Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Саудын Араб энэ онд хөрөнгө оруулагчдад 30 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Ч.Сансар


Риад, 1 дүгээр сарын 10 (Ройтерс) - Саудын Араб ашигт малтмалын хайгуулыг дэмжих зорилгоор 182 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтан 1 дүгээр сарын 10-нд мэдэгдлээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь газрын тосноос хэт хамааралтай байгаа эдийн засгаа төрөлжүүлэхэд оршиж байгаа юм.

Саудын Араб уул уурхайн салбараа хөгжүүлж, фосфат, алт, зэс, бокситын асар их нөөцийг ашиглахыг эрмэлзэж байна.
“Энэхүү хөтөлбөр нь хайгуулын хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж, шинэ түүхий эд олборлох,    төсөл хөтөлбөр шинээр хэрэгжүүлэх, уул уурхайн шинэ боломж компаниудад  олгохыг зорьж байна” гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Бандар Алхораеф “Ирээдүйн эрдэс баялгийн форум”-д оролцох үеэр хэллээ.

Энэ долоо хоногт болж буй форумын үед Эр-Рияд хотод нийт 20 тэрбум ам.долларын гэрээ хэлцлүүд байгуулна гэж тэрбээр нэмж хэллээ.
Дэлхийн газрын тосны тэргүүн экспортлогч Саудын Араб нь эдийн засгийн хөгжлийн "Алсын хараа 2030" төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төлөвлөгөө нь эдийн засгийн бусад салбаруудаа төрөлжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, аж үйлдвэр, уул уурхайн салбараа түлхүү хөгжүүлэх зорилготой.

 

Саудын Араб ашигт малтмалын хайгуулын ажилд 182 сая ам.доллар төсөвлөжээ

Одоогийн байдлаар Саудын Арабын ашигт малтмалын нийт нөөц 2.5 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь 2016 онд 1.3 их наяд ам.долларын нөөцтэй  хэмээн таамаглаж байснаас өссөн үзүүлэлт юм.

Олон нийтийн хөрөнгө оруулалтын сан (PIF) нь Саудын Арабын төрийн баялгийн сан бөгөөд тус улсын уул уурхайн шилдэг компани болох Ma'aden-ы 67%-ийг эзэмшдэг. Ma'aden компани уул уурхайн салбарыг дотооддоо хөгжүүлэх, мөн гадаадад хөрөнгө оруулалт хийх чиглэлээр тэргүүлдэг.

"Бид дэлхийн хамгийн том хайгуулын төсөл хэрэгжүүлж байна.  Зөвхөн ашигт малтмалыг олборлох төдийгүй дата мэдээлэл  цуглуулахад анхаарлаа хандуулдаг" гэж PIF-ийн захирагч Ясир Аль Румайян форумын үеэр тавьсан илтгэлдээ дурджээ.
Үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох дөрөвдүгээр ээлжийн давуу эрх бүхий тендерт оролцогчдын жагсаалтыг зарлалаа.

Саудын Араб энэ онд олон улсын хөрөнгө оруулагчдад 30 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа бөгөөд лиценз тус бүрдээ 2000 гаруй км хайгуулын талбай санал болгоно.

Эх сурвалж: Reuters