Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн сард 20%-иар өслөө

Ч.Сансар

Зах зээлийн судалгааны Rho Motion фирмийн мэдээлснээр өнгөрсөн сард цахилгаан машин болон гибрид автомашины борлуулалт дэлхийд 20%-иар өссөн байна.

Борлуулалтын өсөлтөд голдуу Хойд Америк болон Хятадын эрэлт нөлөөлсөн бөгөөд энэ нь Европ дахь   борлуулалтыг нэмэгдүүлсэн гэж Ройтерс мэдээлэв.

Сард 1.4 сая автомашин борлуулж,  дээд амжилт тогтоосон гэж тайланд дурджээ. Энэ тоо өмнөх  оны  мөн үед зарагдсан 1.1 сая цахилгаан машинтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Мэдээллийн ажилтан Чарльз Лестер Ройтерс агентлагт "Борлуулалт өссөөр байгаа бөгөөд 12 дугаар сард борлуулалт өндөр хэвээр байна  гэж бид найдаж байна." гэж хэлжээ.

Rho Motion-ийн мэдээлснээр 11 дүгээр сард дэлхийд цахилгаан батарей бүхий автомашин нийт борлуулалтын 70%-ийг эзэлж, үлдсэн 30%-ийг гибрид цахилгаан тээврийн хэрэгсэл эзэлж байна.

Хятадын борлуулалт 25%-иар өссөн бол АНУ, Канад дахь борлуулалт ч мөн мэдэгдэхүйц нэмэгдэж, 43%-иар өссөн байна. Харин Европт борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3%-иар буурсан байна.

Сүүлийн үед Европын цахилгаан автомашины борлуулалт буурсан нь 2022 оны сүүлээр ялангуяа Германд худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой гэж Rho Motion компани тайлбарлаж байна. Энэхүү өсөлт нь Засгийн газрын татаас дуусахаас өмнө хэрэглэгчид цахилгаан машин олноор худалдаж авсантай холбоотой юм.

Герман улс цахилгаан автомашины татаасаа зогсоож, Франц улс Европт үйлдвэрлэсэн цахилгаан автомашины урамшуулалд өөрчлөлт оруулсан хэдий ч Европ дахь борлуулалт тогтвортой хэвээр байх төлөвтэй байна гэж Лестер тайлбарлав.

Энэ нь автомашин үйлдвэрлэгчид утааны ялгаруулалтыг багасгах хатуу шаардлагыг биелүүлэх гэж шаргуу ажиллаж байгаатай холбоотой юм.

Эх сурвалж: oilprice.com