Ч.Сансар
“Австралийн нүүрсний импорт буурч, гангийн үйлдвэрүүд үнийн өсөлтөд нэрвэгдэж буй энэ цаг үед Энэтхэг улс Оросоос худалдан авдаг коксжих нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тус улсын Засгийн газрын 3 эх сурвалж болон тус салбарын удирдах ажилтан мэдэгдлээ. Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тогтворгүй, тасалддаг учир Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд бэрхшээлтэй тулгардаг. Тус улсын нүүрс Энэтхэгийн бүтэн жилийн импорт болох 70 сая тоннын талаас илүү хувийг эзэлдэг. Өнгөрсөн сард Австралийн коксжих нүүрсний үнэ 50%-иар өсөж, нэг тонн нь 350 гаруй ам.долларт хүрчээ. Үнийн өсөлт нь нүүрсний уурхайн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүй, Квинсландаас нийлүүлэлт багассан, галт тэрэгний сүлжээний үйл ажиллагаа удааширсан зэрэг хүчин зүйлтэй холбоотой.
Энэ сарын эхээр Австрали улс Энэтхэгт коксжих нүүрсийг тогтвортой нийлүүлэх баталгаа өгсөн. Гэсэн хэдий ч Энэтхэг улс нүүрсний импортоо төрөлжүүлэх сонирхолтой байгаа тухай эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлэв. Өнгөрсөн жил Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд Оросоос авах коксжих нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг оролдсон. Гэвч Украины дайны улмаас Москвагийн эсрэг авсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ нь Оросын коксжих нүүрсийг Энэтхэгийн үйлдвэрүүдэд нийлүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна. Гэвч Энэтхэг, Оросын компаниуд төлбөрийн системээ жигдрүүлснээр Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэж Засгийн газрын болон нүүрсний салбарын эх сурвалжууд мэдээлэв.
Оросын коксжих нүүрсний үнэ ханш Австралийн нүүрснээс хямд бөгөөд Оросын зарим компаниуд үнээ цаашид буулгах сонирхолтой байгаа гэж тэд хэлэв.
“Steel Authority of India” (SAIL) болон “Rashtriya Ispat Nigam” Ltd зэрэг Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэй компаниуд Оросын коксжих нүүрсний төлбөрийг рупийгээр төлөхийг дэмжиж байгаа. SAIL компани 12 дугаар сарыг дуустал тус бүр 75,000 тонн нүүрсийг дөрвөн удаа Оросоос тээвэрлэх захиалга өгсөн гэж тус компанийн дарга мэдэгдэв.