Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын нефтийн үйлдвэрлэл нэмэгдэж, OPEC -ийн олборлолт буурлаа


Ч.Сансар

“OPEC-ийн түүхий нефтийн олборлолт өнгөрсөн  сард анх удаа буурч, АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн байна” гэж OPEC-ийн лхагва гарагт гаргасан сарын тайланд дурджээ.

Өнгөрсөн сард OPEC-ийн 13 гишүүн улсын газрын тосны өдрийн нийт олборлолт 27.84 сая баррель болсон нь өмнөх сарынхаас 57,000 баррелиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь Ирак, Ангол, Нигерийн олборлолт багассантай холбоотой гэж OPEC -ийн газрын тосны зах зээлийн сарын тайланд бичжээ.

OPEC+-ийн хэлэлцээрээс чөлөөлөгдсөн Венесуэл, Ливи улсуудын түүхий нефтийн олборлолт Кувейтийн нэгэн адил сар бүр өссөн гэж  нефтийн нийлүүлэлтийг хянадаг OPEC-ийн хоёрдогч эх сурвалж мэдээлэв.

OPEC картелийн тэргүүлэгч Саудын Араб өдрийн олборлолтоо бага зэрэг буюу 12,000 баррелиар нэмэгдүүлж, 8,998 сая баррель болжээ. OPEC-ийн олборлолтын албан ёсны мэдээлэл нь энэ сарын эхээр хийгдсэн Ройтерс агентлагийн судалгаатай нийцэж байгаа юм. Үүнд, Нигер, Иракийн нийлүүлэлт багассаны улмаас  долдугаар сараас хойш OPEC-ийн олборлолт 11 дүгээр сард анх удаа ийнхүү буурсан гэж мэдээлжээ. 

Үүний зэрэгцээ OPEC тайландаа “АНУ-ын түүхий нефтийн болон конденсатын үйлдвэрлэл, мөн байгалийн шингэн хийн үйлдвэрлэл дээд түвшинд хүрсэн. АНУ-ын нийт шингэн ашигт малтмалын үйлдвэрлэл 9 дүгээр сард 21.6 сая баррель/өдөрт хүрч дээд амжилт тогтоосон нь хуурай газар болон далайн олборлолт өссөнтэй холбоотой.” гэж бичжээ.

АНУ-ын нефть, шингэн байгалийн хийн нийлүүлэлт 2023 онд өдөрт 1.3 сая баррелиар өснө гэж OPEC таамаглаж байгаа юм.

АНУ, Бразил, Казахстан, Норвеги, Гайана, Мексик, Хятад зэрэг OPEC-ийн гишүүн бус орнуудын шингэн нүүрс-устөрөгчийн нийлүүлэлтийн өсөлт 2023 онд 1.8 сая баррель хэвээр байх төлөвтэй гэж тус картель мэдэгдэв.

Сүүлийн долоо хоногт болсон түүхий нефтийн үнийн өөрчлөлтийн талаарх тайлбартаа OPEC "фьючерсийн зах зээлийн   тогтворгүй байдлын улмаас газрын тосны   гэрээний үнэ унасан" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: oilprice.com