Ч.Сансар
Оросын баяжуулсан ураныг АНУ-д импортлохыг хориглох тухай хуулийн төслийг дэмжих эсэх талаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явуулахаар боллоо. Вашингтоны төлөөлөгч Кэти МакМоррис Рожерсийн боловсруулсан Оросын ураны импортыг хориглох тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Орос, Украины дайн эхэлсэнээс хойш цөмийн реакторын түлшийг Оросоос импортлохыг хориглох арга хэмжээг дэмжих байдал Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын гишүүдийн дунд өсөж байна.
Эрчим хүчний яамны мэдээлснээр өнгөрсөн жил Америкийн 90 гаруй цөмийн реакторт ашигласан баяжуулсан ураны бараг дөрөвний нэгийг Оросоос нийлүүлсэн бөгөөд Америкийн №1 нийлүүлэгч Орос улс болсон байна.
Хууль батлагдсанаас хойш 90 хоногийн дараа Оросын ураны импортыг хориглох, 2028 оны 1 дүгээр сар хүртэл түр хугацаагаар чөлөөлөх тухай хуулийн төслийг Конгрессын танхимын хороо тавдугаар сард баталсан.
Төлөөлөгчдийн танхимын хууль батлагдвал АНУ-д цөмийн түлшний үнэ ханш 13%-иар нэмэгдэнэ гэж Конгрессын төсвийн асуудал эрхэлсэн нам бус ажилтнуудын дүн шинжилгээнд дурджээ.
Уг хуулийн төсөл нь "Оросын харьцангуй хямд өртөгтэй баяжуулсан уран худалдан авах боломжийг хязгаарлаж, цөмийн түлшний зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, улмаар АНУ-ын цөмийн реакторуудын түлшний зах зээлийн үнэ нэмэгдэх, үйл ажиллагааны ашгийг бууруулах" болно гэж Конгрессын Төсвийн алба мэдэгдлээ.
Байдены засаг захиргаа АНУ-ын ураныг баяжуулах дотоод чадавхийг нэмэгдүүлэхийн тулд Конгрессоос 2 тэрбум гаруй ам.доллар хүссэн. Үүнд орчин үеийн шинэ реакторуудад шаардлагатай баяжуулсан өндөр агуулгатай уран болон уламжлалт цөмийн станцуудын хэрэглэдэг баяжуулалт бага уран багтаж байна.
Эх сурвалж: Mining.com