Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Баруун Австрали муж уул уурхайн төслийн зөвшөөрөл олгох журмыг шинэчилнэ


Ч.Сансар

Баруун Австрали муж ногоон эрчим хүч рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ бизнесүүдийн хөгжлийг дэмжихийн тулд байгаль орчны зөвшөөрөл олгох журмаа шинэчлэнэ гэж мягмар гарагт мэдэгдлээ.

Шинэчлэлийн хүрээнд  стратегийн ач холбогдолтой төслүүдийн зөвшөөрлийг шуурхай олгох эрхийг Байгаль орчны сайдад олгож байгаа бөгөөд  Засгийн газрын зөвшөөрлийг байгаль орчны зөвшөөрөлтэй хамтад нь  олгох боломжтой болж буй юм.

Мөн тус мужийн засаг захиргаа шийдвэр гаргах хугацааг илүү өргөн хүрээнд тодорхойлж, бусад агентлагтай зөвшөөрлийн давхардлыг бууруулах арга хэмжээ авахыг зорьж байна гэж мэдэгдэв.

Уул уурхай, хайгуулын компаниудын холбооны Гүйцэтгэх захирал Уоррен Пирс “Өнөөдрийн мэдэгдэл нь манай салбар болон улсын эдийн засагт олон жилийн турш тулгарч байсан саад бэрхшээлийг арилгах томоохон алхам боллоо” гэж хэллээ.

Энэхүү шинэчлэл нь цахилгаан машины батарейнд ашиглагддаг лити, никель болон ногоон ган зэрэг металын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм.

АНУ, Европ, Канад зэрэг улсууд өөрсдийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд өргөн хүрээнд дэмжлэг үзүүлдэг, тиймээс уул уурхайн хууль журмаа сайжруулж, илүү оновчтой болгох эс тэгвээс хөгжлөөс хоцрох эрсдэл тулгарна гэж Австралийн уул уурхайн томоохон компаниудын захирлууд Австралийн Засгийн газарт сануулжээ.

Баруун Австрали нь далайгаар тээвэрлэсэн дэлхийн төмрийн хүдрийн талаас илүү хувийг, литийн тэн хагасыг нийлүүлдэг. Өнгөрсөн санхүүгийн жилд тус муж 254 тэрбум австрали долларын (167 тэрбум ам.доллар) үнэ бүхий ашигт малтмалын бүтээгдэхүүн борлуулсан.

Гэвч энэхүү мэдэгдлийг үл харгалзан Австралийн Байгаль орчны үндэсний хууль тогтоомжийн шинэчлэл ирэх жил хүртэл хойшлогдлоо.

Grattan Institute хэмээх судалгааны төвөөс Австрали зөв бодлого хэрэгжүүлбэл 2050 он гэхэд нэн чухал ашигт малтмалын салбар Австралийн эдийн засагт 400 тэрбум гаруй ам.долларын нэмэлт орлого оруулах боломжтой гэж тооцоолжээ. Энэ нь тус улсын хоёр дахь том экспорт болох нүүрснээс ч их хэмжээ юм.

Эх сурвалж: Reuters