөлтөнд нөлөөлнө гэж бодож байна” гэж Sprott дахь ETF-ийн бүтээгдэхүүний менежментийн захирал Стивен Шоффстал хэлэв. Шоффсталлын хэлснээр ураны үнэ хэр ашигтай байгааг харах нь чухал. Үйлдвэрлэлийн өртгөө нөхөөд, дээрээс нь ашиг олж байвал ашигтай үнэ гэнэ. Энэ үнэ одоогоор 75-80 долларын хооронд хэлбэлзэж байна.

Sprott-ын мэдээллээр, ураны үнэ өсвөл уул уурхайн компаниуд үйлдвэрлэлээ дахин сэргээхэд хүргэнэ. Энэ сард Австралийн уул уурхайн Boss Energy Ltd. компани 10 гаруй жил яригдсан төслөө эхлүүлэхээ зарлав.